Categories
мэдээ улс-төр

Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг орхихгүй гэлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа Засгийн газар танхимдаа сэлгээ хийснээр 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болсон талаар намын байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч энэхүү төсөв нь Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай байх үеийнхээр төсөөлөгдөж, өргөн мэдүүлсэн төсөл аж. УИХ-аас өчигдөр Засгийн газрын бүтцийг шинэчилэн баталсан, тиймээс 2015 оны төсвийг дахин боловсруулах шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.

Тус бүлэг 2015 оны төсвийн хуулийн төслийг өчигдөр хүлээн авсан байна. Төсвийн хуультай танилцахад өрийн хэмжээг нэмэгдүүлж, ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ.

Мөн Засгийн газар шинэ бүтцээр ажиллах болсноор шинээр гурван сайдын нэрийг өргөн мэдүүлнэ. Шинээр санал болгох сайд нь “Давхар дээл”-гүй байх, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сайд нарын нэрийг дахин санал болгохгүй байх зэрэг шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа С.Бямбацогт дарга онцолсон юм.

Тэрээр мөн бүтцийн асуудал, хариуцлагын асуудал тус, тусдаа яригдах асуудал гэдгийг онцолж байна. Ажлынх нь үзүүлэлтээр дүгнэвэл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас гадна Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж нар муу дүн авах аж. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг орхихгүй гэдгээ энэ үеэр тодотголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *