Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өрийн хэмжээг 2019 онд ДНБ-ний 55.3 хувьтай тэнцүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг батлав.

Ирэх оны үндсэн чиглэлийг Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны болон Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн үндсэн бүлгүүдийн хүрээнд 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 8 их наяд 780 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнээс 5 их наяд 170 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ирэх онд Засгийн газрын нийт өрийг 10 хувиар бууруулж, ДНБ-ий 55 хувьд хүргэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийхээр тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын өрийн хэмжээг тодруулав. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллахыг санууллаа. Засгийн газраас өрийн хэмжээг тасралтгүй буулгах бодлого барьж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр, “2016 онд Монгол Улсын ДНБ-ний 85 хувьтай тэнцэж байсан. Бид 2019 онд энэ үзүүлэлтийг 30 хувиар буулгаж, 55.3 хувь хүргэх зорилт тавьсан” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжиж, хуулийн төслийг батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *