Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цасан шуурга шуурна

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

2015 оны 02 дугаар сарын 21-нээс 2 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *