Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн уулзварын гүүрний засварын ажил эрчимтэй өрнөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлын талбай дээр ажлын хэсэг ирж ажиллаа. Уг гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлүүд үүссэнийг шийдвэрлэхийг газрын албанд үүрэг болголоо. Гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын хоолой, цэвэр усны шугамын шилжүүлэг хийгдэж байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ оны 11 сар гэхэд дам нурууныхаа гол суурийг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага хотын даргад танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *