Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэ хуульд Ерөнхий сайд болон Хуульзүй, Гадаад хэргийн, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохоор заасан. Бусдыг нь “дан дээл”-тэй байлгахаар төсөлд тусгасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариулсан юм.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:

-БОНХАЖЯ ерөнхий чиг үүргийн асуудал эрхэлсэн байхаар өнөөдрийн хуулиар хуульчилсан. Яагаад ерөнхий чиг үүргийн яаманд харъяалуулаагүй вэ. Уг нь дэлхий дээр болж байгаа үйл явцыг харахад байгаль орчны асуудал чухалд тавигдаж байгаа.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Төрийн ямарваа нэгэн бодлого шийдвэр төсөв мөнгөтэй холбоотой явагддаг. Энэ утгаараа Сангийн асуудал хариуцсан сайдыг УИХ-аас сонгож болохоор оруулсан.

УИХ-ын Д.Тэрбишдагва :

-Хууль яг одоо орж ирж байгааг би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Дөрөвхөн сайдыг тусгайлан гаргаж ирээд байна. Яагаад зөвхөн дөрвийг гэж ойлгохгүй байна. Ирээдүйд ялах гээд байгаа юм уу? Батлан хамгаалах бодлого чинь Хууль зүйн яамнаас ч илүү байдаг биз дээ. Ерөнхий сайдыг орлодог хүн чинь Шадар сайд биз дээ. “Шударга ёс”-оос томилж байгаа болохоор оруулахгүй байгаа юм уу. Энэ дөрвөөс бусад нь сонгуульд өрсөлдөхгүй, намдаа мөнгө өгөөд сайд болно гэсэн юм гаргаж ирэх гээд байна шүү дээ. Давхар дээлгүй сайдтай больё гээд МАН жагсаад байсан. Дараа нь хамтарсан засаг байгуулсан чинь давхар дээлтэй болчихоо биз дээ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-“Шударга ёс” гэдэг ч юм уу хэн нэгэн рүү чиглэсэн юм байхгүй. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр тантай санал нэг байна. Тэрийг л хангах гэж ийм өөрчлөлт оруулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Лу.Болд:

-1990 оноос өмнөх уламжлалаар ямар яамд гол яамдад багтаж байсан юм бэ. Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн давхар хийж болно гэдгийн цаана аль ч Засгийн газарт хөдөлшгүй байх ёстой яамдыг зааж өгмөөр байгаа юм шиг байгаа юм. Жишээ нь, Соёлын яам, Батлан хамгаалахын сайд зайлшгүй баймаар байгаа юм. Энд мэргэжлийн хүн гэх шаардлага тавих шаардлагагүй. Дээр нь Байгаль орчны сайдын үүрэг аль цаг үед байх ёстой. Энэ бодлогыг багтааж байна уу?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Монголын хуулийн хувьд уламжлалыг барих шаардлагатай. Тэр ч зарчмыг барьж ирсэн. Гэхдээ өмнөх Үндсэн хуулиудын санааг барих шаардлагагүй байх. Яамны тухайд ганц энэ хуулиар шийдэгдэхгүй. Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэнэ. Судалгаа хийгээд явж байна гэв.

Ингээд санал хурааж, Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *