Утас, телевиз гээд бүх зүйл ухаалагжсан энэ үед төр хүртэл ухаалаг болно гэж яриад эхэлсэн. Яг одоо ухаалаг болгохоос аргагүй нэг зүйл байна. Тэр нь машин явдаг засмал зам. Сүүлийн үед тавьж байгаа замууд нэг л биш ээ. Бүр даанч яав даа гэмээр сонин сонин замууд хаа сайгүй. Ямар ч хэрэггүй, хэн ч явдаггүй газарт зам бариад байх юм. Уг нь зам барина гэдэг тоглоом биш. Өчнөөн тэрбум төгрөгөөр бүтдэг эдийг хэн нэг нь дээшээ харж байгаад тавиад байж боломгүй санагдана.
Зуунмод Улаанбаатар чиглэлийн засмал замыг Мэргэжлийн хяналтынхан “Ашиглаж болохгүй” гээд бүр тусгайлан дүгнэлт гаргасан байна лээ. Өнөөдөр тэр замаар машин цувсаар байгаа. Явахаас аргагүй гол замуудын нэг болохоор аюултай гээд хаана гэж юу байхав.
Налайх Зуунмодыг холбосон шив шинэхэн нэг зам байна аа. Тэр замаар өдөрт хаа нэг ганц, хоёрхон машин л явдаг. Яах гэж барьсан нь ойлгомжгүй. Яаж ч бодоод эдийн засгийн ашиг харагдахгүй нэг хачин зам тэнд байна. Гэтэл Налайх Улаанбаатарыг холбосон зам баригдаад хэчнээн жил болсон билээ. Лав л дөчөөд жил болж байгаа. Гар хүрч засч янзалсан юмгүй тэр замаар өдөрт хэдэн зуун машин зорчдог. Өглөө ажил эхлэх, орой тарах үед бол машинууд Налайх хүртэл түгжирдэг болсон. Налайхаас нийслэлд ажил хийдэг хүн жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор цаашдаа бүр ч олон машин цувна.
Шуудхан хэлэхэд Налайхын зам өнөөдөр хүн алдаг зам болчихсон. Нарийхан гэж жигтэйхэн энэ замын энхэл донхол, нүх энэ тэр бол бүр дэндсэн. Энэ замаар нүүрс ачсан портер тасралтгүй цувж байдаг. Налайхад амьдраад хотын төв рүү ажилладаг улс өдөр бүр өглөө, оройд зорчоостой. За тэгээд зун болохоор олширдог Цонжин болдог, Тэрэлжийг зоригсод байна. Тэд мөн л Налайхын “алуурчин” замаар зорчдог. Нарийнхан зам дээр хурдлах машинууд засвар зай гарвал л нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэнэ, өөдөөс нь явж байгаа нь бас хурдан явах гэж булталзаастай. Налайхын зам дээр гардаг ослууд нэг иймэрхүү шалтгаантай. Энэ зам дээр долоо хоног бүр хүн амиа алддаг гэсэн тоо бий. Саяхан гэхэд л өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэсэн жижиг машин өмнөөсөө ирж байсан портертой мөргөлдсөнөөс болж урд талынх нь суудал дээр хүүгээ тэврээд сууж явсан бүсгүй амиа алдсан. Ээждээ тэврүүлсэн хэдхэн сартай нялх ч эндсэн. Ийм сэтгэл эмзэглүүлсэн ослууд өчнөөн гараад байхад өнөөдрийг хүртэл Налайхын замд санаа зовсон хүн алга.
Жилд нэг л удаа, тодруулж хэлбэл наадмаар явдаг зам байна. Тодруулж хэлбэл Хүй долоон худгийн зам. Тэнд нэг биш бүр нэжгээд зам барьчихсан. Хүй долоон худаг руу очдог зам гэхэд л дөрөв. Хойшоо нь уруудаад Рашаант ордог нэг зам бий. Тавын таван замыг жилд ганцхан удаа ашиглахын тулд тавьсан байх юм. Эрх мэдэлтэй улсуудын хувийн хүслээр баригдсан уу, цөөхөн хэдэн хүний эрх ашиг нөлөөлөөд ийм олон замд өчнөөн мөнгө зарсан уу бүү мэд. Өөр ч шалтгаан байж мэдэх юм.
Уг нь зам гэдэг аль болох олон машин цувж л байвал ашгаа өгнө. Толийсон сайхан засмалаар салхи татуулах машинууд элэгдэж сүйд болохгүй. Тэр хэрээр эзнийхээ хэтэвчин дэх хэдийг хэмнэнэ. Зөв газраа барьсан саадгүй замаар түмэн амьтан холхино. Дэлгүүрийнхээ барааг татах нь татаж, байшин барих нь барилгын материалаа зөөж, аймгийн төвд үйлдвэр ажиллуулдаг нь бүтээгдэхүүнээ хотод авчирч мөнгө болгож, зам дагуу байгуулсан үйлчилгээний газрууд нь хөөрхөн мөнгөжинө. Монголын хөдөөг зорих жуулчдын тоо ч зам баригдах хэрээр нэмэгдэнэ. Хөвсгөлд гэхэд л далай үзэхээр гарсан жуулчин энхэл донхолтой хэцүү замаас нь болж нисдэг тэрэг дуудаад уйлж буцсан жишээг жуулчин тээвэрлэдэг нэг жолооч ярьж байсан. Хэрвээ Хөвсгөл хүртэл жирийсэн саадгүй замтай байсан бол өнөө уйлж буцдаг нөхөр далай үзчихээд дараа жил нь дотны хэдэн хүндээ Монголын Хөвсгөл рүү очихыг зөвлөх л байсан. Зам эдийн засгийн хөгжилд хэрэгтэй гэж яриад байдаг нь ийм учиртай.
Тэгэхээр одоо замаа салаалаг биш ухаалаг л болгомоор байна.
Ц.БААСАНСҮРЭН