Өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагынхан инфляцийг хоёр оронтой тоо руу орно гэж таамаглаж байсан бол Төв банк долоон хувь дээр барина гэж дуугарсан. Одоогоор инфляци Монгол банкны зорьсон долоон хувиас ч доогуур байна. Гэхдээ зуд болно гэсэн таамаг инфляцийг өндөр авахад хүргэж магадгүй гэж эдийн засагчид болгоомжилж байна.
Инфляци өслөө, буурлаа гэсэн өгүүлбэр яагаад анхаарлын төвд байх учиртайг энгийнээр тайлбарлая. Товчхондоо худалдан авах чадвар буурахыг инфляци гээд байдаг юм. Батаа гэрийнхээ сарын хүнсийг 100 мянган төгрөгөөр бэлддэг байсан бол инфляци өсөнгүүт 150 мянган төгрөг зарцуулахаас аргагүйд хүрнэ. Авдаг барааных нь үнэ цойлчихоор хэрэглээгээ танахаас аргагүйд хүрнэ, хэрэглээ танагдах хэрээр үйлдвэрлэгчдийн бараа зарагдахаа болино, үйлдвэрлэгчид бараагаа зарж чадахгүй болонгуут татварт өгдөг мөнгө нь багасна, татвар багасаад ирэхээр эдийн засаг хумигдана. Америкийн Ерөнхийлөгч Роналд Рейган “Инфляци бол дээрэмчин мэт хэрцгий, алуурчин мэт аюултай” гэж зүгээр ч нэг хэлээгүйг сая дурдсан нөлөөллөөс харчихаж болно. Доллар өснө гэдэг импортын хэрэглээ үнэтэй болно гэсэн үг. Харин инфляци өсөхөөр нийт хэрэглээ үнэтэй болдог. Энэ утгаараа инфляци гэдэг долларын өсөлтөөс чухал үзүүлэлт. Инфляцийн аюул нь ийм том учраас улс орнууд инфляцийн эсрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлдэг. Инфляциа барьж чадаагүй жишээнүүдийг анзаараад байх нь ээ хөгжил нь сул талдаа орнуудын нэр дуулддаг. Боливи улсын хагас жилийн инфляци 1985 онд 38000 хувьд хүрч байсан жишээ бий. Зимбабвегийнх бүр 231 сая хувьд хүрсэн тоо сонсогддог. Манайд инфляци хамгийн өндөр цэгтээ очсон жил ардчилал ялсны дараахан буюу 1992 он байдаг юм билээ. Тэр жил инфляци 325.5 хувь хүрснийг статистикаас харж болно. Ер нь эдийн засгийн хямралтай улсуудад инфляци хэдэн мянган хувьд хүрсэн өчнөөн баримт дуулддаг. Харин эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд үргэлжилсэн улсуудын хувьд инфляци нам дор байдаг. Сингапурын 40 жилийн дундаж инфляци гэхэд л ердөө 3.2-хон хувь байх жишээний. Манайх шиг байгалийн баялаг ихтэй улсуудад инфляци өндөр байх эрсдэлтэй гэж шинжээчид онцолдог.
Инфляцийг бодож гаргах арга нь их энгийн. 329 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн дунджаар бодоод гаргачихдаг. Айлуудын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг багцалж тооцоод инфляцийг гаргадаг гээд ойлгочихож болно. Хэрэглээний сагсанд багтдаг бараануудын бараг 70 хувь нь хүнс, ундаа, ус, хувцас, орон сууц, тээврийн үйлчилгээ байдаг. Инфляци өндрөө авахын сөрөг талыг ганц тоогоор жишээлье. Инфляци жилийн 15 хувь байвал тав хүрэхгүй жилийн дотор юмны үнэ хоёр дахин өснө гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байдаг.
Инфляци бол үнийн хэт өсөлт буюу мөнгөний ханшийн үнэгүйдэл. Эрэлт болон нийлүүлэлтээс үүдэлтэйгээр үүсч болдог. Эрэлтээс үүдэлтэй инфляцийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч дэлгүүрийн лангуу хоосрох, хүмүүс ямар ч хамаагүй бараа авч дарах үзэгдэл гардаг. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн үед үйлдвэрлэгчдийн олгох цалин, үндсэн түүхий эдийн үнэ огцом өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх явдал ажиглагддаг.
Манайд инфляци үүсэх хэд хэдэн эрсдэл бий. Эхний эрсдэл нь шатахуун. Бид шатахуунаа зуун хувь гаднаас авдаг. Тэр дундаа ганц улсаас дийлэнхийг нь авдаг сул талтай. Тээвэр хангамжийн дутагдал гэсэн сул тал бас байгаа. Хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний бараг 70 хувийг гадны улсуудаас авдаг нь гурав дахь том эрсдэл. Ургацаас хамааралтай гурилын нийлүүлэлтийн хомсдол гэж бий. Ургац муу байвал гурилын үнэ өсөх эрсдэл өндөр гэсэн үг. Гурилын үнэ өсвөл дагаад талх, нарийн боов гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл байгаа. Махны нийлүүлэлтийн зөв суваггүй гэсэн зовлонг орхиж болохгүй. Монгол хоёрхон сая хүнтэй, 50 сая малтай хэрнээ Шинэ Зеланд, Австралийн иргэдээс үнэтэй мах хэрэглэдэг. Зуд болно гэсэн таамаг үнэн бол махны үнэ одоогийн өндөр үнээсээ ч галзуурах эрсдэл бий. За тэгээд дараагийн шалтгаан нь хүнсний ногооны зоорь, агуулахын асуудал. Зоорь багатай учраас хүнсний ногоогоо хадгалж чаддаггүй, жилийн жилд импортын өндөр үнэтэй ногоо хэрэглэдэг. Энэ жилийн хувьд зарим аймгууд гантай байснаас болоод өдийд навс хямдардаг хүнсний ногоо үнэтэй хэвээр байна. Лууван гэхэд л өнгөрсөн сараас 50 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээг статистикийнхан хэлж байна.
Монгол банкны хувьд сая дурдсан инфляци үүсгэх эрсдэлтэй хэсэг рүү анхаарч ажилласныг хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүдээс нь харчихаж болно. Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, шатахуун импортлогч, мах бэлтгэгч, гурилын үйлдвэрийн эздэд эргэлтийн хөрөнгө гэж дажгүй нөхцөлтэй мөнгө зээлсэн. Бас хүнсний агуулах зоорь барих хүмүүст ч мөнгө зээлсэн юм билээ. Шатахууны үнийг зохицуулах тал дээр явуулсан бодлогыг нь зарим эдийн засагч “Зах зээлийн жамыг сөрсөн” гэж шүүмжлэх нь бий. Ямартай ч инфляци үүсгэх өндөр эрсдэлтэй хэсэгтэй тулж ажилласных нь өгөөж гэвэл эдийн засаг таагүй энэ үед иргэдийн халаасан дахь хэдийг хэрэггүй цаас болгочихолгүй аж төрүүлж байна. Мах, гурил, шатахуун, орон сууцны үнийн өсөлт сүүлийн хоёр жил нам, тогтвортой түвшинд байгааг статистикаас харж болно.
Инфляцийг ингэж барих нь бага, дунд орлоготой иргэдийн цалин, орлого, төгрөгийн худалдан авах чадамжийг хамгаалахаас гадна алсдаа зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болдог гэж эдийн засагчид онцлох нь бий. Инфляци өсвөл эсрэгээрээ бага орлоготой иргэдийг үгээгүй ядуу хэсэг рүү оруулах эрсдэлтэй. Чинээлэг нь дундаж давхарга руу, дундчууд нь бага орлоготой хэсэг рүү хальтирдгийг дэлхийн түүх бэлхнээ нотолдог.
Инфляцийг бага түвшинд барьж, иргэдийнхээ авдаг хэдийг үнэ цэнтэй байлгахын тулд төр, засгаас хийх ажлууд ч бий гэсэн сануулгыг эдийн засагчид хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, төсвөө сахилгатай байлгах, төр нь эдийн засаг дахь оролцоогоо хумих гээд хийх ажлууд олон байгаа.
Ц.Баасансүрэн