Categories
мэдээ нийгэм

Залуус сонгуульд оролцоогүйгээрээ өөрийн боломжийг алдаад зогсохгүй бусдын боломжийг хааж байгаа юм шүү дээ

Сонгууль зурган илэрцүүд

Сонгууль болоход дөрөв хоног үлдлээ. “Индүү залгахад…” гэдэг шиг агаар хүртэл улс төртэй. Гэхдээ энэ нь буруу биш. Ирэх дөрвөн жилд хэн бидний нүүр царайг гадаад дотоодод төлөөлөх тухай асуудал. Өрх гэрээр бол аавыгаа сонгох биш, алдааг нь хэлэх асуудал. Сүүлийн үед залуус “Хэн ч гарсан ялгаагүй” гэх үг их унагаж байна. Үнэндээ ялгаа нь залуусын гарт байгаа юм. Ялгахад маш хялбар боловч эцсийн үр дүн таны амьдрал. Амьдралаа эхэлж байгаа залуус орон байрнаас эхлээд, анхны үрийнхээ өлгийг авахад маш их анхаарал тавьдаг. Харин үр хүүхдээс эхлээд өвөг дээдэс чинь ямар байх нь сонгуулиас хамаардаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Жаахан л анзаарчих юм бол залуус минь шийдвэр гаргахдаа ядах юмгүй. Аргагүй насныхаа хувиар айкүю нь алдаагүй сонголт хийнэ. Тиймээс залуус гагцхүү сонгуульд л оролцох нь чухал. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг та нар л сайн ялгаж чадна. Хараа хурц, сонор бүтэн, зүрхний цохилох хэмнэл зөв, тэмүүлэл дүүрэн залуус л алс холыг харж амжина. Сонгуулийн саналын хар хайрцаг руу сонгогчдын сор болсон залуусын эрүүл эрчимлэг санал элбэг орж гэмээ нь Элбэгдоржоос ээлж халаа авах Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөв хүнээрээ сонгох магадлал мөн ч өндөр байна даа.

Залуус сонгуульд оролцоогүйгээрээ өөрийн боломжийг алдаад зогсохгүй бусдын боломжийг хааж байгаа юм. Өнөөдөр саналаа өгөөгүй залуус маргаашийн амьдралаа төсөөлөх чадваргүй байдаг. “Ажилдаа хэр хандаж байгаагаар тухайн хүний амьдралыг харж болно. Ажилдаа хайнга хандаж байгаа хүн амьдарлдаа ч тийм хандлагатай байдаг” гэсэн үг байдаг. Яг үүнтэй адил залуус маань сонгуульд хайнга хандвал, ирээдүйн дөрвөн жилдээ хайнга хандаж байна хэмээн ойлгож болно. Гэтэл дөрвөн жилд хүмүүс, тэр тусмаа залуус юу амжуулж болох вэ гэдэг тооцоо байдаг юм байна. Эхний ээлжинд амьдралаа аваад явчих боловсролтой болж чадна. Үгүйдээ гэхэд лангуу түрээслээд дөрвөн жилд найман сая төгрөгийн хадгаламжтай болно. Энэ сонголт залууст байна. Гэхдээ хэн ч та бүхнийг зүгээр сууж байхад бялуу боорцгийг аманд чинь хийхгүй. Юуг амандаа хийхээ залуус өөрсдөө л шийднэ. Энэ нь сонгууль юм.
Өнөөдрийн “Өдрийн сонин”-д сэтгүүлч П.Хашчулуун коммунизмын үе аав нь нэгдлийн малын төлөө амиа тавьсан тухай бичсэн байна. Түүний аавд тухайн үед сонголт байсан бол өнөөдөр амьд байх байсан гэнэ. Тэрээр хүн малын төлөө амьдрах уу, мал хүний төлөө амьд байх уу гэдэг сонголт хийх боломжгүй үед амьдарсан. Гэтэл өнөөгийн залууст оюун ухаант хүн ямар нийгэмд амьдрахаа сонгох асар өргөн сонголт байна. Та мал шиг биш хүн шиг амьдах өргөн боломжоо сонгох эрх байна.

Магадгүй хэн нэг нь “Сонгуульд оролцохгүй байхыг” уриалж болно. Мөн нэр дэвшигчид таалагдахгүй байж болно. Ямар ч тохиолдолд таны өгсөн санал Монгол орноо төртэй болгох алхам. Төр гэдэг нь таны амгалан тайван байдал, үр төлийн чинь аюулгүй байдал, өвчилбөл ирдэг эмч, шатвал хамгаалдаг онцгойнхон юм шүү дээ. Тэд хэн байхыг шийддэг юмыг л сонгууль гээд байгаа юм шүү дээ.

Х.Бат


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *