Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зүүн хойд Азийн том орнууд Монголоос эрчим хүч авна гэцгээв

Зүүн хойд Азийн аварга зах зээлүүд Монголоос сэргээгдэх эрчим хүч худалдаж авахыг сонирхоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэднийг цахилгаанаар хангах том станцуудыг барихад хэдэн тэрбум ам.доллар шаардлагатай. олзуурхмаар нь Хятад, орос, Япон, Солонгос гэсэн чадалтай эдийн засгууд “Станц барих мөнгийг чинь өгье” гэцгээж буй. Өгсөн мөнгөөр нь нар, салхины цахилгаан станцууд босгочихоод өөрсдөд нь зарах ховор боломж бидний өмнө ирчихэж.

Боломж хажууд ирснийг өчигдөр Корпорэйт конвейшн центрт эхэлсэн форум баталлаа. Дэлхийн хориод орны 200 орчим оролцогч зорьж ирсэн энэ форумын зохион байгуулагч нь НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс. “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа” форумын эхний өдөр Хятад, Японы судалгааны байгууллага, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллага, Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам гэсэн дөрвөн газар хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Дэлхийд анх удаа нэг дор дөрвөн том судалгааг танилцуулсан явдал боллоо гэж эрчим хүчнийхэн онцолж байв.

Б.БЯМБАСАЙХАН: ДЭЛХИЙГ ХЭРСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭ ҮҮСЭХ ЦАГ ОЙРХОН БАЙНА

Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн зохицуулагч Б.Бямбасайхан “Судалгаа танилцуулсан бүх тал нэг л зүйл ярилаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ улс бүрт ашигтай гэж байна. Дэлхийн болон бүс нутгийн нэгдсэн сүлжээнд нэгдэх нь Монгол, Солонгос, Япон, Хятад, Орос бүгдэд нь эдийн засаг санхүүгийн үр ашигтайг баталчихаж. Энэ төсөл шинэ хөрөнгө оруулалтыг татна. Шинэ төслүүд хэрэгжүүлнэ. Шинэ ажлын байруудыг бий болгоно. Хэрэгжүүлэхийн тулд улс төрийн түвшний ойлголцол заавал шаардлагатай. Монгол энэ тал дээр түрүүлж яваа. Төрийн тэргүүний хувьд анхны санаачилгыг гаргаж түлхэж дэмжиж байгаа нь маш чухал. Нэмж хэлэхэд олон улсын ийм арга хэмжээнүүд зайлшгүй хэрэгтэй. Ингэж байж л бид биенээ ойлгоно. Асуудлын гүн рүү орж, ойлголтын зөрүүгээ арилгаж нэгдсэн зорилготой болно. Зүүн хойд Азийн улсууд Монголоос цэвэр эрчим хүч авах хүсэлтэйгээ илэрхийлж байгаа нь том давуу тал. Холбох технологийн шийдэл нь гараад ирлээ, одоо дараагийн шат руу оръё, хаана ямар төслүүд хэрэгжүүлэхээ хэлэлцье гэж байна” хэмээн ярилаа.

Түүнээс Азийн супер сүлжээ төслийн судалгааны явц, Монголд ирэх өгөөжийн талаар сонирхоход “Хамгийн дэвшилтэт дамжуулах сүлжээний технологийг ашиглаж энэ зах зээлүүдэд нийлүүлэх эдийн засаг, техникийн бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан байна. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг бүс нутагтаа хөгжүүлж яваа, өдөр тутамдаа хэрэглээд дадчихсан ард түмэн. Бидний өнөөдрийн яриад суугаа экспортын зах зээл бол Япон, Солонгос, Хятад, Оросын хэрэглэгчид. Тэд манайхаас цахилгаан авч хэрэглэснийхээ төлөө төлбөрөө төлнө. Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн 25 хувь, хүн амын 25 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг эзэлдэг. Эрчим хүчнийх нь хэрэглээ асар өндөр гэсэн үг. Үүнээс гадна нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр үйлдвэрлэдэг бүс нутаг. Өөрөөр хэлбэл цэвэр эрчим хүчийг ашиглаж байж нүүрсхүчлийн хийгээ багасгах боломжтой. Япон, Солонгос, Хятадын хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж экспорт хийхийн тулд өнөө маргаашдаа судалгаа үргэлжилнэ, хэлцэл хийгдэнэ. Зөвхөн нэг тивийн нэг бүс эрчим хүчний сүлжээгээрээ холбогдох нь наад захын хэрэг. 2030 онд дэлхийг хамарсан эрчим хүчний сүлжээ бий болно гэсэн хандлага, таамаг хүчтэй байна” гэсэн хариу өгсөн юм.

ХУАН ХАН: ТАНАЙ УЛСЫН ДАВУУ ТАЛ БОЛ НАР, САЛХИНЫ ИХ НӨӨЦ

Форумд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний оролцогч улсуудын Засгийн газрууд, эрчим хүчний корпорациуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрчим хүчний салбарт хамтарч буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм. Тэдний нэг нь Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил хамтын ажиллагааны Эдийн засаг судалгааны институтын дэд дарга Хуан Хан. Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол үндсийн нэг нь сэргээгдэх эрчим хүч л дээ. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй нь Монголын маш том давуу тал. Ялангуяа говийн хэсэгтээ онцгой их нөөцтэй. Одоогийн байдлаар говьтой холбогдож буй томоохон сүлжээ бий ч илүү томруулах боломж бий. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний өндөр эрэлт бий. Сүүлийн таван жилд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа эрчим хүчний сүлжээн дээр хурдацтай эрчимжсэн. Манай улсаас гадна бусад орны сонирхол өндөр байна. Илтгэлүүдийг харахад Япон, Солонгос, Хятад, Орос, Монгол гээд бүх улс Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ төсөл дээр адилхан ойлголттой яваа нь тод анзаарагдлаа. Хэнээс хэн худалдаж авах вэ гэдэг дээр нь ойлголт ижил байна. Сэргээгдэх эрчим хүчин дээр яаж нэгдсэн сүлжээ бий болгох тал дээр хамтын ажиллагааны нэгдсэн платформ хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

ИРЭХ ХАВРААС ТӨСЛҮҮДХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний нарийвчилсан ТЭЗҮ хийх ажил эцэслэх шатандаа оржээ. Ирэх оны тавдугаар сард дуусах гэнэ. Монголын газар нутгийн 40 хувь нь сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэй гэсэн тоо лав тодорхой болчихож. Судалгааны багийнхан нар, салхины нөөцийг хамгийн сүүлийн үеийн аргачлалаар шинэчлэн тогтоожээ. Хаана, ямар газарт эх үүсвэрээ барих шийдэл ч гарчихсан юм байна. Уг төсөлд зөвлөхөөр ажилласан “Монхорус интернэшнл” компанийн эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва “Хятадын зүүн сүлжээний эрчим хүчний мэдээллийг нарийвчилсан байдлаар ашиглаж, тэнд нь Монголын эрчим хүчний системийн нарийвчилсан өгөгдлүүдийг оруулж, ОХУ, Солонгос, Японы сүлжээг хялбаршуулсан модел байдлаар багтааж горимын тооцоо судалгааны ажлуудыг хийсэн. Энэ бол маш чухал тооцоо. Бүс нутгийн хэмжээнд том чадлын цахилгаан дамжуулах хэт өндөр хүчдэлийн шугамуудаар хооронд нь холбож горимын тооцоо хийсэн юм. Жинхэнэ утгаар нь горимын тооцоо, статик, динамик тогтворжилтын тооцоог нь хийж шалгасан гэсэн үг. Үндсэндээ техникийн талын хувьд боломжтой байна уу гэдгийг тооцсон хэрэг л дээ. Дээр нь тогтмол гүйдлийн ямар технологиуд хэрэглэх шаардлагатай болохыг тооцож гаргасан. Хэт өндөр хүчдэлийн технологиуд нь их хэмжээний чадлыг алс хол зайд дамжуулах боломж бүрдүүлдэг. Бүр цаашлуулж хэлбэл ямар технологиор дамжуулах вэ гэдгээ судлаад сонгочихсон. Үндсэндээ нарийвчилсан судалгааны ажил дуусахаар шууд хөрөнгө оруулалтын төслүүд яваад эхлэх боломжтой. Хамгийн том суурь судалгааны ажлууд хийгдээд дуусч байна гэж ойлгож болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой” гэж онцоллоо.

Нарийвчилсан ТЭЗҮ хийх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Европын хамгийн том эрчим хүчний компани Францын EDF гээд ажиллаж байгаа аж. Мөн Хятадын төрийн өмчит үндэсний сүлжээ болох ”Стэйт грийт”-ийнхэн ч идэвхтэй оролцоотой гэнэ. Оросоос эрчим хүчнийх нь том компаниудын нэг “Россети”, Солонгосоос “Кепко” компани ажиллаж байна. Харин Японоос Эрчим хүчний судалгааны институтын оролцоо өндөр байгаа юм байна. Монгол талаас “Новотерра” компани оролцож буй. Тус компанийн бие даасан зөвлөхүүдэд манай улсын эрчим хүчний урдаа барьдаг инженер, мэргэжилтнүүд багтжээ.

Т.ГАНТУЛГА: АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ САНААЧИЛГЫГ ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Зүүн хойд Азийн улсууд газраар хэт өндөр хүчдэлийн шугамуудаар холбогдох бол далай доогуураа 3000 метрийн гүнд хэт өндөр хүчдэл дамжуулах кабелиар холбогдох юм байна. 3000 метрийн гүнд кабель татаж холбогдох боломж саяхнаас бий болжээ. Технологи ингэж хөгжихийн өмнө хоёр улсыг холбохдоо нэлээд даялж тойрох маршрут гаргаж байж. Одоогоор далай доорх ийм холболт 1500 метрийн гүнд хийгдсэн байдаг аж. Энгийнээр хэлбэл 1500 метрээс дооших далайн гүн хэсгүүдийг тойрч шугам барих таамаг төлөвлөгөө гаргаж байсан гэнэ. Харин одоо хоёр дахин гүнд кабель тавих боломж нээгдчихээр улсуудыг холбох зам дөтсөж, зардал хэмнэгдэх нь тодорхой болжээ.

Өнөөдөр өндөрлөх “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа” форумд Японы сэргээгдэх эрчим хүчний институт, ОХУ-ын “Евросибэнерго” компанийн төлөөлөл оролцож байна. Мөн Монголын эрчим хүчний яам, Хятадын үндэсний эрчим хүчний газар, БНСУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөл ч хуралд ач холбогдол өгч оролцож буй. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд Засгийн газраас онцгой анхаарч байгаа хэмээн онцолсон юм. Тэрээр “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн арав, хорин жилд 40 хувиар өссөн. 2040 он гэхэд өнөөдрийнхөөс хоёр дахин өсөх хандлага бий. Ийм шалтгаанаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилга гарсан юм. Санаачилгын хүрээнд хийгдэж байгаа хамгийн чухал зүйл бол нарийвчилсан ТЭЗҮ хийх судалгаа. УИХ-аас 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргасан. 2030 он хүртэл 15 жилийн хугацаатайгаар. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Засгийн газар төрөөс эрчим хүчний талаар дэмжих бодлогын хүрээний дунд хугацааны хөрөнгө оруулалтынхаа хөтөлбөрийг баталчихлаа. Энэ хүрээнд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод зургаан том зорилт бий. Зургаан зорилтын нэг нь бүс нутгийн орнуудтайгаа эрчим хүчний салбарт хамтран ажиллах юм. Монголын Засгийн газар хоёр зүйлд нь голлож анхаарна. Түүний нэгд нь бүс нутгийнхаа орнуудтай эрчим хүчний салбарт үр ашигтай хамтрах хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилт багтаж байна. Азийн супер сүлжээ санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжиж оролцоно” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *