Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, эдгээр асуудлыг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 4-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2018 онд авах 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн 2 дахь шат” болон “Ухаалаг боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн төслийг дэмжиж, эдгээр хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Б.Болорт олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Зээлүүд нь нийт 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 0.2 хувь, үйлчилгээний хураамж 0.1 байна.

“Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд автобус болон дугуй хэрэгслийн худалдан авалт, автобусны хяналт шалгалт болон жолоодон шалгах, ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Харин “Ухаалаг боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл, технологийн интеграцичлагдсан анги танхим байгуулах, Сургагч багш бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Хорват улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү протокол нь нийт 5 зүйлтэй бөгөөд протокол хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц Европын холбооны бусад улсын адил нөхцөлөөр энэхүү хэлэлцээр Бүгд Найрамдах Хорват Улсад үйлчилж эхэлнэ. Хорват улстай тус протоколыг байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, шинэ салбарт өрнүүлэх эрх зүйн суурь тавигдана.


Товч мэдээ:

– Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2015 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт орууллаа. Өөрчлөлт оруулсны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд ажилллаж байсан бол цаашид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уг комиссыг тэргүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *