УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ хуулиар Залуучуудын хөгжлийг дэмжих санг байгуулах юм. Ингэснээр залуучуудаа цогцоор нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Манай улсын хүн амын 40 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг байна.
“Монгол Улсын хүн амын насны хувьд хамгийн тааламжтай үе өнөөдөр ирээд байгаа. Цаашдаа 10-15 жилийн дараа хүн амын насны хувьд хүндрэх талдаа орно” гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр онцолж байлаа.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталлаа. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Мөн залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгалаа. Үүнд:
- Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
- Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
- Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
- Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
- Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
- Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
- Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
- Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
- Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно.