Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Буруу байрлалтай суух нь нас богиносгодог

Эрүүл амьдралын хэв маягийн талаарх судалгаануудын дийлэнх нь дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх дээр суурилсан байдаг. Харин хүн амрахдаа яаж, ямар байрлалаар суухаас шалтгаалж эрүүл мэндийн үзүүлэлт нь өөр байдаг талаар нэгэн сонирхолтой судалгаа гарчээ.

Яагаад суух байрлалд ач холбогдол өгөх ёстой вэ?

Өдөр тутамдаа хэчнээн дасгал хийсэн ч удаан хугацаагаар сандал дээрээ сууж өнгөрүүлдэг зуршил бүх хөдөлмөрийг тань нурааж цаашлаад бүр амьдрах наснаас тань хумсалсаар байдаг гэвэл итгэх үү? Уг асуудлын талаар АНУ-ийн эрдэм шинжилгээний баг Танзани улсын хойд зүгт байрлах Хадза омгийнхныг судлахаар замдаа гарчээ. Тус омгийнхны зүрх судасны болон бусад өвчнөөр өвдөх нь өндөр хөгжилтэй орны иргэдийг бодвол харьцангуй бага бөгөөд шалтгааныг нь тайлахаар тэд зорьсон байна. Хадзачууд одоог хүртэл ан гөрөө хийдэг цөөн хэдэн иргэншлүүдийн нэг юм.

Тиймээс биеийн хүчний ажил бол тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг мөн. Өндөр хөгжилтэй орны хүмүүсээс илүү эрүүл байгаагийн шалтгаан нь энэ биз гэж бодож байвал та түр азнаарай. Судлаачид тэдний эрүүл байдаг хамгийн гол шалтгаан нь ямар байдлаар, хэрхэн амардагтай нь холбоотой гэдгийг анзаарчээ. Ингээд тус омгоос нийт 28 эрэгтэй болон эмэгтэйг хамруулан нэг долоо хоногийн турш өдөрт дунджаар хэдэн цагийг амралтад зориулж буйг, хэр ойрхон суултын горимоос босох гүйх зэргүүд рүү шилжиж байгааг нь нарийн тэмдэглэн авчээ.

Үр дүн нь судалгааны багийнхныг гайхшруулсан байна. Хадзачууд АНУ, Нидерланд, Австрали зэрэг орны хүмүүсийн адил өдөрт 10 хүртэл цаг амардаг болж таарчээ. Түүнчлэн суухаас босох уруу шилжих тоо нь өдөрт дунджаар 50 удаа байсан бөгөөд мөн л европчуудынхтай адил байсан юм. Гэсэн ч тус омгийнхны цусны үзүүлэлт, даралт зэрэг нь хамаагүй эрүүл байсан бөгөөд дээр дурдсан триглицерид буюу өөхний хэмжээ нь харьцангуй бага гарчээ. Харьцуулалтын явцад нэг зүйл өөр байсан нь Хадзачуудын булчингийн ажиллагаа хөгжил өндөр улсын иргэдийг бодвол илүү идэвхтэй байсан юм. Омгийнхон сүүдэр бараадан амрахдаа “squat” суулт буюу улаараа газар тулан өгзөг хэсгээ өсгийндөө хүргэх байдлаар суудаг байжээ. Энэ нь сандал, газар дээр сууснаас бүр эсхүл хөнгөн дасгал хийснээс таваас арав дахин илүү булчинг ажиллуулж идэвхтэй байлгахад тусалдаг байна.

Тэгвэл бид бүр мөсөн сандал дээр суухаас татгалзах ёстой юу?

Судлаачид хүмүүсийг даруй суухаа болихыг зөвлөсөнгүй. Оронд нь амрах хугацаагаа багасгаж бага багаар “squat” суултыг биедээ дасгахыг санал болгожээ. Тиймээс ядаж л амралтын өдрөөр диван дээрээ тухлаад Netflix- ээ үзэхдээ ойр ойрхон босож булчингаа ажиллуулахаа бүү мартаарай. Таны зүрх танд талархах болно.

Судалгаагаар батлагдсан: Буруу байрлалтай суух нь таны насыг богиносгодог (фото 1)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *