Сүүлийн үед гарч буй зам тээврийн ноцтой осол, зөрчлийн талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл өгсөн.
Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир гадаад иргэдтэй холбоотой зөрчлийн талаарх сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Гадаад улсын, тэр тусмаа ОХУ-ын иргэд тээврийн хэрэгслийн байрлан явах дүрмийг зөрчих эсвэл тээврийн хэрэгслээ явган хүний зам дээр тавьсан зэрэг зөрчлийг иргэд ихээр шүүмжилж буй.
Уг асуудлуудад цагдаагийн байгууллага холбогдох хууль дүрмийнх нь дагуу тухайн иргэдийг дуудаж, шийтгэх хуудсаар арга хэмжээ тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад иргэдийн жолооны үнэмлэхийг багаж дээр хэрэглэх боломжгүй учраас шийтгэх хуудсаар арга хэмжээ тооцоод, дараа нь торгуулийн мэдээллийн санд шивж оруулж буй гэсэн үг.
Ингэхдээ яг хууль дүрмийн дагуу буюу Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байна.
Одоогийн байдлаар, фото зурган зөрчлөөр гадаадын 35 иргэнд арга хэмжээ тооцсон. Тухайн иргэд дандаа тээврийн хэрэгслийн байрлан явах журмыг зөрчсөн эсвэл түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ тавьсан байна.
Мөн тэднээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон” гэлээ.