Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ингэж өөрчлөгджээ

Наадмын
өмнө баталсан Замын хөдөлгөөний аюул­гүй байдлын тухай хууль ирэх есдүгээр
сарын 1-нээс хэрэгжинэ. 1996 онд бат­лагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуульд замын хөдөлгөөний дүрэм голчлон орсон, ерөнхий зохицуулалттай
байсан бол хуулийн шинэчилсэн найруулгаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын
эрх, үүргийг тодотгож өгснөөрөө онцлог. Мөн зөрчлийг төрөл, хэлбэрийн зүйл
заалтаар илүү задалж, нарийвчилжээ.

Зөрчил
гаргасан жолооч, явган зорчигчдод хүлээлгэх хариуцлагыг өндөр болгосноороо шинэчлэн
баталсан хууль онцлог. Тухайлбал, өмнөх хуулиар замын хөдөлгөөний зөрчил
гаргасан этгээдэд эрүүгийн, захиргааны, сахилгын шийтгэл ногдуулна гэж ерөнхий
заасан байдаг бол есдүгээр сараас мөрдөх шинэ хуулиар торгуулийн хэмжээг
тодорхой зааж өгсөн.

Шинэчлэн
баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг тоймлон хүргэе.

Үндэсний
зөвлөлийг Ерөнхий сайд даргална

Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг УИХ жил бүрийн нэгдүгээр
улиралд хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилд
гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан, үүрэг хүлээсэн холбогдох
байгууллагууд хэрхэн ажилласан талаарх тайланг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Энэ тайланг шинээр байгуулагдах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний
зөвлөл тайлагнана. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд Засгийн
газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус
байгуул­лагын удирдлагын төлөөллийг тэнцүү оролцуул­сан, орон тооны бус
бүтэцтэй байх аж. Орон тооны ажлын албатай байх уг зөвлөл замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах бодлогын бичиг баримт боловсруулах, бүртгэл мэдээллийн
нэгдсэн санг нэгтгэх, тайлан гаргах үүрэгтэй ажиллана. Аймаг, нийслэл, сум
дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ч зам тээврийн ослыг бууруулах,
урдчилан сэргийлэх урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулах үүрэг
хүлээжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ
замын хөдөл­гөөний нөхцөл байдлыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа хоёроос
доошгүй тайлагнах ёстой.

Үндэсний
зөвлөлөөс эхлээд орон нутгийн төрийн байгууллага, ИТХ зам тээврийн осол
гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг байнга зохион байгуулах
талаар хуульд тусгасан байна.

Үүнээс
гадна зогсоолгүй газар тавьсан машиныг ачих, тээвэрлэх маргаан байнга шахам
гардаг. Тэгвэл харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж
шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа (байр) ажиллуулах шийдвэр
гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох
үүргийг ИТХ хүлээжээ.

Хүүхдээ
ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно

Бага
насны хүүхэд ганцаараа зам гарч яваад осолд өртөх нь их. Тэгвэл шинэчилсэн
хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оруулж байгаад
зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан
тушаалтанг хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр торгох аж. Мөн
зам дээр болон ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангаагүй, өөрийнхөө оршин суугаа газартаа хамаарах замын бохирдол,
мөсийг цэвэрлээгүй бол иргэн хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай
тэнцэх, хуулийн этгээд хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх юм
байна. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд замын мөс цэвэрлэх, бохирдол
арилгах үүрэг хүлээж байна. Өвчтэй, ядарсан үедээ явган явж байгаад замын
хөдөлгөөнд оролцож зөрчил гаргавал хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
50 хувьтай тэнцэх торгууль төлөх юм байна. Мөн ядарсан, өвчтэй иргэнээр
тээврийн хэрэгсэл жолоодуулсан аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно. Тухайн иргэн ядарсан
эсэхийг эмнэлгийн байгуулага тогтоох бөгөөд хэдэн цаг тасралтгүй машин
жолоодсон бэ гэдэг нь гол үзүүлэлт болох аж. Хуулийн энэ заалт хот хооронд тээвэр
эрхэлдэг аж ахуйн нэгж, жолооч нарт илүү хамаарах бололтой.

Зам
тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг хараад цагдаагийн байгууллагад шуурхай
мэдээлээгүй бол иргэн мөн хариуцлага хүлээнэ. Зам тээврийн осол хараад мэдээлэл
өгөөгүй бол иргэн 19200, хуулийн этгээд 192 мянган төгрөгөөр торгуулна гэсэн
үг.

Гар
утсаар яривал 9600 төгрөгөөр торгуулна

Шинэ
хуулийн замын хөдөлгөөний зөрчил бүрийг тодорхойлж, хүлээлгэх хариуцлагыг
заажээ. Тухайл­бал, тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утсаар яривал
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх мөнгөөр торгох аж. Энэ
нь одоогийн байдлаар 9600 төгрөг юм. Дугаарын хязгаарлалттай өдөр зарим жолооч
нар машиныхаа улсын дугаарыг солих, өөрчлөх тохиолдол гардаг. Тэгвэл улсын
бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн эсвэл буруу байрлуулсан бол иргэнийг 48
мянган төгрөгөөр торгох аж. Улсын дугаарыг өөрчилж замын хөдөлгөөнд оролцсон
бол 96 мянган төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг 384 мянган төгрөгөөр
торгох юм байна. Хуурамч дугаар ашиглавал иргэн 192 мянган төгрөгөөр торгуулж
нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах юм байна. Харин
хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгохоор хуульд заажээ. Бүрэн бус
тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5-25 хувьтай
тэнцэх торгууль төлнө.

Жолооч,
зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй,
мотоцикль, мопедын жолооч болон зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол
9600 төгрөгөөр торгуулахаар хууль­чилжээ. Хяналт, шалгалт явуулах эрх бүхий
ажилтны шаардлага биелүүлээгүй бол 9600, тусгай дуут дохиотой машинд зам тавьж
өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгуулна. Өөрөөр хэлбэл, цагдаатай маргалдаж,
түргэний машинд зам тавьж өгөхгүй бол торгууль төлөх юм байна.

Зам
тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй бол 96 мянган төгрөгөөр мөн
торгуулна.

Согтуу
машин жолоодвол 384 мянгаар торгуулж,
сар
баривчлагдана

Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль машин жолоодох эрхийг хасах цөөн заалт
бий. Ихэвчлэн торгох шийтгэл оногдуулах зүйл, заалттай. Харин согтуу­гаар
тээврийн хэрэгсэл жолоодвол торгохоос гадна эрхийг нь хасч, баривчлах шийтгэл
оногдуулна. Тодруулбал, уг хуулийн 27 дугаар зүйлд-“Согтууруулах ундаа,
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл
жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн
хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан
сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заажээ. Согтуу
машин жолоодвол 384 мянган төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ хоёр жил
хүртэл хугацаагаар хасуулна гэсэн үг.

Жолооч
согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, зам
тээврийн ослын улмаас гэмтсэн, нас
барсан хүний тоо бүртгэх зааврыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах юм байна.

Согтуу,
сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол мөн
машины эзэн 96 мянган төгрөгөөр торгуулах юм байна. Хэрвээ жолооны эрхээ
хасуулсан этгээд согтуу, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгуулж, 7-30 хоног баривчлагдахаар
хуульчилжээ. Мөн жолооны эрхээ хасуулсан хүн жолоо баривал 192 мянган төгрөгөөр
торгуулахаас гадна дахин ийм зөрчил гаргавал 30 хоног баривчлагдаж, дахин эрхээ
гурван жилээр хасуулах аж.

Жолооч
нар үнэмлэхээ гэртээ, ажил дээрээ март­чихаад жолоо барих тохиолдол гардаг.
Тэгвэл 48 мянган төгрөгөөр торгуулна гэсэн үг.

Урсгал
сөрвөл
эрхээ
хасуулна

Замын
хөдөлгөөний дүрмийн тодорхой зөрчил бүрийг хуульд тодотгож, торгууль оноох
заалт оруул­жээ. Гэрлэн дохио, анхааруулах дохио, эгнээ байр эзлэх журам, хурд
хэтрүүлэх, хэт удаан явбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10-25 хувьтай
тэнцэх төгрөгөөр торгох юм. Мөн жолооч урсгал сөрсөн бол 96 мянган төгрөгөөр
торгуулж, жолооны эрхээ зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасуулна.
Хурд хэтрүүлбэл 48 мянган төгрөгөөр торгуулж, зургаан сарын хугацаагаар жолоо
барих эрхээ хасуулах юм байна.

Зам
муу зассан бол 960 мянган төгрөгөөр торгуулж, хохирлыг нөхөн төлнө

Явган
зорчигч гарцгүй газраар гарах зэргээр дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгуулна.
Хэрвээ согтуу байвал торгуулийн хэмжээ нэмэгдэж 48 мянган төгрөг болох юм
байна.

Хэрвээ
жолооны эрхгүй, согтуу, мансуурсан хүнээр жолоо барихыг шаардсан, нөлөөлсөн бол
мөн 48 мянган төгрөгөөр торгоно. Харин энэ тохиолдолд хуулийн этгээдийг 960
мянган төгрөгөөр торгох аж. Мөн жолоочийнхоо хөдөлмөр, амралтын горим зөрчсөн
албан тушаалтанг 192 мянга, хуулийн этгээдийг 576 мянган төгрөгөөр торгох юм
байна. Авто зам, замын барилга байгууламжийг эвдсэн, өөрчилсөн, хаасан этгээд
9600-192 мянган төг­рөгөөр торгуулахаар хуульчилжээ. Торгуулахаас гадна
хохирлыг нөхөн төлөх аж.

Үүнээс
гадна замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх
хэрэгслийг бүрэн бүтэн байрлуулаагүйгээс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн
бол буруутай иргэнд 384 мянга, аж ахуйн нэгжид 960 мянган төгрөгийн торгууль
оногдуулна. Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу
хийгээгүйгээс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн бол холбогдох албан
тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж,
зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг
сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай хуульчилжээ. Мөн инженерийн
шугам сүлжээ хийх зорилгоор зам сэтлэх, замын дээрх худаг таггүй болсон, замын
гэрэлтүүлэг эвдэрсэн бол холбогдох албан тушаалтан, байгууллага хариуцлага
хүлээхээр хуульчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *