Categories
мэдээ нийгэм

Засгийн газарт шатахууны үнийг бууруулж, тогтворжуулах шаардлагыг хүргүүлнэ

Он гарснаар шатахууны үнэ шалтгаангүйгээр гурван ч удаа нэмэгдсэнтэй холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн гишүүд болон зам тээврийн бодлогын газар хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим газруудад шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа, шатахуун түгээх газрууд хуурамч шатахуун борлуулсан болон шатахууны хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэнд иргэд бухимдалтай байгаа гэв.

Шатахууны импортын татварыг тэглэчихээд байхад үнэ нь өссөөр байгааг зохиомол хөөрөгдөл гэж үзэж байгаа аж. Шатахууны үнийг эргэн буруулж, тогтворжуулахыг иргэд хүсч байгаа учраас Ардчилсан намын зам тээврийн бодлогын зөвлөлөөс Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Үүнд улсын хэмжээнд буюу 21 аймаг, есөн дүүрэгт худалдаалагдаж байгаа бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг нэн даруй бууруулах шаардлагатай. Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил түвшний үнэ тогтоох болно”гэсэн амлалтаа биелүүлэхийг шаарджээ.

Он гарсанаас хойш бензин, дизель түлшний үнийн өсөлтийг хооронд нь харьцуулбал нэгдүгээр сард Улаанбаатар хотод А-80 1л-1550 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 1580 төгрөгт хүрчээ. Харин Дорноговь аймагт тус бензин өнгөрсөн нэгдүгээр сард 1л-1560 төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ сарын дөрөвний байдлаар 1л-2070 төгрөгөөр худалдаалж, шатахууны үнэ 32 хувиар өссөн байна.

Авто замын бодлогын мэргэшсэн инженер Ж.Энхбат, “Баяр наадам дөхөөд ирэхээр амьжиргаанд зайлшгүй хэрэгтэй бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлж, иргэдээр тохуурхдаг. Одоо ч мөн адил байна. Засгийн газар ОУВС-гийн нэрийг барьж иргэдийг татвараар дарамталж, үнийн хөөрөгдлийг дээд цэгт нь тулгаж буйд иргэд бухимдаж байгаа. Тиймээс дэлхийн зах зээлд ашигладаг үнэ буурч байхад онцгой албан татварыг нэмж хуримтлал үүсгэдэг. Харин үнэ өсөх үед татвараа буулгаж, өмнө нь үүсгэсэн хуримтлалаасаа үнийн өсөлтийг зохицуулдаг жишгийг дагах хэрэгтэй байна” гэв.

Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Болорсүрэн, “Ойр ойрхон шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэн амьдралаа залгуулах гэж ядаж яваа нэг иргэний халааснаас жилд 600 мянган төгрөг дэмий урсч байгаа. Энэ илүү зардлаас болоод айл өрхүүд хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. Уг нь АН-ыг засаг барьж байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шатахууны үнийг хэвийн барьж, бүр тодорхой хэмжээнд буулгаж байсан түүхтэй. Тиймээс эрх баригчид иргэдийн амьдралын бодит байдалтай танилцаж, түүнтэйгээ уялдсан бодлого гаргаач ээ” хэмээн хүсч байлаа.

Шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэн, хот хоорондын зорчигч тээвэр болон бүх төрлийн ачаа тээвэрлэлтийн зардал нэмэгдэх эрсдэл үүсч байгаа юм. Хэрэв нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсч болзошгүй талаар хэлж байв.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *