ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Би Далай ламын айлчлалын асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Ингэхдээ хувь хүний бус Засгийн газрын байр сууриа илэрхийлсэн. Өөр дотоод гадаадын хэвлэлд ярилцлага, мэдэгдэл өгөөгүй. Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашид ч баримтална. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Энэ бол БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал. Далай ламын Монгол Улсад шашны байгууллагын шугамаар хийсэн айлчлал улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Гэсэн хэдий ч энэ айлчлалаас болж хоёр улсын хооронд үл ойлголцох харилцаа бий болсон. Үүнд манай улс харамсаж байгаагаа илэрхийлсэн. Энэ айлчлалыг зохион байгуулахад УИХ, Засгийн газар оролцоогүй. Харамсалтай нь энэ айлчлалын асуудал хоёр орны харилцааны, үүнээс улбаалаад эдийн засгийн санхүүгийн үр дагавартай асуудал болсон. Энэ бүхнийг харгалзаад “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам Монгол Улсад айлчлахгүй” гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн. X богд шашны асуудал. Тиймээс Засгийн газар оролцохгүй. Би зөвхөн Засгийн газрын байр суурийг энэ хэмжээнд тайлбарлаж ярина.
Давхар харъяаллын асуудлаар мөн “Өдрийн сонин”-д сэтгүүлч байр сууриа илэрхийлсэн байсан. Гэтэл энэ нь миний өгсөн ярилцлага мэтээр ойлгогдож цахимаар түглээ. Үүнд “Өдрийн сонин” залруулга гаргасан. Давхар харъяаллын хувьд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гадаадын 78 оронд ажиллаж, амьдарч байгаа 130 мянга гаруй иргэдийг төлөөлөөд 400 гаруй төрийн бус байгууллага хоёр асуудал тавьсан. Зарим тохиолдолд монголчуудыгаа эргээд харъяалалд нь аваач ээ, мөн гадаадад амьдарч ажиллаж байгаа иргэдийн хүүхдийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьж байгаа. Үүнийг судалж, дэмжих хэрэгтэй. Үүнийг гуйвуулаад олон мянган гадаад иргэдийг Монголын харъяалалд оруулах гэж байгаа мэт улстөржүүлжээ. Дэлхийн 172 улсаас давхар харъяаллыг 51 нь зөвшөөрдөггүй, 50 нь зөвшөөрдөг. Үлдсэн 71 нь зарим тохиолдолд зөвшөөрдөг. Манай улс зөвшөөрдөггүй 51 улсад хамаардаг. Харин бид өнөөдөр зарим тохиолдолд зөвшөөрдөг улсынх нь тоонд орох уу гэдгийг судалж байна. Ингэхдээ гадаадын иргэнийг Монгол Улсын харъяат болгохгүй. Монгол аав, ээжтэй хүүхэд гадаадад төрөөд, гадаад иргэн болсон тохиолдолд монгол улсынхаа иргэн болгохоор судалж байна . Хятад улс угаасаа давхар харъяалал зөвшөөрдөггүй. Тиймээс Хятадуудыг харъяалалдаа авах нь гэж улстөржүүлэх хэрэггүй хэмээлээ.