Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зорилтот бүлгийн түрээсийн орон сууцны хүсэлтийг авч эхэллээ

-ХҮСЭЛТИЙГ ЗӨВХӨН WWW.NOSK.MN ЦАХИМ ХАЯГААР АВНА-

Өчигдөр 17 цагт нийслэлийн гэр хорооллын иргэдийн анхаарлыг татаж байгаа зорилтот бүлэгт түрээслэх “Буянт-Ухаа 2” хотхоны 972 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Бүртгэл 14 хоног үргэлжилнэ. Орон сууцанд орох хүсэлтийг зөвхөн WWW.NOSK.MN цахим хаягаар авна. Нийслэлийн орон сууцны корпораци дээр 16:45 цагт очиход “Бэлтгэл ажил бүрэн хангагдсан 15 минутын дараа бүртгэл эхэлнэ” гэхээс өөр мэдээ сонссонгүй. Иргэд ч, сэтгүүлчид ч алга. Учрыг лавлавал байгууллагын дарга бүртгэлийн явцын тухай мэдээллийг өнөөдөр өгөх зар тараасан учраас сэтгүүлчид байхгүй. Харин ирсэн иргэдэд цахим хуудсынхаа хаягийг хэвлээд тараасан гэнэ. Бүртгэлд НОсК-ийн албан хаагчид оролцох эрхгүй. Харин тусдаа хэн ч орох эрхгүй өрөөнд гадны мэргэжлийн байгууллагаас ирсэн гурван залуу хянаж байв. Тэд зургаа авахуулах бүү хэл хаалгаар шагайхад ч дургүй бололтой харагдав. Корпорацийн хэвлэлийн төлөөлөгчтэй уулзаж иргэдэд зарим нэг хэрэгтэй мэдээллийг тодруулах хэрэгтэй байгаагаа хэлбэл “Та өмнө нь мэдээлэгдээгүй зүйлийг товчхон асуувал би хэлтсийн даргатайгаа уулзуулж өгье” гэв. Ингээд бид НОсК (Нийслэлийн орон сууцны корпораци)-ийн Орон сууц ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга П.алтанхуягаас зарим зүйлийг тодруулав. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй, энэ албыг 2016 оноос хашиж байгаа аж.

-Зарим иргэд “арын хаалгаар” бүртгүүлсэн гэх мэдээлэл сошиалаар тархсан байсан. Мөн хэд хэдэн хаяг бүртгэх тухай мэдээлсэн, бидэнд гомдол ирүүлсэн иргэд ч байгаа. манай хуулийн хэлтэс ажиллаж байна. Яг мөнгө төгрөг өгөөд хохирсон тухай мэдээлэл байхгүй. Хэрэв манай ажилтнуудаас эсвэл манай байгууллагын нэрийг барьсан хууль бус үйлдэл гарсан бол бид шууд хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Бид шинэ байгууллага, шинэ томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байж тийм үйлдэл гаргахгүй.

-Өмнө нь бүртгүүлсэн нэг ч иргэн байхгүй гэсэн үг үү?

-Тийм. Хэн нэгэн ямар нэг бүртгэл хийсэн бол хуурамч гэсэн үг.

-Жинхэнэ бүртгэлийг хуурамчаас яаж ялгах вэ?

-Сая манай албан ёсны цахимд хуудсанд 17 цагаас хойш орж ирснээр нь ялгана. Түүнээс гадна бүртгэл зөвхөн WWW.NOSK.MN цахим хуудсаар явагдана. Сая таны харснаар бүртгэлийн явцыг мэргэжлийн байгууллага хянаж байна. Хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орохгүй.

-Зорилтот найман бүлгийн иргэдээс хамрагдана гэсэн. Нутаг дэвсгэр хамаарах уу?

-Зөвхөн нийслэлийн зорилтот найман бүлэгт хамрагдах, шалгуур хангасан иргэд бүртгүүлнэ. Мөн өмнө орон сууц авч байгаагүй, гэр хорооллын иргэд байх ёстой.

-Шалгуур хангасан орон сууцанд орох хүсэлтэй хэр олон иргэн байгаа бол?

-Судалгаагаар 40 гаруй мянган иргэн байх болов уу гэсэн тооцоо гарсан. Нийслэлчүүдийн 60 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Арван мянга орчим өндөр настан өргөдөл өгөх хүсэлтэй байгаа.

-Олон жилийн өмнө нийслэлд өргөдөл өгсөн өндөр настнууд байдаг. Тэд заавал шинээр хүсэлтээ гаргах уу?

-Тэгэхээс өөр өөр арга байхгүй. Тэдний өмнө нь өгсөн өргөдлүүд цаасаараа нийслэлд байгаа. Гэхдээ зарим тоон үзүүлэлтүүд өөрчлөгдсөн учраас шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай.

-Хөгжлийн бэрхшээлтэй, интернэтэд орох боломжгүй иргэдэд хэн туслах вэ?

-Саяхан тэдгээр иргэдэд туслах арга, зааварчилгааг дүүргийн нийгмийн ажилтнуудад өгсөн. Тэд дүүрэгтэйгээ холбоо бариад, дүүргээс хорооны ажилтанд мэдээлэл өгснөөр зөвлөгөө авах боломжтой.

-Иргэдэд талбайн хэмжээг заасан уу?

-Заагаагүй, төлбөрийн чадвараас шалтгаална.

-Худлаа мэдээлэл ирүүлсэн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Хар жагсаалтад оруулна.

-Тэгээд өнгөрөө юү?

-Алдаагаа зассаны дараа дахин бүртгэлд хамрагдаж болно.

-Орон сууцны талбай хэд вэ?

-39-68 метр квадрат.

Х.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *