Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох тухай хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар мэдээлэл хийв. Тус бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх хуулиудаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Баялгийн тэгш хуваарилалтын тухай, Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай, Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан хувьсгалын ахмадуудад нөхөн төлбөр олгох тухай зэрэг найман хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийх гэнэ.

Тус бүлгийн хуралдаанаар мөн 2016 оны сонгуулийн дараах нөхөн болон дахин сонгууль явуулах тухай АН-ын даргын мэдээллийг сонссон байна. Одоогийн байдлаар сумын ИТХ-ын 30, аймгийн ИТХ-ын 39 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа тул АН-аас эдгээр суудлыг эзэнжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьт нэгджээ. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо 2018 оны төсөвт дахин болон нөхөн сонгуульд зориулж 200 сая төгрөг суулгасныг Төсвийн байнгын хороо хэлэлцүүлгийн шатанд танасан. Энэ нь эдгээр суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах шаардлагагүй гэсэнтэй адил сонсогдож байна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярив.

Дараа нь УИХ-ын үйл ажиллагааны талаарх УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухайд, “Намрын чуулган эхэлснээс хойш УИХ бүтэн цагаар хуралдсан өдөр байхгүй. Хоёр хориг хэлэлцэж баахан бужигналаа. МАН-ын дотоод хагарлаас болж 2018 оны төсөв өнгөрсөн долоо хоногт батлагдсангүй. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Хэрэв хуулийн хугацаандаа батлахгүй бол ямар үр дагавар үүсэхийг бодолцоорой. Одоо УИХ-д орж ирэх хуулиуд нь улстөржсөн хууль байх нь, иргэдийн нийгмийн асуудал, амьжиргаатай холбоотой хууль орж ирэхгүй нь. Төрийн ажил явахаа болилоо. Одоо бидний өмнө олон ажил хүлээгдэж байна. Цаашдаа ингэж ажиллаж болохгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг яаралтай хуралдуулж УИХ-ыг цаашид хэрхэхийг хэлэлцэх хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *