Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү

Засгийн газрыг унагах ээлжит хуйвалдаан эхлээд басчиг удлаа. Манай сонин энэ талаар “Цөөврүүд дахин улилдаж эхэллээ” хэмээн бичиж байсан. Намнаж идэх амьтнаа дагаад л, хаанаас ч юм бүү мэд цөөврүүд ганц нэгээрээ нэмэгдээд байдаг даа. Үүний адилаар Засгийн газрыг огцруулах нөхдийн тоо өөр өөрийн эрх ашгийн хүрээнд нэмэгдсээр л байгаа дуулдана. Яг үнэндээ тэрхүү сүрэгт нарийн бодож тунгаасан, төлөвлөж тооцоолсон зүйл алга. Зүгээр л гарын үсгээ зурна, зурахгүй гэж богино зайн тоглолт хийж байгаад ганц нэг тендер авах, шийдүүлэх асуудлаа зүтгүүлэх бодол байх шиг. Энэ бол цөөврүүдийн бодит зураг. Харин тэр цоохор сүргийг турхираад сууж байгаа эзэд нь сөрөг хүчин МАН. Тэдний хувьд АН-ын ээлжит Засгийн газрыг унагачихвал өрсөлдөгч намынх нь нэр хүнд улам бүр унаж, нөгөө талд нь хонжоо олно гэж тооцоолж байж болох юм. Магадгүй 2000-2004 онд дөрвөн Засгийн газрын нүүрийг үзүүлж байсантай нь харьцуулахад нэгийг унагаад нэгтэй явж байгаа нь чамлалттай санагдаж байгаа байх. Гэвч цаг үе өмнөхөөс өөр болжээ. Үүнийг МАН-ынхан зөв тооцоолох хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиас хойш улс төрийн намуудын рейтинг унасаар ирснийг тэр дундаа хоёр том нам болох АН, МАН-ын рейтинг хосоороо шааригдсаар уруудаж орхисныг бид бүгд мэднэ. МАН-ын нарийн бичгийн дарга болох нэг бүсгүй “Ард иргэдийн дэмжлэг манай нам руу эргэлээ” хэмээн мөрөөдөнгүй ярилцлага өгсөн нь үнэндээ амьдрал дээрхтэй нийцэж чадахгүй л байлаа. Эрх баригч АН-ын нэр хүнд унахын хэрээр хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа МАН-ын нэр хүнд буусан янзаараа л байна.

Тэгэхээр Засгийн газрыг унагалаа гэхэд Засгаа эвдүүлсэн АН-ын рейтинг унахаас гадна МАН-ынх ч бас бууна. Бүр дагаад Монголд парламентат засаглалын нэр хүнд, итгэл үнэмшил хог дээр үсэрнэ дээ. Төлөөллийн ардчилал, парламентат тогтолцоо бол үндсэндээ Монголын тусгаар тогтнолын баталгаа юм. Гэтэл парламентын засаглалд итгэх ард олны итгэл үнэмшил байхгүй болчихвол юу болох билээ дээ. Энэ парламентыг ажиллаж эхэлсээр юуг ч хийсэнгүй, юуг ч амжуулсангүй гэж шүүмжилж байгаа. Дуусахад ганц намар, ганц хаврын чуулган үлдчихээд байхад хийсэн ажлын 60 хувь нь Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал байлаа хэмээн буруутгадаг. Хэрэв дахиад нэг Засгийн газрыг боомилохоор болбол хийсэн ажлынх нь 80 хувь нь Засгийн газрын хувь тавилангаар тоглох ажил байжээ хэмээн түмэн олон дүгнэнэ. Уучлаарай, гэхдээ энэ парламент миний эсвэл хэн нэгэн Дорж, Дулмаа сууж байгаа парламент биш, харин АН, МАН-ын гишүүн таны дийлэнх нь сууж байгаа парламент шүү дээ. Та бүхний холыг хараагүй шийдвэрүүд чинь эргээд Монгол дахь парламентын засаглалыг үгүйсгэхэд хүргэх аюул бий учраас ийн улиглаж байгаа юм.

Засгийн газрыг огцруулах нь заан тугаллахаас удаан. Үнэнийг хэлэхэд Засгийн газрыг огцруулах бас тэгээд шинийг томилох үйл явц багагүй цаг авч таарна. Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар боллоо гэхэд үндэслэлээ гаргаж, өргөн барьж, тэр дунд нь завсарлага энэ тэр авсаар байгаад шинэ жил болгож таарна. Эргээд шинийг байгуулна гэж тэрнээсээ бүүр удна. Тэрний тэр, энэний энэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, өөрчилнө. Тэгсээр байгаад Мартын 8 хүргэж эмхэлбэл дээдийн заяа. Дунд нь УИХ-ын чуулган завсарлаж таарна, ээлжит бус зарлана, үгүй гэсээр байгаад шинэ Засгийн газрыг байгуулах гэж багагүй цаг гарзадна. Сонгуультай зэрэгцэж байгуулагдсан Засгийн газар юу хийж чадах вэ дээ. Зуу хоногоо дүгнэх, зулай битүүрлээ гэж ярихыг ч саналтгүй. Их сайндаа Үндэсний их баяр наадмаа ёслон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах наадмын комиссыг томилно биз. Үнэндээ өөр юуг ч хийж амжихгүй. Тийм байтал ингэж тулсан цаг хугацаанд Засгийн газрыг огцруулах тухай ярина гэдэг амиа хорлосноос ялгаагүй. Ялангуяа хоёр том нам болох АН, МАН-ын хувьд. Бусдын хувьд бага сага хонжоо гарч болох л юм. Арай дөнгүүрт итгэж байсан МАН, АН-ын нөхдийг ийнхүү амиа егүүтгээд өөрсдийгөө хорлоод хаячихвал сонгогчид бусдад итгэж саналаа өгч таарна. Аливаа үймээн самууны үеэр хонжоо хайж явдаг үхэшгүй мөнхийн хувилгаан Цамба энэ тэр ч билүү баахан амьтад тодордог шиг 2016 оны сонгуулийн дараа баахан бие даагч, баахан популист гараад ирчихвэл гайхах юм алга. Улс төрийн нам болж төлөвшөөгүй, үзэл баримтлал, үнэт зүйл гэж байхгүй баахан нөхрийн цуглуулга, эргээд хариуцлага хүлээх чадваргүй баахан бие даагч гараад ирчихвэл хэцүү л юм даа.

Тэр үед одоогийн сэхээний ширээн дээр дусал залгуулаад хэвтэж байгаа Монголын эдийн засаг жинхнээсээ цааш харах болно. Одоо бол бас ч гэж Оюутолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалт, Тавантолгойн төсөл, энд тэндээс орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийн сураг арай ч үхүүлчихгүй дэм болж байна. Энэ үедээ том намууд нэг нэгнээ дэмнээд, байгаа Засгийн газраа багалзуурдчихын оронд чиглүүлээд зүтгүүлээд бас хамтарч шахаад ажиллуулаад үзвэл аль ч утгаараа дээр юм. УИХ дахь бие даагч Ц.Даваасүрэн гишүүний нэг хэлсэн үг бий. Тэрбээр “Та нар эх орондоо амьдрахгүй АНУ руу гараад зугтчихна гэж бодож байна уу. Тэндээс чинь та нарыг авчраад шүүх болно. Бид шударга төр, шударга засгийг тогтооно” гэсэн. Энэ бол эрх баригчдад ч юм уу, АН-д ч юм уу. Эсвэл Оюутолгойн ТУЗ-ийнхөнд хэлээд байгаа үг биш юм. МАНАН-д зориулж хэлж байгаа үг. Ерээд оноос хойш өдийг хүртэл ээлжилж, хамтарч засгийн эрхийг толгойлж байсан бүх хүчнүүдэд, хүмүүст зориулж хэлсэн үг. Хуулийн хүрээнд ажиллах хуульт засаг гэж байхаас шударга засаг гэж юусан билээ. Хуульд захирагдалгүй өөрсдийн шударга гэж бодсоноороо тэрхүү шударга засгийг тогтоох нь коммунист засаглалаас ялгаа ч юу байхав. Ийм хүмүүсийн гарт Засгийн эрх очвол, парламентат засаглалд хүмүүс итгэхээ байгаад өөрийг илүүд үзвэл ямар аймшигтай вэ. Тэр үед эдийн засаг сайжирсан муужирсан гэж яриад ч хэрэггүй. Монгол Улсын хувь заяаны талаар ярих болж таарна. Олон жил нэг даргын, нэг намын буулганд байж ирсэн хүмүүс үнэндээ тийм засаглалыг хүсэхгүй байна. Үйл явц нь удаан зовиуртай ч ардчилалтайгаа, хэрүүлтэй ч гэсэн хариуцлага хүлээх улс төрийн хүчинтэйгээ байх нь дээр байна. Тиймээс Засгийн газрыг унагах гэж төлөвлөж яваа, шордож байгаа улс төрийн хүчин, түүний гишүүд жаахан хазаар татаж өнөөдрийн жаахан хонжоо яахав, маргаашийн ирэх үр дагаврыг бодож, хэлэх үг, хийх үйлдлээ анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдлээ. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе. Монголчууд хэдэн малтай хэрнээ махаа үнэтэй идэж байна гэсэн шүүмжлэл явдаг. Үнэхээр ч үнэтэй идэж байна. Ойрын өдрүүдэд махны үнэ огцом унаж, 2500 төгрөг хүрлээ. Гэвч хоолны газруудын үнэ хямдарсангүй. Энэ талаар “Хонины мах кг нь 8500 хүрэхэд 800 төгрөг болсон хуушуурын үнэ буухгүй байна” өдрийн сурвалжлагыг хүргэж байна. Нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “Өрсөлдөгчтэйгөө нийлж өөрийнхнөө намнадаг улс төр л явж байна” ярилцлагыг өнөөдрийн дугаараас онцлох ёстой юм. Тэрбээр хамаатан садандаа орон сууц өгсөн гэх мэдээлэл цацагдаж, энэ талаар өөрийн цахим хуудсаар няцаалт өгч олон нийтийн анхаарлыг татаад авсан. Манай сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа тайлбар хийв. Мэдээж, түүний ярилцлагын гол сэдэв нь ганц энэ ч биш юм. Тэрбээр АН-ын залуу лидерийн хувьд намдаа өрнөж буй асуудлууд, хагарал, хэрүүл зөрчлийн талаар байр сууриа илэрхийлж, “Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломжгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг” гэв. Мөн цааш нь манай сэтгүүлчийн нэг асуултад хариулахдаа “…хуулийн шинэчлэл хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. … Иргэнд зориулсан энэ шинэчлэлт өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой…” гэжээ. Түүний ярилцлагыг нэг, дөрөв, зургадугаар нүүрээс уншаарай. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү” нийтлэл хэвлэгдэж гарлаа. Олон улсын циркчдийн фестивальд оролцсон Б.Үржинбадамын ярилцлага 13 дугаар нүүрт гарлаа. Тэрбээр дэлхийн циркт нэгэн шинэ хуудас нээж, анх удаа гурван эргэлттэй үзүүлбэр үзүүлсэн юм. Тэрбээр уншигч та бүхэнд амжилтаасаа хуваалцаж байна. Мөн дуурийн дуучин У.Уранцэцэгийн “Дэлхийгээр хэсч дуулж явдаг хүн дээ, би” ярилцлага болон “Монгол ноолуураар гангарсан Жеймс Бонд” зэрэг олон сонирхолтой материалуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *