Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэв

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4, 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 112.9 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Тодруулбал, УИХ-аас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон, өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн байна.

Түүнчлэн, УИХ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчигдөхөд хүргэсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *