Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах аж

Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүү ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэх, улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 15 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *