Categories
мэдээ улс-төр

Засгийг огцруулах асуудлаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл шийдэлд хүрч чадаагүй байна

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдлаа. Хурлаар Засгийн газрыг огцруулах асуудал, Бага хурлын хугацааг товлох ёстой байв. Гэвч тэд тодорхой шийдэлд хүрч чадаагүй тарсан болохыг эх сурвалжууд дуулгав. Өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гаригт МАН-ын бүлэг хуралдаад Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй. Харин Бага хурлынхаа товыг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны дараа товлох нь зүйтэй гэж үзэцгээсэн. Өчигдрийн байдлаар тэдний энэ шийдвэр хэвээр байлаа.

УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 7-ны дотор болох ёстой. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ж.Эрдэнэбатын засгийг унагах уу, авч үлдэх үү гэдгээ тодорхой болгох юм байна. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар өчигдөр протокол гаргажээ. Юун тухай ямар учиртай протокол гаргасныг хэд хэдэн МАН-ын гишүүдээс тодруулсан боловч тоймтой хариулт өгсөнгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр энэ протоколдоо МАН-ын Бага хурлыг хуралдуулах шаардлагагүй тухай дурдсан гэх. Харин Их хурлаа зарлаж, нам доторх асуудлаа цэгцлэх ёстой гэж үзсэн бололтой.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *