Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зогсох эрхгүй 24 цаг” буюу хариуцлагатай уул уурхай

Уул уурхайн Үндэсний Ассоциацаас энэ сарын 3-нд “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг олон нийтийн сүлжээг ашиглан зохион байгууллаа. Энэхүү хөдөлгөөний зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро төвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэл тулгуурлан харуулах, хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэгдсэн байна.

Энэ хүрээнд бүтэн нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ гэдгийг салбарын Яам, Агентлаг болон Үндэсний Статистикийн Хорооны тооцоолж гаргаснаар олон нийтэд хүргэжээ. Судалгааны дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 Тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8,1 Тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж.

Нэг хоногт уул уурхайн салбараас төвлөрүүлж буй мөнгөний 40 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар эзэлдэг байна. Энэ мөнгөөр 50 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дээрх 8,1 Тэрбум төгрөгийн 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлдэг бөгөөд үүгээр 37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болох ажээ. Эсвэл 24 цагийн дотор уул уурхайгаас оруулж буй нийт мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болох ажээ.

Уул уурхайн салбар нэг хоног сул зогсох юм бол эдийн засагт ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Зөвхөн ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг, үр шимээр хэмжиж ч болно.

24 цагийн үр шимийг бас нэгэн компанийн улсад оруулж буй орлогын жишээн дээр авч үзэж болох юм.

Монголд гаднын бус, дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын томоохон компани тоотой хэдхэн бий. Түүний нэг нь “Монголын Алт” корпораци буюу “МАК” компани гэдгийг бид сайн мэднэ. Тус компани нь татвар төлөлтөөрөө “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн дараа ордог Монголын тэргүүлэгч аж ахуй билээ. Энэ компани өнгөрсөн жил буюу 2018 онд улсад 230 Тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төлжээ. Харин 2019 он гарсаар өнөөг хүртэл буюу гурван сарын хугацаанд улсад 8.3 Тэрбум төгрөгийн татвар төлсөн мэдээ байна.

Үүнийг 24 цаг буюу нэг хоногоор тооцож үзвэл өдөр бүр 92 сая төгрөгийг дээрх компани улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Энэ компанийн үйл ажиллагаа 24 цаг зогсвол улсын төсөвт орох мөнгөн хэмжээ ийнхүү 92 сая төгрөгөөр хасагдах буюу буурах болж байна.

Тэгвэл энэхүү компанийн 24 цагийн үр шимээр юу хийж болох вэ?

184 (нэг зуун наян дөрвөн) төрийн албан хаагчийн нэг сарын цалинг олгочихно. Мөн цэцэрлэгийн 30666 хүүхдийн нэг өдрийн хоолыг даачихаар байна. Харин тус компанийн нэг хоногийн татварын мөнгөөр 306 ахмадын тэтгэврийг өгөх боломжтой аж. Энэ мөнгөөр хоёр өрхийг орон сууцжуулах ч боломжтой.

Ингээд бодоод үзэхэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж компаниуд Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа нь тодорхой харагдахгүй байна гэж үү. Уул, уурхайн салбарт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулдаг компани манай улсад байхгүй биш байгаа. Үүнийг улс төрийн эрх мэдэлтнүүд бодлого гаргаж, хуулийн байгууллагууд нь хуулийн хүрээндээ хариуцлагаа тооцоод явах ёстой. Тэднээс болоод уул уурхайн салбарыг бүхэлд нь харлуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд дарамт учруулдаг, улстөржүүлдэг явдлаас болж уул уурхайн салбараа санасан хэмжээнд нь хөгжүүлж, тулсан хэмжээний ашгийг аль аль талдаа хүртэж чадахгүй 30 шахам жил болжээ.

Улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа гол салбарынхаа бодлого, аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд саад учруулдаггүй байхыг уул уурхайн салбарынхан Монголын төрөөс хүсэж байгаа.

Төрийн зүгээс хариуцлагатай уул уурхайн бодлогыг бэхжүүлж, хувийн аж ахуйн нэгж компани, бизнес эрхлэгчдэд зах зээлд чөлөөтэй өрсөлдөх боломжийг нь олгож, үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд дэмжиж явахгүй бол Монгол Улсын хөгжил бахь байдгаараа байран дээрээ зосчих төдийгүй, ухарч ч мэдэх хандлага анзаарагдаж байгааг анхаарууштай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *