Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 4-ний өдрөөс эхэлж, амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харъяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхэлсэн билээ.
Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226,3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км буюу 318 км-ээр дөт болж, түүхий эд, бараа материалыг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал буурч, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болон хэрэгжих юм.