Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхэд гадаадад давуу эрхтэй суралцана

Шог зураач С.ЦОГТБАЯР

Зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхэд гадаадад давуу эрхтэй тэтгэлгээр суралцдаг тийм нийгэм бий болж байгааг шулуухан нотолъё. 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөр зарлагджээ. Хамгийн гол нь энэ тэтгэлэгт хамрагдах иргэн заавал МАН-ын гишүүн, МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг, тус намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын ажлын талаар мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг албан ёсоор тавьжээ. Мөн дээр нь намын ахмад гишүүн, эсвэл намаас төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нар хамрагдахыг заасан байна. Аав ээж, эмээ өвөөгийнхөө МАН-д зүтгэж явсныг нотлох баримт, гавьяа шагналын хуулбарыг хавсаргах ёстой гэнэ. Нэг намын систем устаж үгүй болсон хэмээн 30 жил бодож явсны эцэст ийм юм сонсдог юм байж.

Гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг БШУЯ зарладаг ч эрх баригч МАН-ын төв аппаратын зүгээс Тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шаардлагуудыг өөрчилсөн байна. Яамны зүгээс басчиг журам боловсруулжээ. Түүндээ тэтгэлэгт хамрагдагчийн голч дүн, тухайн мэргэжлээр суралцсан байдал, хятад, англи хэлээр эссэ бичсэн байх гэхчлэн орж. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бүгдийг өөр дээрээ татан авч, тэтгэлгийн журмыг нам дээр боловсруулсан байна. Энэ байдлаа тайлбарласан нь үнэхээр нэг намын тогтолцоонд Монгол Улс эргээд шилжсэнийг илэрхийлнэ. Түүний тайлбар нь, “МАН-ын зүгээс ХКН-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүн дотор наад тэтгэлэгт хөтөлбөр чинь багтсан байгаа. Тийм болохоор БШУЯ үүнд ямарч хамаагүй, намын зүгээс МАН-ын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх ахмадын байгууллагаар дамжуулан үр хүүхэд, ач зээ нарыг нь сургана. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын гишүүдийг сургахаар хоёр тал тохирсон. Тийм болохоор Хятадын талд тэтгэлгээр суралцах бүх хүмүүсийг зөвхөн МАН л мэднэ” гэжээ. Хуучин нийгмийн үед гадаадад сурдаг оюутнуудыг ямар шалгуураар явуулдаг байсныг түрүү үеийнхэн мэднэ. Тэгвэл тэр систем чинь эргээд ирждээ.

Гадаадад тэтгэлгээр суралцах асуудал ганц Хятадаар хязгаарлагдахгүй гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас онцолсон байна. Тэрээр “МАН-ын зүгээс Хятад, Герман, Австрали, Турк… зэрэг өндөр хөгжилтэй арав гаруй орны эрх баригч намтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эдгээр орны Их, дээд сургуулиудад зөвхөн МАН-ын гишүүн болон гишүүдийн хүүхдүүд тэтгэлгээр суралцана. Энэ нь намын бүх шатны боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, намын гишүүдийн мэдлэг боловсролыг барууны стандартад нийцүүлэх, намын залгамж чанараа хадгалах, намын зүгээс улс орны хөгжилд үнэ цэнэтэй залуусыг бэлтгэн гаргахад оршино” хэмээн тайлбарлажээ. Соц нийгмийн үеийн МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны илтгэлийг уншиж, сонсоод байгаа юм шиг та бүхэнд санагдахгүй байна уу.

2016 оны сонгуулийн дараагаас эхлээд Засаглалын бүх эрх мэдэл, шат бүхэндээ МАН-ын гарт төвлөрсөн. Нам төвтэй төрийн эрх мэдлийн төвлөрөл газар авсаар байгаагийн нэг жишээ нь энэхүү гадаадад оюутан суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг МАН-ын төв аппарат өөр дээрээ авснаар илэрч байна. Өөр төрийн бүтцийн ямар эрх мэдэл, төсөл хөтөлбөрүүдийг МАН-ын төв аппарат мэдэж шийддэг болж байгааг бид мэдэхгүй. Лав л сүүлд олж мэдсэн нь энэ байна. Одоо тэгэхээр сая нэр дурдагдсан 10 орны Их, дээд сургуулиудад Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцах оюутан залуус зөвхөн МАН-ын гишүүн байх, тус намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүд, эсвэл ээж аав, эмээ өвөө нь МАН-ын зүтгэлтнүүд байх шаардлагатай болж таарлаа. Үүнийгээ бүр албан ёсны болгож, дүрэм журамд оруулав.

Үүгээр ч зогсохгүй айхавтар зүйлсийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан яриад эхэлсэн. Тэрбээр “Цаашид бид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад эдгээр Их, дээд сургуулиудын тэтгэлгээс гадна Олон улсын байгууллагуудын шугамаар ирж байгаа өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгоно” гэжээ. Монголд ирж байгаа Олон улсын хөтөлбөрүүд, тэтгэлэг, зээл тусламж бүхэн зөвхөн МАН-ын гишүүдэд зориулагдана гэж ойлголоо. Энэ одоо юу болоод байна. “Нам дагавал ам тосдоно” гэсэн МАН-ын үзэл суртал уу. Залуу үеийнхний дунд “Зөвхөн МАН-д гишүүнээр элсэж байж гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах юм байна” гэсэн ойлголт, үзэл бодлын тулгалт уу. “Насны минь эцэст нам засаг минь тэжээнэ” гэсэн хуучин нийгмийн үзэл суртлын машин ажиллаад эхэлсэн нь энэ үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээндээ “Өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жил эхлүүлэхийг хүсч байна” гэж хэлсэн нь биеллээ олж байгаа нь энэ үү.

Лав л МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эдгээр үгс иргэдээ үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болон уншигдаж байна. МАН-ын батлахтай хүмүүст боломж олдоно, МАН-д элсээгүй хүнд юу ч олдохгүй гэсэн доромжлол үнэртэж байна. МАН-ын батлахгүй иргэн та эрдэм боловсролтой, ажил орлоготой болж чадахгүй, үр хүүхэд, ач зээ нар чинь бүр ч чадахгүй гэсэн МАН-ын дарангуйлал, доромжлолтой ард түмэн эвлэрмээргүй байна.

Бид нэг намтай нийгэмд 70 жил амьдарсан. Тэр нийгэмд сайхан юм юу байсан юм бэ. Англи, Америк, Япон гэдэг бол харь гариг мэт сонсогддог байсан нь 30-хан жилийн өмнө шүү дээ. Ардчиллын буянаар Америк, Японд үр хүүхэд, ач зээгээ сургаж боловсруулж, тэр орныхоо сайн сайхны үрээр насны бөгсөнд жаргаж суугаа өвгөн коммунистууд одоо мөрөөрөө суух цаг болсон. Дэмий чалчилгүй мөрөөрөө сууцгаах нь тэдний үр хүүхдэдээ үлдээх буян гэж хэлмээр цаг үе иржээ. Ийм л муу удам Монгол төрийн толгойд бугшсан хэвээр байгаа нь Монголын ирээдүйг хорлож байна. 1992 оноос эхлэн парламентад суусан МАН /хуучин МАХН/-ын бүх гишүүдийн үр хүүхдүүд, ач зээ нар гадаадын Их, дээд сургуульд улсын болоод гадаадын тэтгэлгээр сурсан байдаг юм. Ардын хүүхдүүдийн боломжийг насан туршдаа хулгайлж ирсэн энэ нам залгамж чанараа хадгалж, улам лавшруулж байгаа нь дотор муухайруулж байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд хамгийн их боломжийг хулгайлсан МАН-ын хулгайч нар нэг хэсэгтээ жаахан жолоогоо татах маягтай болж ирснээ эргээд сэргэж эхэлсэн нь гунигтай. Сэргэх сэргэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлдаг ажлаа сэргээсэн нь энэ цаг үеийн гутамшиг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.2-т …хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно… гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдөр МАН-ын зүгээс Монголын боловсролын системийг эвдэж, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зөвхөн МАН-ын гишүүдэд зориулан өөрчилсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл боллоо. “Монголын хүүхэд залуусыг үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлаж, ард түмнээ алагчилсан, намаар дамжуулан иргэдийн амь, амьдралыг барьцаалсан харгис үйлдэл боллоо” гэж судлаачид бичиж байна. Эрх баригч МАН-ын энэ их эрдсэн, бярдсан, дээрэнгүй үйлдлүүд ард түмнээ босгочих вий дээ! Холын хорт үр дагавар их шүү. АН засгийн эрхэнд гарлаа гэхэд АН-ын гишүүд л Америк, Англи, Японд тэтгэлгээр суралцах ёстой болох юм уу. Ийм тогтолцоог хүсээд байгаа юм уу.

Хятадын Засгийн газрын тэтгэлгээр урд хөршид 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах 64 иргэний нэрсийг харахад бүгд МАН-ын гишүүд байна. Энэ шударга ёс уу. Бодит үнэн ийм л байна даа, МАН-ыг сонгосон олон түмэн минь ээ…

Б.НЯМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *