Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“ZOS pro design” ХХК—ийн үүсгэн байгуулагч Б.Золзаяа: Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос боломжгүй гэсэн үг биш


Сайн байна уу. Урилгыг минь хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Юуны өмнө манай сайт уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Намайг Золзаяа гэдэг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажилладагүй, модон дээр лазераар зурах урлагийг сонирхоод уран бүтээлээ туурвиад явж байна даа.

Хэзээнээс энэ урлагийг сонирхож эхэлсэн бэ?

Анх модон дээр лазераар зураг зурж байгааг хараад надад маш сонин санагдсан. Мод түлээд гарах үнэр нь хүртэл байгалийн их гоё дотно үнэр байсан. Би шинийг сэтгэж, өөрийгөө сорих дуртай. Тиймдээ ч модон дээр ийм юм хийвэл гоё санагдаад тэр өдрөөс хойш зогсоо зайгүй бодох болсон. Тэгээд судлаад үзсэн чинь энэ нь урлаг тал руугаа бүүр хөгжөөд хөлөө олчихсон зүйл байсан л даа. Хийе бүтээе гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн анх эхэлж байсан даа. Бүтээл хийж эхлээд нэг жил өнгөрсөн байна.

Анх эхэлж байхад гарч байсан бэрхшээл юу байв. Хийх арга барилаа хэрхэн олж авч байв?

Мэдээж анх эхэлж байхад зөндөө л шантрах үе байсан. Тухайн үед би олон улсын найрамдал зусланд багшилж байлаа. Хамт ажилладаг хоёр багшдаа ийм юм хиймээр байна гэж хэлтэл тэр хоёр маань ч намайг дэмжсэн. Тэгээд урам ороод хийж эхэлсэн. Анх хүүхдүүдэд чиглэсэн тоглоом болон эко зүйл хийе гээд зөндөө олон санаатай байлаа. Гурван ширээ, гурван нөүтбүүкнээс өөр юу ч байхгүйл эхэлсэн. Лазераар зурж сурахын хувьд гэвэл “Youtube багш” -аасаа олон зүйл сурсан даа. Анх программаа ч ажиллуулж мэдэхгүй. Нэг товчин дээр дараад л аан энэ нь ингэдэг байх нь гээд уйгагүй оролдож байсан. Машинаа анх хараад бүр тэвэрмээр л санагдаад байж билээ. Яаж комманд өгөх, хэрхэн ажиллуулахаа ч мэдэхгүй байсан шүү (инээв).

Ажлын анхны гараа маань Олон улсын найрамдал зуслангаас эхэлсэн.Туршлага, цагийн төлөвлөлтбайхгүй болохоор их л сандарсан улсууд ийш тийшээ гүйгээд л, бүтээлээ гарсны дараа уутлах, угсрах ажилдаа орно. Ингэж завгүй ажиллаж байхдаа хааяа нэг багийнхан руугаа харахаар нүд нь улаанаараа эргэлдсэн хүмүүс л байж билээ.Тэр дунд хоорондоо муудах үе ч гарна. Ажлаа хийж байгаад зүйрмэглэнэ,хорь хорин минутын зайтай ээлжилж унтаж нойроо зохицуулдаг байлаа. Тэгээд дөнгөж дуусгаад Найрамдал зусландаа хүлээлгэж д өгчихөөд бүр хотод ирчихсэнийхээ дараа сая нэг юм нэг нэгнийхээ царайг хараад “Тийм ээ, бид чадчихлаа” гээд хашгиралдаад тэврэлдэж билээ. Хүүхдийн буян заяа түшдэг болов уу, гэгчээр манай байгууллагын ажил маш сайн бүтдэг дээ.

Мэргэжлийн ажлаа орхихдоо харамсаж байсан уу. Ийм шийдвэр гаргахад ар гэрийнхэн чинь эсэргүүцэж байв уу?

Үгүй ээ. Надад ялгаагүй санагдаж байсан. Нийгмийн ажилтан бол хүмүүстэй харьцаж тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх тал дээр ажилладаг бол энэ ажил мөн л ижилхэн. Хүнд ямар шинэ зүйл зориулж хийж өгөх вэ. Захиалсан тэр хүндээ зориулсан бүтээлээ сэтгэлд нь нийцтэл яаж хийх вэ гээд л ухаан зарж хийдэг болохоор адил санагддаг.

Анх гэр бүлдээ хэлэлгүй эхэлсэн. Хийгээд байр сууриа олмогц хэлье гэсэн бодолтой байлаа. Тэгээд хэлсэн чинь залуу хүн юм чинь үзээд л алдахгүй юу гээд нэг их тоогоогүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг л хий гэсэн. Одоо бодоход, намайг үргэлж чимээгүйхэн дэмжиж байдаг хүмүүс бол миний гэр бүл, яалангуяа ээж маань. Ар талыг найдвартай авч явдаг даа. Тууштай байна гэдэг л хамгийн чухал зүйл гээд үргэлж намайг зоригжуулдаг. Энэ завшааныг ашиглан “Ээждээ хайртай шүү. Ажилдаа бүх цагаа зориулахад ар гэр үргэлж хоцрогдож байдаг. Тэр болгоныг болгож та минь л зохицуулж байгаа. Охин нь тэр л урмын тань үгээр өдий зэрэгтэй явдаг шүү, тандаа баярлалаа” гэж хэлмээр байна.

Хамгийн анхны бүтээлээ хараад төрж байсан сэтгэгдлээ хуваалцвал?

Анхны бүтээлээ хараад хэзээ тэр мундгуудыг гүйцнэ дээ л гэж бодож байсан. Эхэндээ их болхи хийж байжээ. Гэхдээ сайн ч муу ч бүх бүтээлээ хадгалдаг. Харах бүртээ тухайн үед хийж байсан үе маань нүдэнд харагдаад байдаг. Одоо ч болоогүй байна илүү хөгжүүлнэ дээ л гэж боддог. Хийх юм, сурах зүйл ч их байна.

Модон дээр зураг зурах хүсэлтэй хүмүүст зориулж сургалт хийдэг үү?

Сургалт явуулах төлөвлөгөө гэхээсээ илүү хүсэл бол байна. Мэдээж хэрэг энэ зүйлийг олонд таниулмаар байна. Яагаад гэвэл энэ бүтээлүүд маань эко, байгалийн зүйл учир. Хийж байгаа мод нь ямар ч өө сэвгүй, яргүй байх естой. Тэгж байж л цэвэрхэн сайн, нарийн бүтээл болж чаддаг. Магадгүй сонирхсон хүмүүс байх юм бол компьютерийн корел гэдэг программыг эзэмших хэрэгтэй. Тэгвэл энэ зүйлийг хийхэд шинэлэг санаа л байхад болно. Лазерийн машин бусдыг нь гүйцэтгэчихнэ.

Хүний хүслийг буулгана гэдэг хэцүү. Ихэнх хүмүүс “Би нэг иймэрхүү л юм хийлгэмээр байна, гэхдээ яг ямрыг нь мэдэхгүй байна. Тийм болохоор өөрөө мэдээд хийчих” гэдэг. Тэгээд бодож эхэлнэ дээ. Зарим хүмүүс өнгөлөг зүйлд дуртай байдаг. Манай бүтээл бол өнгөгүй, натурал. Өөрийнхөө яаж шарагдаж байгаа яг л тэр хэвээрээ гардаг. Нэг үеэ бодоход хүмүүс эко бүтээл, цор ганц надад зориулсан зүйл гэдэг утгаараа ч гэх юм уу их сонирхдог болжээ.

Тунгалаг акрил дээр фото зураг буулгах надад маш таалагдаж байгаа. Шилэн дээр л зураг буулгаж байгаатай ижил юм. Харахад цаанаа л нэг цэмцгэр шүү. Энэ тал дээр өөрийгөө илүү хөгжүүлье гэж бодож байгаа.

Үнэ ханшийн хувьд ямархуу байдаг вэ. Мэдээж хэмжээнээсээ хамаарч үнэ нь өөр өөр байдаг байх?

Үнэ харилцан адилгүй байдаг. Хэмжээнээсээ хамаараад, гар ажиллагаа хэр зэрэг орохоосоо шалтгаалж үнэлгээ нь арай өөр болдог. Аль болох л дундаж үнээ барихыг хичээх боловч жижигхэн хэрнээ материал их шаарддаг зүйл ч бас бий. Тийм болохоор үнээ тэд гээд тогтоон барих хэцүү шүү. Зарим тохиолдолд надад ийм л мөнгө байнаяах уу гэхээр нь аль болох л тааруулаад хийх гэж хичээдэг дээ. Хүмүүс өөрийнхөө гараар бас нэмж ямар нэг зүйл бичиж, зурж болдог. Зөвхөн дэвсгэр фото зургийг нь гаргаад өгөхөөр дээр нь бичиж, зурж болдог. Онцлог зүйл гэх юм бол илүү деталь, чимхлүүр ажлыг хийдэг. Ер нь гар ажиллагаа ихтэй. Урилга, өргөмжлөл, хүүхдийн тоглоом, сувинер, фото зураг, CD-ний хайрцаг, цагийн хуваарь, машины урд тавьдаг утасны дугаар, сүлд модны тоглоом,аксессуар, модон дээрх шошго, номын хавчуурга, энгэрийн тэмдэгний гаднах хайрцаг, дотор хаяг, нэрийн хуудасны хайрцаг гээд л бүх зүйлийг хийж үзэж байгаа. Цаашдаа сэтгээд илүү олон төрлийн зүйлсийг хийх хүсэлтэй байна.

Танай ажлын уур амьсгал их таалагдлаа. Ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

Манай ажлын нэг өдөр өглөөний кофетой ярилцлагаар эхэлдэг. Энэ бол өдрийн хамгийн үр бүтээлтэй хэсэг байдаг. Бид эсгийг модтой нийлүүлж бүтээл гаргахаар туршиж байгаа. Ажлын хуваариа эсгийгээр хийж үзсэн. Хоорондоо инээлдээд л ярилцаж байхад тэндээс шинэ санаанууд урган гардаг юм.Бас нийгэмд шинэ содон зүйл юу байна гэж эрэлхийлцгээдэг. Энэ хэсгийг бид өөрийгөө хөгжүүлэх цаг гэж нэрлээд байгаа л даа.Санаагаа туршиж хэрэгжүүлж үздэг. Ганцхан бүтээлийг гаргахын тулд асар олон туршилт хийдэг. Ачаалал ихтэй үед бол энэ цагийн хуваарь маань таг зөрчигдөнө шүү дээ. Захиалагчидцаг нь тулчихлаа, яаралтай гаргаад өгөөрэй гээд л гүйгээд ирдэг. Биднийг гээд зориод ирсэн хүмүүсийг амжихгүй ээ гээд буцааж чаддаггүй. Хонож өнжөөд л хийнэ дээ.Оо, сойзоо хүртэл ажил дээрээ аваад ирчихсэн.Ер нь ажлын байр бол хүний хоёр дахь гэр учраас аль болох тухтай болгож тохижуулахыг хичээсэн.

Мэргэжлээ орхин байж шинэ зүйл эхлүүлсэн байхыг харахад би таныг их зоригтой хүн гэж дүгнэлээ. Залууст хандаж юу гэж хэлмээр байна?

Өөрийнхөө хүссэн зүйл рүү явах юм бол хүн илүү аз жаргалтай, үр бүтээлтэй байдаг. Зориглоод үз, алдаад үз.Хийж байгаа зүйлээ шантралгүйгээр, тууштай хийж байж үр дүн нь харагдана. Тэрнээс биш дөнгөж эхлээд л энэ асуудалтай юм байна, хэцүү байна гэсэн бодлоор хязгаарлагдаад байвал цаашаа явж чадахгүй. Хэцүү байна гэдэг илүү их хичээ гэсэн үг болохоос биш боломжгүй гэсэн үг биш. Нэг, хоёр, гурван хэцүү даваа байлаа гэхэд цаана нь хамгийн сайхан зүйл нь хүлээж байдаг. Чиний чадчихлаа гэсэн итгэл.

Энэ эмэгтэйтэй ярилцаж байхад түүнээс хүсэл тэмүүлэл, шинийг хийж бүтээх гэсэн өөдрөг мөрөөдөл, бусдыг хэрхэн баярлуулах вэ гэсэн сэтгэлийг олж харсан. Надад гэнэтийн бэлэг бариад “Өдрийн сонин” гэсэн бичигтэй түлхүүрийн оосор бэлэглэсэн. “Ямар гоё юм бэ. Баярлалаа ” гээд намайг инээхэд “Энэ л миний ажлын хамгийн сайхан хэсэг. Хийсэн бүтээл минь тухайн хүндээ таалагдах хамгийн сайхан мэдрэмж байдаг. Захиалагчдаа таалагдахгүй бол яана аа гээд шөнө нойр хүрэхгүй үе ч бий шүү дээ” гэж хэлээд инээмсэглэсэн.

У.УРАНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *