Түрүүч нь өдрийн сониний№241 (5506) дугаарт
Бөөн цагаан нуурын дээд эхээр тойрч, гадагшаа урсалгүй элгэн нутагтаа шингэдэг “эх оронч” гол хэмээгддэг алдарт Байдрагийн голыг гатлан говийн Алтай нутгийг зорилоо. Намрын сэр сэр салхи унаанаас буух үед энгэр заамаар шурган, цаанаа л нэг жихүүхэн. Улаанбаатараас гарахад цас ороод хүйт уначихсан болохоор аян замд даарах байх гэж болгоомжилсон минь оносон мэт. Чандмань сумын нутагт орох үес улсын заан Давааням агсны тухай яриа өрнөж, энэ сайхан бөхөд зориулсан овоо байдгийг мэдэж авав. Энэ нутгийн хөх их уулсын дунд төрсөн Улаан загалмайгаар овоглодог Р.Самдандовж ах юуны түрүүнд санаанд
орж ирж байна. Гичгэнийн нурууг давахаар шөнөжин сайр даган явсаар Цогт сумын Баянтоорой тосгонд үүрийн цолмонтой уралдан очив. Баянтоорой албан ёсоор баг гэгддэг ч үнэндээ Монгол Улсын ямар ч сумаас дутахгүй. Арван хоёр жилийн сургууль, цахилгаантай, утасны сүлжээтэй, хамгийн гол нь энд Говийн их дархан цаазат газрын захиргаа контоорлоно. Дархан цаазат газрын сургалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Цэцэгмаа гэж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, сүрхий аманцар бүсгүй байна. Ардын багш Ш.Чоймаагийн гарын шавь эл бүсгүй Үндэсний номын сангийн түвд номын фондод эрдэм шинжилгээний ажилтнаар уригдаад байснаа нэг л мэдэхэд хувь заяаны эрхээр говийн их дархан газрыг зорьжээ.
Говийн их дархан газар АИХ-ын зарлигаар Халиун суманд 1975 онд байгуулагдаж, Баянтоорой сууринд төвлөрсөөр дөчин жилийн ойтойгоо золгожээ. Говийн их дархан цаазат газарт Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумд, Баянхонгорын Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг багтдаг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 15-д ордог гэхээр овоо их зай талбай эзэлдэг аж. Хавтгай хамгаалах Английн сан, Олон улсын баавгай судлалын хүрээлэн гээд олон байгууллагатай шууд харилцаатай. Монголын говьд ямар ан амьтан хэдэн тоо толгой байгааг эднийхэн л ганцхан мэднэ. Хавтгай хэмээх хоёр бөхт зэрлэг тэмээ Монголд л 623 толгой байгааг хоёр жилийн өмнө түүврийн аргаар тоолж тогтоожээ. Өмнө нь хавтгай 450-500 толгой байгаа гэж багцаалдаж байж. Халуун зэвсэг агссан хулгайн анчдын гэмт үйлдэл багассан ч зарим нөхөд ховор амьтан унагасан тохиолдол гарсаар байгаа аж. Шинэжинст суманд гэхэд өвөлжөөн дээрээ хавтгайн буур төхөөрснийг Англиас мэдэгдэж, байгаль хамгаалагчид дохиолол дуугарсан газар нь халуун мөрөөр нь давхиж очиж барьж байсан тохиол гарчээ. Өнгөрсөн жил хоёр хар сүүлт зээр унагасан нөхдийг дөрвөн сая төгрөгөөр торгож, хэргийг хуулийн дагуу шийдүүлсэн байна. Эндхийн байгаль хамгаалагчид ноогдох газар нутгийн хэмжээ нь хоёр, гурав дахин их. Богд уулын амуудад гэхэд гуч гаруй байгаль хамгаалагч байдагтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гэнэ.
Цэцэгмаа бүсгүйгээс энэ мэт албан мэдээлэл авсан бид Баянтооройгоос арваад км-т орших торон хашаа бүхий хамгаалалтын газарт очив. Энд хулангийн дөрвөн унага тэжээжээ. Хул хонгор зүсмийн илжигний төрлийн эл амьтны үрс урт цулбууртай ногттой хэдий ч хүний бараа харуут тожир тожир зугтах нь онгон зэрлэг янзаараа. Хааш хаашаа холхон саахалтын зайтай хашаанд буландуулан шахаж барьж авахад нүд нь гялалзан, бөөрөө түхэлзүүлж, чихээ дэлдгэнүүлнэ. Хүний гараар угжуулж “мал болсон” атал их Явуу найрагчийн шүлэгт гардагчлан “тэнгэрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргахгүй” санаатай. Хулангийн дөрвөн унаганы хамгийн сэргэлэн нэгэнд Баянхонгор аймгийн төвийн урд дүнхийх Номгон хайрхны нэрийг хайрлажээ. Цэнхэр зэрэглээт говийн уудам цээлд тоостойгоо уралдаж явдаг эл зэрлэг илжгийн үр садыг “хурууныхаа өндгөөр имрэх” шахуу ойроос барьж патиараа татуулах аяллынхан маань тэнгэрийн салхи хөлөглөж тив дэлхийг тойрсны дайтай хөөрцгөөнө. Энэ үед яагаад ч юм бэ сэтгэлд жаахан гуниг төрж
“Шөрмөстийн алдрыг өргөсөн
Хурмастын тэнгэр салхин
Хулан хэмээх амьтан
Булан тохойд шахагдахнь хөөрхий” гэсэн шүлгийн санаа сэтгэлд харваж, нутгийнхаа хайрхны алдрыг өвлөсөн Номгон хулын ногтыг мултлан тавилаа. Ногтноосоо мултарсан Номгон нар руу татсан зам байдаг сан бол салхи одъюу гэлтэй тоодгор сүүлээ моодойлгон моддын мөчир шүжигнүүлэн толгой гэдийлгэн давхиж одов. Тэр давхилаа давхилаа гээд торон хашаан дотроосоо хаа холдох билээ. Говийн гайхамшигт зургаагийн нэгээр тодорсон хулан бидний нүдийг ийн хужирлав.
Баянтооройн төгөл, говийн ховор модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Уртын булгийн мод үржүүлгийн газартай танилцаж, жигд модны самар цөмсөн шигээ үд өнгөрүүлээд Баянтооройгоос тавин км-т орших Ээж хайрхныг зүглэлээ. Алсын газраас дүнхийн харагдах говийн цулдан уулыг харсан Батхуяг найрагч
“Уулс уулсын Ээж уул аа
Уудам Алтайн дээд уул аа
Холын холоос сэтгэл аргамжсан
Баян тооройн тэжээмэл хулангийн унаганууд
Захын усны үржүүлгийн хавтгайн тором
Хонгор зүрхний хайр уул аа” гэж уулга алдав. Ээж хайрханд айлчилж ирсэн хүн гурвантаа золгодог учиртай гэдэг. “Хүслийн цагаан шувууг амилуулж нисгэх” Ээж ууланд өмнө нь хоёр ч удаа иржээ, би. Найман жилийн тэртээ “Эх орны хилээр” уран бүтээлчдийн аяллаар явахдаа яруу найрагч Д.Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир, Мөнхөөгийн Билэгсайхан, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга нарын хамт ирж, нүд сэтгэлээ баясгаж байсан, Батлан хамгаалах яамны сайд Л.Болдтой нисдэг тэргээр тэргүүн дээгүүр нь нар зөв гурвантаа тойроод явж байсан санагдахад “Ертөнцийн бүхий л эжийд үнсэхийн хувь дутааж ерөөлт Ээж хайрхандаа гурвантаа ирлээ, би” гэж театр хадан дээр нь зогсоод чанга дуудмаар бодогдоно. Тагтаа хадны сүүл тасран унасныг харахад ертөнцийн салхи, цаг хугацаа хоёр юуг ч элээх чадалтайг илтгэх мэт. Мөнөөх л ембүү хэлбэрт хаданд мөргөж эд баялаг гуйгсад их хааны дүрт мөнгөн дэвсгэртийг уран цацсаныг харлаа. Энэ цагийн ёс этгээд болоод хачин аж. Ламын агуй, есөн тогоо, хаан сэнтий, янзага хадыг үзэж сонирхсоор хээрийн отогтоо ирвэл Алтай нутгийн аялагч зочид маань холын зам эвхэн тухалжээ. Ламын агуйд торгууд гаралтай Равдан хэмээх лам цаг төрийн үймээнээс дайжин амьдарч байсныг түүхийн ухааны доктор Д.Очирбат баримтаар баталжээ. Ээж уулын савдаг эм хүйстэй учирэр хүн эндчих гээд байдаг гэж нутгийнхан үнэмшилтэй хүүрнэх. Хэдэн жилийн өмнө ирэхэд “Зугаалгаар ирсэн багш, сурагч хоёр есөн тогоонд эндсэн” талаар ярьж халаглаж байсан бол уржнанхан зургаан настай хүүгээ аврахаар аав нь хаданд тогтсон тогооны усанд орж хоёулаа нас барсан талаар хөтөч маань ярьж элэг эмтлэв. Тиймээс ч есөн тогооны тэр хавьд татлага олс унжуулжээ.
Говь-Алтай аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа, байгаль хамгаалагч Б.Доржсүрэн, “Миний нутаг” телевизийн найруулагч Р.Хишигжаргал, зураглаач Н.Алтанхуяг, “Алтай” телевизийн захирал Э.Болормаа, сэтгүүлч Д.Мөнх-Эрдэнэ, Насан туршийн боловсролын төвийн багш, зураач Н.Энхжаргал, яруу найрагч Н.Бямбасүрэн, жолооч Э.Энхболд, сум дундын ойн ангийн жолооч Ч.Отгонбаяр нар хоёр машин хөлөглөн иржээ. Болзсон газартаа урьтаж очсон бидэнд бол зочин ч гэмээр аяллыг зохион байгуулагч Алтайнхан дотроос хавтгай маллагч Г.Цог-Эрдэнэтэй баахан хөөрөлдөв. Цог-Эрдэнэ хавтгайг Эхийн голд тэжээж эхэлсэн цагаас өнөө хүртэл маллаж байгаа туршлагатай, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн хамаатан аж. Наяад оны сүүлээр Алтайн өвөр говиос хавтгайн 22 ботго барьж хашин тэжээж эхэлснээс тэжээвэр хавтгайн тоо 29 болтлоо өсөж. Өнгөрөгч онд гэхэд зургаан ботгоор сүргээ сэлбэж. Хавтгайн буурыг нас бие гүйцээд ирэхээр хээрийн сүрэгт нь нийлүүлэхгүй бол хүн барьчих гээд ёстой нэг үйлийн лайгаа дэлгэдэг гэнэ. Ямар сайндаа дархан цаазат газрын дарга буурын ороо орох цагаар хамгаалалтын хашаан дотор машинтайгаа явж байтал хавтгайн буур шуугин ирж жийпнийх нь хамар дээр тэгнэж хэвтээд, урд салхивч шилийг нь хөөсөөрөө будан зэгнийчихээд золтой л үнхэлцгийг нь хагалчихаагүй аж.
Цог-Эрдэнэ хавтгай, монгол тэмээ хоёрын ялгааг “Хавтгай бол дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй сайхан бүсгүй, монгол тэмээ бол нас намба суусан жирийн авгай” гэж хошигноод авав. Захуйн баянбүрдийн Захын ус хэмээх задгай устай газарт хашаалан үржүүлж буй хавтгайнууд монгол тэмээтэй хамт байхыг харахад эл үгийн үнэн батлагдах шиг санагдсан. Хавтгай гэрийн тэмээг бодвол өндөр зэгзгэрээс гадна ноос ноолуур тачир сийрэг учир цаанаа л нэг гоолиг чилгэр харагдах юм. Хээрийн зэрлэг нь бол бүр ч зэгзгэр цэмцгэрийг ойроос харах хувь аялагч бидэнд тохиосон билээ.
Үргэлжлэл бий
Л.БАТЦЭНГЭЛ