Categories
мэдээ нийгэм

Зуслангийн ногоон бүсийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгаад байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ” эрчимтэй явагдаж байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн бүсэд орц, гарц гаргаж, зөрчил арилгах ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт НГА-ны орлогч дарга Д.Нямдаваа, Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Д.Сугар, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ болон бусад албаныхан байлцлаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зусланд байрлах “Сонгоулд” ХХК төмөр хашааг буулгаж баталгаат кадастрыг зургийн дагуу хашааг 200 метр татуулсан байна. Ингэснээр тухай хэсгээр ганцхан машин явж, түгжрэл ихээр үүсдэг байсныг хоёр машин зорчих бүрэн боломжтой гудамж гаргаж өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зусланд айлуудын хашааг татаж, орц гарц гаргаснаар тухайн хэсгийн 12 айл өөрсдийн зусландаа чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой зуслан зөвшөөрөлгүй 4 метртэй төмөр хашааг буулгаж, газрыг чөлөөлж, тухайн хэсэгт есөн айлын орц гарц нээгдэж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл боломжоор хангалаа.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зусланд бусдын орц гарцыг хааж хашаа барьсан байсныг буулгаж, зөрчлийг арилгаснаар тухай байршилд байрлах 10 гаруй айлын орц гарцыг нээсэн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн хэсэгт байрлах айлуудын хашааг татуулж, орц гарц гаргасан гээд зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг дүүргүүдийн Газрын албанаас зохион байгуулан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Зуслангийн бүсийн газар чөлөөлөлтийн ажил эхэлснээс хойш 40 гаруй байршилд орц, гарцыг нээсэн бөгөөд зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгаж, орц, гарц гаргаснаас тухайн хэсэгт амьдарч буй айл өрхүүд хэд хэдэн хашаа дамжин давж, гэр лүүгээ явдаг, үүнээс үүдсэн үл ойлголцол үүсдэг гэх мэт бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ.

Нийслэл, дүүргийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд холбогдох ажлын хэсэг явцын хяналтыг тухай бүрт нь явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *