Categories
мэдээ нийгэм

​З.Жавзанпагма: Эмч нар зөв оношилсон бол өнөөдөр би есөн сартай охинтойгоо эрүүл амьдарч байх байсан

Амгалан амаржих эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж зургаан сар тээсэн үрээ алдаад зогсохгүй нэг бөөрөө авахуулсан иргэн З.Жавзанпагма болсон явдлын талаар мэдээлэл өглөө.

З.Жавзанпагма тус эмнэлэгт амаржих ёстой байсан учир хяналтын үзлэгтээ орохоор очсон боловч бөөрийг нь уйланхайтай андуурч хагалгаа хийсэн байна. Хагалгааны үеэр уйланхай биш, буруу байрлалтай ч ажиллагаа хэвийн бөөр гэдгийг нь мэдэж буцаж оёхдоо дотор нь эмчилгээний саймбайгаа үлдээжээ. Энэхүү буруутай үйлдлээс болж дотор эрхтнүүд нь хоорондоо наалдаж идээндээ баригдаж, цаашилбал нарийн бүдүүн гэдэс нь задарч ямар ч оношгүйгээр хорвоог орхиход хүрэх байсан аж. Одоогийн байдлаар эрүүл байсан нэг бөөрөө авахуулж, саруул бойжиж байсан үрээ хүртэл хөндүүлж эрүүл мэндээрээ ноцтой хохирол амсаад байгаа юм байна.

Иргэн З.Жавзанпагма: “Амгалан амаржих эмнэлгийн эмч нар зөв оношилчихсон байсан бол, зөв эмчилчихсэн байсан бол өнөөдөр би есөн сартай охинтой, эрүүл саруул бөөртэй байх байсан. Гэтэл өнөөдөр энэ эмч нар надтай холбоо барьдаггүй, уучлалт гуйдаггүй, тангараг өргөсөн эмч нар ийм байдалтай байна. Намайг ямар ч оношгүй хоёрдугаар төрхийн гадаа хаяж байсан. Тэр битгий хэл 15 сая төгрөг өгье гэж энэ эмнэлгийн эмч Ганболд, Даваацэцэг, Отгонбаяр, сувилагч Амаржаргал нар надтай уулзаж байсан” гэв.

Уг хэрэг 15.1.2 буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэсэн хуулийн заалтаар зүйлчилж одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна. Шүүх хурал нь энэ сарын 21-ний өдөр товлогдсон аж.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болох З.Жавзанпагмын хуурай ах Т.Хонгор: “Амгалан амаржих эмнэлгийн эмч нарын хэн нь ч өнөөдөр миний дүүгийн биеийг асууж эргэж тойрсон удаа байхгүй. Нэг удаа уулзсан байдаг. Тэгэхдээ хохирлыг чинь барагдуулаад 15 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар ч холбоо сураггүй. Одоо энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болох магадлал өндөр байна. Хэдий шүүх хурал болоогүй ч гэсэн хуулиараа бол хугацаа дууссан. Одоо бидний хүсэж байгаа зүйл бол донор. Өрөөсөн бөөртэй хүн доод тал нь найман жил амьд явах хугацаатай. Дүү маань одоо өөрийн гэсэн ажилгүй, орлогогүй, ханилах ханьгүй, үнэрлэх үргүй болчихсон амьдрал нь орвонгоороо эргэчихсэн байна” гэлээ.

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *