Зул сарын баярыг тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Хонконгт хэдэн сая хонконг доллар алдагджээ. Мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан машин тус хотын төвд орших Ванчай дүүрэгт осолдсон байна. Мөнгө зам дээр унахад түүгээр явж байсан хүмүүс бөөн баяр болон авчээ. Гэрчүүдийн ярьснаар жолооч нар машинаа замын голд зогсоон газарт унасан мөнгөнүүдийг авч байсан гэнэ. Сум нэвтэрдэггүй тусгай машин 525 сая хонконг доллар мөн ойролцоогоор 68 сая ам.доллар бэлнээр авч явжээ. Нийтдээ 35 сая хонконг доллар зам дээр унаснаас 20 саяыг нь цагдаа нар цуглуулан авч амжсан бол 15 саяыг алджээ. Хонконгийн Цагдаагийн газраас оршин суугчдад хандан зам дээрээс авсан мөнгөө эргүүлэн өгөхийг анхаарууулав. Хэрвээ авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй бол ноцтой гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. “South China Morning Post” сонинд бичсэнээр үл таних эмэгтэй гэхэд арваад боодол 500 хонконг доллар авсан ажээ.