Categories
мэдээ нийгэм

ЗХЖШ-аас ангийн захирагч нарт хариуцлага хүлээлгэлээ

14 хоногийн өмнө /2017.04.11/ “Тавантолгой” цэргийн сургалтын нэгдсэн төвд гранат дэлбэрч, ЗХЖШ-ын 350-р ангийн найман цэрэг гэмтэж, хоёр ахлагч нас барсан осол гарсан. Хээрийн сургуулилтын үеэр гарсан осолтой холбогдуулж, харьяа ангийн захирагчид хариуцлага тооцсон байна.

ЗХЖШ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2017.04.21/ хуралдаж, 350-р ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлжээ.

“Түүнийг харьяа ангийн хоёр цэрэг амиа алдсан, найман цэрэг гэмтсэн хэрэгт шууд буруутгаж, хариуцлага тооцсон” хэмээн ЗХЖШ-аас тайлбарлалаа. Хурандаа Д.Өлзийбаярын оронд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Очир томилогджээ.

Мөн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Зэвсэгт хүчний 336-р ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилсон байна.

“Тавантолгой” дахь цэргийн сургуулилтын үеэр бэртсэн найман цэргийн хоёрт нь хагалгаа хийж, өнгөрсөн долоо хоногт энгийн тасаг руу шилжүүлэн эмчилж байна. Үлдсэн зургаан цэргийн биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарч, албан үүргээ хэвийн гүйцэтгэж эхэлсэн тухай Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *