Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Түүхий арьс, ширийг 2016 оны 2 дугаар сарын 5 хүртэл экспортолно
Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995,8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14,4 хувиар өссөн байна.
2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.
Дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг гадаадад гаргах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамлыг гадаадад гаргах талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2015 онд зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү, хуш модны самрын идээг “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан шаардлагад нийцүүлэн гадаад улсад гаргах асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 5 аж ахуйн нэгж, 1 иргэн 150 тонн хуш модны самрын идээ, 8 аж ахуйн нэгж 101,5 тонн дэрэвгэр жиргэрүү гадаадад гаргах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгалаа
Зарим аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө. Тогтоолын дагуу ажиллах хүч, мэргэжилтнээр төлөвлөгөөт ажлыг гүйцэтгүүлэн, 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нар үүрэгт болголоо.