Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг

“Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч энэ сарын 19-нд ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ нялх биетэй эмэгтэйг идэр есийн хүйтэнд нимгэн халат, даавуун углааштай нь цэл хүйтэн машинд суулгасан. Тэр бүү хэл ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар нүцгэн нойтон хэвээр нь алхуулсаар тусгаарлах өрөөнд нь оруулжээ. Хэдхэн цагийн өмнө хоёр яс салсан эмэгтэйн өмнөөс нялх биетэй байхын хэцүүг мэдэх хүн бүрийн яс янгиналаа. Бүсгүйн сэтгэл санаа ямар байгаа бол, бяцхан үр нь яагаа бол гэж хүн бүр л өмөрлөө.

Уг нь бид амаржсан эхээ асарч, тойглож тэнхрүүлэх өөрсдийн гэсэн онцлог уламжлалтай. Амаржсан эхийн бүх биеийн яс мах сиймхий болдог тул “Сард суух” гэх нэг сарын цээрийг ягштал биелүүлдэг учиртай. Энэ уламжлал өнөөдрийн соёлжсон нийгэмд нь гажиж зөрсөн нь үгүй. Гам алдахын хэцүүг мэддэг хэн бүхэн охин үр, бэрдээ ой тойнд нь буутал захиж сургадаг учраас арга ч үгүй биз. Гэтэл албан үүргээ биелүүлж байгаа нэртэй эмч, онцгой байдлын ажилчид амаржаад хэдхэн цаг болж байгаа эмэгтэйг өвлийн гутал, хувцасгүй дагжин чичрүүлсээр дуут дохио хангинуулсан автомашиндаа суулгаад явлаа. Хэдийгээр тахал туссан өвчин зовлонтой ч гэсэн өчигдрийн жагсаалын үед барьж байсан лоозонд дурдсан шиг “өвчтөй ч гэсэн хүн” гэгчээр ингэж дээрэнгүй хандаж болохгүй байв. Хүний ёс, монголчуудын уламжлалаас гажсан энэ үйл явдалд монголчууд тэр чигтээ дургүйцэж үүнийгээ нийгмийн сүлжээгээр тэр аяараа илэрхийлэн давлагаалав. Нялх биетэй эмэгтэйг асарч үзсэн нь битгий хэл аав болж ч үзээгүй болов уу гэмээр оюутан залуу “Би малчин хүний хүүхэд. Малчид бид ч төллөсөн малтайгаа ингэж харьцдаггүй” гээд дургүйцлээ илэрхийлэн жагсаж зогсохыг бид харлаа.

Эмнэлгийн ажилтны энэ хүнлэг бус дээрэнгүй үйл ажиллагааг “Eagle” телевиз соргогоор анзаарч шуурхай мэдээлсэн. Мэргэжлийн редакци гэдэг ямархуу мэргэжлийн ажиллаж, үнэн бодитойгоор мэдээлж чаддагийг тэд харуулсан. Хэвлэл мэдээлэл гэдэг ямар их ач холбогдолтой болохыг ч олон нийт мэдэрлээ. Нийгмийн сүлжээнийхэн ч үүргээ биелүүлж давлагаалж чадлаа. Нийгмийн сүлжээний үүрэг нь ч ийм байдаг. Тэдэнд аливаа үйл явдлыг өөрсдөө очиж сурвалжлах алба байхгүй. Тийм үүрэг ч үгүй. Харин тэд болж буй үйл явдал дээр л үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ жишиг саяны үйл явдал дээр зөв горимоороо явсан. Очиж сурвалжлахыг нь “Ea­gle” телевиз хийж нийгмийн сүлжээнийхэн үзэл бодлоо илэрхийлж, бусдыгаа уриалж чадлаа.

Үнэхээр л олноороо дуугарахаас өөр аргагүй үйл явдал байлаа. Нялх биетэй эмэгтэйд хандсан төрийн албан хаагчдын хандлага хэн ч харсан шудрага бус, ард түмнийг дээрэлхэж доромжилсон үйл явдал болсон. Төр засгийн ард иргэддээ эрэлхүү, дээрэлхүү хандаж байгаа нь ганцхан энэ биш л дээ. Коронавирусийн халдвартай иргэнийг оргож бултлаа гээд нохой шиг төмөр хүзүүвчээр дөнгөлснөөс эхлээд арван настай охин шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авч чадалгүй, ээж, аавтайгаа ч хамт байж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Архангай аймгаас ирсэн эмэгтэй баашилсан нэрийдлээр хот руу нэвтэрч, эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсаар автомашиндаа амь тавьсан. Энэ бүхэн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлынхны иргэдтэй хэрхэн цэвдэг хүйтэн сэтгэлээр дээрэнгүй ханддаг болохыг харуулсан харамсалтай жишээнүүд. Гэхдээ бидний мэдэж байгаа нь л энэ. Нийтэд ил тод болоогүй хичнээн ч хүний эрх зөрчсөн үйл явдал өрнөснийг бид таашгүй. Ийм байхад иргэд яаж тэсэж, тэвчих билээ. Эсэргүүцлийн жагсаал хийхгүй гээд ч яах билээ.

Харин энэ бүхнээс хамгийн олзуурхууштай нь жагсагчдын дийлэнхийг залуус бүрдүүлсэн явдал байлаа. 90-ээд оны Ардчилсан хувьсгалын улс төрийн жагсаалаас хойш залуус бараг анх удаа сайн дураараа чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагссан нь энэ. Хөлс мөнгөний, аль нэг улстөрч, намыг хоолонд нь хүргэх захиалгат жагсаал биш байлаа. Нэг даргыг, нэг намыг өмөөрөх үзэгдэл л хавтгай байсан бол иргэд иргэнээ өмөөрч бослоо. Нялх биетэй эмэгтэй, өөдсийн чинээ үрийг нь өмөөрч дуугарав. Залуус үнэхээр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр энэ олон шударга бус зүйлийн эсрэг тэмцэж чадлаа. Тэд эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг. Урьд нь ийм зүйл бидний түүхэнд хэр олон байлаа даа. Энэ бүхэн ардчилал, эрх, эрх чөлөөг дэмждэг хэн бүхний сэтгэлд цучил нэмж чадлаа.

Зарим хүмүүсийн хэлдгээр уйдсан залуус очсон нь үнэн л байх. Гэлээ ч тэд нэгнийгээ өмөөрч зогссон. Иргэдээ ингэж эрх баригчдаас, эрх барьж буй намаас, төрийн албан хаагчдын дээрэнгүй хандлагаас өмөөрч байгаа нь хамгийн зөв алхам.

Монголчууд бид яг л ингэж бие биенээ өмөөрч, нэг нэгнээ гэсэн сэтгэлээ харуулж баймаар байна. Хамгийн гол нь залуус шударга бус зүйлийн эсрэг зогсож, эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь Монголын ирээдүй найдвартай гарт байгаагийн баталгаа боллоо.

Эрх чөлөө, шударга ёс Монголд ёс заншил мэт нэвтэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *