2019 онд БНСУ-д зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өнөөдөр эхлэх тоглолтууд энэ сарын 07-ныг дуустал үргэлжилнэ. Тэмцээнд Макао, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багууд зочин багаар оролцож байна. Урьдчилсан тоглолтын хуваарийг танилцуулбал,
Эрэгтэй шигшээ баг
09 дүгээр сарын 02-нд 17:00 цагаас Монгол – Макао
09 дүгээр сарын 04-нд 17:00 цагаас Монгол – Умард Марианы арлууд
09 дүгээр сарын 06-нд 17:00 цагаас Монгол – Гуам
Эмэгтэй шигшээ баг
09 дүгээр сарын 03-нд 17:00 цагаас Монгол – Умард Марианы арлууд
09 дүгээр сарын 05-нд 17:00 цагаас Монгол – Гуам
09 дүгээр сарын 07-нд 17:00 цагаас Монгол – Макао гэсэн хуваарийн дагуу тоглолтууд болно.
Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд хоёрдугаар шатны тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулагдах юм байна. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглоно. манай Үндэсний шигшээ багийн хувьд аравдугаар сард ОУХБХ-ны өдрүүдээр хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. “Талын хөх чононууд” аравдугаар сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно. Тэгвэл он гараад ирэх оны хоёрдугаар сард МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийх юм байна.
Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 эрэгтэй тоглогч, эмэгтэй 30 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр эдгээрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 18 тоглогч эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана.
Энэ есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Зүүн Азийн АШТ-ээс гадна, 16 хүртэлх насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд хүч үзэх бол 11-р сард 19 хүртэлх насны охидын шигшээ Ливан улсад мөн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Тэгвэл 2017 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Г.Цолмон болон түүний багийн нөхөд болох С.Удвал, Э.Энхмаргад нар дээрх гурван насны шигшээ багийн өмнөөс Азийн гурван тэмцээнд оролцохоор дуудагдаад байгаа ажээ.