Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2016.06.16-нд/ болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх 7 хоногийн эх гэхэд тухайн иргэний дансанд орно гэж Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан мэдээллээ.
“Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300426 төгрөгөөр зохих журмын дагуу шууд, цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж, тогтоолд тодорхой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, ямар нэгэн байдлаар хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй. Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээллүүдэд үнэний хувь байхгүй гэж мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа. Цаашид хуваарийн дагуу хийгдэхээр төлөвлөгөөнд туссан учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Тодорхой гүйцэтгэл гараагүй байхад зарим нэгэн төрийн байгууллагууд янз бүрийн мэдээлэл гаргаж, үүгээр янз бүрийн улс төр хийж, ард түмний дунд буруу мэдээлэл гаргах явдал гарч байна. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой бодит мэдээллийг олон нийтэд мэдээллэхийг хүсч байна гэж Сангийн сайд Болор хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.