Categories
мэдээ цаг-үе

Зуун настай сэтгүүлч

Эдүгээ 100 насны босго алхаж буй нэрт сэтгүүлч, гавьяат Ж.Ядмаагийн тухай СГЗ зохиолч Дамдины Жамьянгийн бичсэн туурвилыг хүргэе. “Улаан од” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Жавзангийн Ядмаа 16 насандаа багш бэлтгэх зургаан сарын курст суралцаж, дараа нь бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн домогт түүхт нэгэн билээ.


Зуун настай сэтгүүлчийн намтар 100 жилийн явдал суудлыг агуулна. Ялангуяа сэтгүүлчийн ажил мэргэжил гэгч юутай агуу, юутай нүсэр билээ. Ингэж бодоод энэхүү эссэ нийтлэлийг эхлэх үед Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Ховдын хорооны шуудуу татаж, улиас тарьсан хашаанд цэрэг амьдралын цаг хугацаа эгшиглээд, нүдэнд харагдаад ирэв. Жагсаалын бүрээнээр анги нэгдсэн хойно хоёр төө өндөр саарал папах малгайтай, улаан цэргийн домогт дарга нар шиг сүр жавхлантай тэнхлүүн том хурандаа надтай гар барьсан нь “Улаан од” сонины эрхлэгч Жавзангийн Ядмаа абугай билээ. Тэрбээр намайг анх харж, би түүнийг бишрэн ёсолсон юм. “Чи нөгөө манай идэвхтэн бичигч Жамьян шив дээ, бичээд байгаарай, оны шагналтан минь” гэсэн сэн. Тэгэхэд би зүрхээ яаж догдлохыг мэдэрч бас барьц алдаж, яагаад ч юм “Мэдлээ, гүйцэтгэе” гэж тангараг өргөх адил хэлж, өчигдөрхөн тэрлэсэн “Улиасхан минь чи ургасаар бай даа” гэсэн нэгэн мөрийг санасан юм.

Үүрийн цолмон тэргүүнд нь гялалздаг Ямаат улаан уулын бардам тэнүүн оргил догдолсон надад хурандаа Ядмаатай адилхан харагдаж, саявтар Да.Дамдиндорж сэтгүүлчээс хүлээн авсан захидлын хариуд “Би алтайн ууланд өссөн, зохиол бичих сонирхолтой, зураг зурдаг” гэж биеэ тоосон захидал явуулсандаа гэмших шиг болж байлаа. Нэгэн өдрийн жагсаал, цэргүүдийн “бакаал”-ын чимээ, яамнаас яваа шалгалтын дарга нар, Ховдын хорооны штабын дан цагаан байшин, дуут хайрхан уулс намайг тойрон баярлах мэт сэтгэгдэл төрснийг совин билиг гэж бодъё.

Хурандаа Ж.Ядмаа абугайг дайны жилийн эр цэрэг гэж бодохуйяа ирэх он цагийн зөн совингоос гадна морин цэргийн тоосон дундаас түүний цээлхэн сэтгэл, том алхаа, ноён нуруу тодорч Сулинхээрийн аян дайны бүрээ сонсогдов. Саяхан ангийн клубт дайнд оролцож явснаа тэрбээр өгүүлсэн юм. Япончууд 1933 оноос Зүүн хойт Хятад, Манжуур, Өвөр Монголыг эзлэн түрэмгийлж дайнд санаархсан нь Ар Монголыг эрхшээх бодлого байсныг отрядын дайчид мэдэж байлаа. Олон жилийн хойно 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сулинхээрийн 470 хүнтэй байлдааны хээрийн бүлэг байгуулагдаж, тэр бүлгийн штабын даргаар Ж.Ядмаа томилогдон өмнийн уудам тал хээрийн нутагт байлдааны ажиллагааг удирдах ариун үүрэг хүлээжээ. Ариун гэдэг нь чөлөөлөх дайны утга агуулга байсан юм. Ж.Ядмаа 25 настай, хилийн Дэл дуулганатын Заставын дарга байж таван жилийг хил дээр өнгөрөөсөн, багагүй хатуужил суусан, итгэгдсэн шударга хилчин офицер болжээ.

Монголын хилийн цаана нутгийн урвагчид, Японы тагнуул, хорлон сүйтгэгчдийн бүлэг нуугдаж, нууцаар үйл ажиллагаа идэвхтэй явуулж байлаа. Мөн Монгол нутгаасаа дүрвэж нүүсэн айлууд ямар ч хуйвалдааны золиос болоход бэлэн байгааг манай тагнуулчид мэдээлж, маш их мэдээлэл Сулинхээрийн отрядын штабт бөөгнөрсөн зэргийг Ж.Ядмаа багцлан нягталж, газрын баримжаа, худаг ус, сүм хийд, эрэг ганга, нууцлаг толгод, агт морьдын байрлал, хүн хүчний дайчилгаа мэтийг газрын зурагт оруулж цүнхэлжээ.Хамгийн хэцүү хүнд цагт маршал Х.Чойбалсангийн өмнө дэлгээтэй байсан газрын зураг дээр дайны чиглэл заадаг улаан харандаа Сулинхээрийн хээрийн бүлгийн удирдагч, дэслэгч Ядмаагийн дайчин нөхдийг онож заав. Монгол Улсын дархан хилийг давах тушаалыг хээрийн бүлгийн дарга дэслэгч Ж.Ядмаа маршалын заасан улаан сумтай эн сацуу дайчин эрсдээ өгчээ. Түүний хоолой цээл, зориг чанга, зэвсэг бүрэн байлаа. Цаана нь Монгол Улс байсан юм. Нүдний хараанд Замын-Үүд, Сулинхээрийн хармаг бут, элсэрхэг хөндий хоолой, дайнд үдэж буй ар гэрийнхэн үзэгдэнэ. Хань Сэрээнэн нь охин Мядагмаатайгаа зогсож байлаа. Штабын дарга Ядмаа “Зэрэгц дундаа! Бууны хоолойд сум хий, мориндоо! Эх орныхоо торгон хилийн зүг алхаад марш!” хэмээн тушаахад бууны замаг нэг зэрэг шархийж, дөрөө ханхийж, гөлөм дэрхийж үдэгсдийн царайд гүнзгий тэвчээр тодорчээ. Морьдын туурайд намрын цагаан тоос босож, хармагийн бутанд цэнхэр жимс бөндийн байснаа газар өнхөрч, хилчдийн зүрхний гүнд нутаг усаа хамгаалах, тусгаар тогтнолоо бэхжүүлэх үзэл санааны гал асаж явав.

Штабын дарга Ж.Ядмаагийн удирдсан бүлэг хилийн цаана удтал бугшиж байсан Японы хорлон сүйтгэх бүлгийг юуны өмнө мөшгин, Өвөр Монголын сайн санаат ард иргэдээс мэдээлэл цуглуулж шөнө, өдөргүй нойр хоолгүй явсаны хүчинд тэднийг илрүүлэн устгахаар бүсэлжээ. Гэвч Японы талаас эсэргүүцэн тулалдаж, урвагчдыг ашиглан байлдах болов. Өргөн уудам тал нутагт цэргээ тараан байрлуулж, чиглэл бүрт эргүүл, толгойн сэргийлэх, мэдээч байрлуулж байв. Ж.Ядмаа японы хорлон сүйтгэх бүлгийн ахлагчийг амьдаар барихыг зорив. Ганц гэрийн арын жалганаас буудаж байсан тагнуулыг устгаад газрын бартаа ашиглан гэрийн хаяанд хүрэх үед дайсны гранат Ж.Ядмаагийн хажууханд газар өнхөрлөө. Өнхөрсөн гранатыг Ж.Ядмаа хором алдалгүй атгаж аваад эргүүлж шидэв. Гранат дэлбэрч дайсан этгээд үхлийн шарх авлаа. Хэрэв гранат Ж.Ядмаагийн гарт дэлбэрсэн бол, эс бөгөөс түүнийг шидэх үед тэсэрсэн бол хилчин эр алтан амиа алдах байлаа. Үхлийн зэвсэг эзэнтэйгээ цуг төгсөн жаргах нарны туяан дор хилчин цэргүүд сүм дацанг нэгжин япончуудын илд, буу, архи, тамхи, давсалсан загас мэтийг бөөгнүүлэн гоминданы намын цэргүүд Мао Цзе Дуны коммунист цэргүүдтэй ээлжлэн учирч, цэвэрлэгдсэн хязгаар нутагт соёмбот туг намирлаа. Харийн нутагт залхталаа амьдарсан нүүдэлчид эх орныхоо зүг нүүлээ. Даалгавар биелүүлж асан монголчууд тээнэгэлзэнгүй нүүхэд дэслэгч Ж.Ядмаа тэдэнд боломж байгааг сэнхрүүлэн ятгаж, үнэмлэх бичиг шийтгэн олгож байлдааны бэхлэлтэд харуулд авчээ. Ийнхүү дайны гал утаанд явснаа хурандаа Ж.Ядмаа уулзалтад өгүүлсэн боловч шагналын тухай огт яриагүй үлдээснийг миний бие хожим мэдэж билээ.

Сэтгүүлч, хурандаа өнөөдөр 100 насны цадиг түүх бүтээлээ. Чөлөөлөх байлдааны дараа түүнд БНМАУ-ын баатар цол олгохоор тодорхойлсон тодорхойлолт архивт үлдэж тухайн үед Ж.Ядмаа “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулжээ. Гарт нь тэсрээгүй гранат дайсанд үхлийн гал болсон атал эрэлхэг зориг, авхаалж самбаа, эх оронч сэтгэлийн үнэлгээ нь зөвхөн одонгоор эцэслэсэн ажээ. Цагийн салхи түүний гавьяаг бөхөөгөөгүй байна. Гавьяат үйлс бол тэргэл саран мэт мандсаар байдаг. Мөнхийн цагаан уул цэцэгс уул толгод, тал хээрийн аглагт дөрвөн улирлын турш ургадаг Архангай нутаг нь Ж.Ядмаагаа мартаагүй нь сэтгүүлчийн буян юм.Хурандаа Ж.Ядмаа ахмад хилчин, хүндэт чекист, нэрт сэтгүүлч, дайнд оролцогчдын холбоо, байгууллага, эвслийн тэргүүлэгч гишүүн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн билээ.Нутаг зүгийн салхи нь хөвүүнээ санан, нийслэл хотын дээгүүр салхилж өнгөрөхөд хурандаагийн бэтгэрсэн зүрхэнд юуны түрүүнд ижий нь бууна. Түүний ээж Жавзан нь 1932 оны эсэргүүний үймээн дунд гэв гэнэт өөд болжээ. Буу шийдэм барьж давхилдан нутгийн иргэдийг айлган цочоож явсан хувьсгалын эсэргүү бүлгийн буун дуу, хэнгэрэг цангийн дэлдээн, үхлийн аюул дуудсан хашгираандЖавзан тэссэнгүй. Ямар гээчийн ёр Цэцэрлэг сумын нутгаар далавчлан нисэж, ариухан сэтгэлт эхийг нь хөнөөгөөд хөөрхий Ж.Ядмаа хөвүүн орь ганцаар үлдсэн юм бол.

Бослого дарагдаж хамаатан садангийнхаа айл хунараар амьдарч явсаар бичиг сурч, 16 насандаа багш бэлтгэх зургаан сарын курст суралцаж, дараа нь бага ангийн багш, ХЗЭ-ийн үүрийн дарга болсон нь Ж.Ядмаад шинэ цагийн боловсрол олж, өсч торниход тус болжээ. Тэр битгий хэл Ю.Цэдэнбал даргатай уулзаж, суртал ухуулгын ажил хийж яваагаа таниулж, гурил будаа, цай даалимба тээдэг жингийн цуваанд Хөвсгөлийн Хатгалга орж, мэлтийсэн далай харж Ж.Ядмаа нүд нээжээ.Хүрээ хийдийн газар тэрбээр шавилж байсангүй. 1940 онд цэрэгт дайчлагдан татагдаж Сулинхээрийн Дэл дуулганатын заставт цэрэг, бага дарга, дараа нь офицерын курст суралцаж заставын дарга болсон агаад Ж.Ядмаагийн амьдралын замд эргэлт гарав. Өмнийн хил дээр алба хаасан нь Ж.Ядмаагийн амьдралын түүхийг эргүүлж, Чөлөөлөх дайны дараа сонин хэвлэлийн албанд шилжиж, Москвад курс хийж, орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэн яван явсаар цэргийн төв хэвлэлийг олон жил удирдаж, улмаар тэтгэвэрт гарчээ. Дэлхийн II дайны он жилүүдэд хилчин офицерууд нэг өдрийн цалингаа фронтод хандивлаж сэтгэлийн угаас туслахаар чармайж байсныг өвгөн буурал хурандаа үл мартмуй. Түүний залуугаасаа нөхөрлөж явсан генерал Ж.Цэнд-Аюуш, С.Гомбосүрэн элчин сайд С.Дамбадаржаа, ардын зураач А.Сэнгэцохио нарын өчнөөн анд нөхөд нь тоост хорвоогоос алсад оджээ.

Ж.Ядмаа абугайн оюун санаанд дайн, байлдааны бэрх өдрүүд, хүйтэн жавар, халуун нартай хээрийн полигон, ялалтын дарстай хундага, олон улсын армийн тамирчдын цугларалт, сэтгүүлчийн жирийн бус хүнд хөдөлмөр үлджээ. Бичгийн эрдэмд хичээн суралцаж их сургуулийн диплом өвөрлөж, цэргийн хэвлэлүүдэд 30 жилийн хөдөлмөрөө үлдээсэн Ж.Ядмаа гуай маань 10-аад ном туурвиж, 2200 гаруй тэмдэглэл, найруулал, нийтлэлээ ах дүү армиудын сонин хэвлэлд бичиж үлдээсэн сэтгүүлч. Тэрбээр өөрөө амьд түүх юм. Би Ямаат улаан уулынхаа гүн үрчлээт магнайг харж зогсохдоо “Ядмаа хурандаад баяртай” гэж хэлье хэмээн бодсон ч “АН-24” онгоц газардаж, яамны шалгалтынхан, ангийн дарга нар буудал руу явж билээ. Хэдхэн жилийн дараа Цэргийн хэвлэх үйлдвэрийн гурван давхарт хурандаагийн албаны өрөөнд магнайгаа хагартал баярлахаа тэгэхэд яахан төсөөлөх билээ. -Хэзээ ирэв? -Өчигдөр. -Ямар ажлаар явна? -Хүүгээ санаад чөлөөгөөр ирлээ. Ийм яриа болж хурандаа Ж.Ядмаа, Да.Дамдиндорж хоёрт ажил, амьдралын тухай, уран бүтээл хийх тухай бодол, санаагаа хэллээ. Цонхоор цас будрахыг харж нэлээд азнасны эцэст Ж.Ядмаа хурандаа ам нээж, -Манайд нэг сурвалжлагчийн орон тоо сая батлагдсан. Энэ нөхрийг авчихвал яасан юм гэж сонины нарийн бичгийн дарга Да.Дамдиндоржоос асуух байдалтай хэлэхэд тэрээр, -Тэгье. Яг тохирох офицер гэлээ. -Лхагва гаригт яамны коллеги хуралдана. Тэр хурлаар оруулж батлуулъя хэмээн Ж.Ядмаа хэлэв. Би “баярлалаа” гэхээс өөр үг хэлсэнгүй. Өвлийн дун цагаан өдөр Алтайн их уулсын зүгээс будан татаж, сэтгэлээ барьж ядан Ногоон нуурын хонхорт байдаг өвгөн эцгийндээ очив.

Ингээд Ж.Ядмаа хурандаагийн “гал тогоонд” ороод ирлээ. Сонины сигнал унших, сурвалжлага хийх, идэвхтэн бичигчдийн мэдээ, материалтай ажиллах гээд дур хүслийнхээ ажилд зүтгэлээ. Хэд хоногийн дараа армийн ангиудын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинын буланд болж би хурандаагийн “УАЗ-69” машинд явлаа. Хурандаа сайхан буурал захтай зузаан пельниктэй, мөнөөх хоёр төө өндөр папах малгайгаа чихээ тултал угласан нь нэлэнхүй каракул тул үнэтэй соргог харагдана.-Олон хөлийн газар мэдээж сурвалжлага мэдээгээ олоод авчихна биз. Харин хаа нэгтэйгээс бор ходоодоо бордоорой. Ичиж эрээлэх юмгүй хоолоо олж идэх хэрэгтэй шүү гэж захисан.

Миний сэтгүүлчийн ажил хоолоо олж идэхээс эхэлсэн гэж болно. Хурандаад олон ч удаа магтуулж, олон ч удаа зэмлүүлж явсан. Сонины сурвалжлагч болсныхоо дараа хоёр сар болоод томилолтоор өөрийн батарейнд очвоос жагсаалын даргын буруугаас цэргийн амь эрсдэж, золбоолог офицер Дашцэрэн маань гэмтэн болчихсон байв. Болсон явдалд хурандаа Ж.Ядмаа ихэд харамсаж билээ. Намайг аз дайрсан ч гэж одоо хэр нь нөхрийн төлөө харамсдаг. Харин хүний буян, худгийн ус хоёр хэмжээтэй гэж санагдсан. Ж.Ядмаа хурандаа 1978 онд тэтгэвэрт гарч “Улаан од” сонины уран бүтээлийн лаборатори шинэчлэгдэж, бичлэгийн уран чадвар, цэргийн хэлмэгдлийн нууц задарч эхлэв. Би тэр үед 22 дугаар хорооны гунигт түүхээс сэдэвлэн “Шинельтэй хүмүүс” роман бичиж байв. Хурандаагийн заасан зам тийшээ хөтлөв.Хурандаа Ж.Ядмаа бол яндашгүй баялаг намтартай, хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй, эрийн мөс жудаг сайтай, ханхар сайхан хүн билээ. Хорин жил Жанжин туг залж, бунхант индрийн өмнүүр парадын манлайд Ж.Ядмаа алхсан байна. Жанжин тугийг хамгийн итгэлтэй, эх оронч, гуйвшгүй зан чанартай, шилдэг офицер өргөдөг. Хэнийг сонгож, хэнээр туг залуулж Төрийн сүлдний өмнүүр алхуулахыг дотоодыг хамгаалах байгууллага шийдвэрлэдэг байсныг Ж.Ядмаа хурандаа мэдэвч тангарагаа биелүүлж байна гэж бодсоор иржээ.

Шонхорууд тулалдаанд түрүүлж нисдэг хэмээх дайны хууль үнэн юм билээ. Эх орон баатар хөвгүүнээ таньж. Жанжин тугч болгосон ажээ.Ж.Ядмаагийн баатарлаг дүр төрх, амьдрал, уран бүтээлийн дайчин замнал “Улаан од” хэмээн түүхийн баринтагт мөнх үлдэж, цэргийн сэтгүүлчийн өнө удаан жилийн хөдөлмөр зүтгэлийг зуун дамжсан зузаан хуудаснаас уншиж болно. Эх нь амьд ахуйдаа Ж.Ядмааг “Ном сураарай, Гүнд багшийн шавь болоорой” гэж захисан нь хүний ганц хүүгийн хувь төөрөг байжээ. Ээжээс нь хойш Гүнд багш Ж.Ядмааг бичиг үсэгт сургаж, оюун санааг нь нээж өгчээ. Бичиг сурсан цагаасаа хойш Ж.Ядмаа өдий хүртэл ном эрдэмд суралцсаар 100 насны босгоор алхаж буй. Тэрээр социалист, капиталист ертөнцийн нүүрийг үзэж зуун насны зургаадай таяг тулвай.

Ж.Ядмаа абугай тэртээ 1920 оны төмөр бичин жилд Богд хаант Монгол Улсын Сайн ноён аймгийн Мэргэн гүний хошуу (одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг сум) Дэл хэмээх газар төрсөн бөгөөд 2019 оны шороон гахай жилд 100 насны босго алхана гэж Л.Тэрбишийн монгол зурхайн цаг тооны бичигт зуржээ. Түүний төрх байдал хорвоог элээж яваа хүний шинжтэй атлаа ухаан санаа нь цэцэн цэлмэг, он жилүүдийн үйл явдлыг яг таг тоочих нь гаргууд, ямар гайхмаар ой ухаан бэ? Сэтгүүлч Ж.Ядмаагийн 100 нас бол Нобелийн шагналт Г.Маркес зохиолчийн бичсэнээр 100 жилийн ганцаардал, аз жаргал, зол баяр, зовлон гуниг, дахин давтагдашгүй түүх авай. Эцсийн эцэст хүнлэг чанараар дэндүү цатгалан амьдарсан зуун настай сэтгүүлч Ж.Ядмаа абугайн дотоод ертөнц улаан өнгөтэй ажаам. Түүний зүс царай, ажилласан сонин нь улаан тодотголтой агаад улаан өнгө болбоос зориг баатарлаг, золбоо хийморийг илтгэнэ. Мөн улаан өнгөний нууц нь мохож цуцдаггүй зан чанартай Жавзангийн Ядмаа шиг хүнд оршин байдгийг сэтгэл зүйчийн адил тэмдэглэе.

Д.ЖАМЬЯН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *