Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Зэс хайлуулах үйлдвэр, Сайншандын төмөр замаа яаралтай барих хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад байсан билээ. Тэгвэл өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Энэ үеэр зарим гишүүдийн зүгээс Ардчилсан нам өмнө нь засаглаж байх хугацаандаа төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй яасан юм гэдэг санал гарч байв. Уг асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Их хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх явцад МАН-ын бүлгийн зарим гишүүдийн зүгээс Ардчилсан нам 2012-2016 онд засаглаж байхдаа төрийн албан хаагчдын цалинг нэмж байхгүй яасан юм гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үнэхээр тэр үед цалин нэмэх боломж байгаагүй юм уу?

-МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс тийм байр суурь илэрхийлж байсан. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч дээш доош хэлбэлздэг. Нэг үгээр хэлбэл дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн хэлбэлзэл нөлөөлдөг гэсэн үг. Тухайлбал, Ардчилсан намыг 35 гишүүнтэй МАН, МАХН-тай хамтарч ЗГ байгуулж байсан 2012-2016 оны хооронд алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний үнэ 30 хувиас эхлээд 3 дахин буурч, төсвийн орлого бүрдэхээ байсан. Ийм нөхцөлд цалин нэмэх боломж байгаагүй. Харин одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга өсч байна. Тиймээс зэс, нүүрс, алтны үнийн өсөлтөөр МАН-ынхан төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой. Ирэх онд ч гэсэн энэ өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа. Түрүүчийн 4 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга буурч эдийн засаг амаргүй байсан ч ОУВС-д хамрагдаж, тэднээс төсвөө хэрхэн зарцуулахаа асуугаагүй. 2012-2016 оны үе шиг түүхий эдийн үнийн уналт үргэлжилж байсан бол МАН-ынхан төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй гээд сууж байж болох ч өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ байнгын өсөлттэй байгаа тул ингэж ярих нь утгагүй.

-Энэ жилийн төсвийн давсан орлогоор ч гэсэн цалин нэмэх боломжтой юм байна тийм үү?

-Энэ оны төсвийн давсан орлого 611 тэрбум төгрөг байна. Тухайлбал, нүүрсний үнийн өсөлт, тоо хэмжээний өсөлтөөс 203 тэрбум, зэсийн үнийн өсөлтөөс 103 тэрбумын орлого төлөвлөснөөс илүү оржээ. Ардчилсан намын үед НӨАТ-ын буцаан олголтын хуулийг баталж татварын сууриа нэмж, урьд нь авч чаддаггүй байсан татвараа авдаг болсон. Тэгвэл энэ жил НӨАТ-аас 163.8 тэрбум төгрөг давж биелсэн байна. Нэгэнт нийт борлуулалт нэмэгдсэн учраас бусад татварын орлого бас 129.2 тэрбумаар нэмэгджээ. Энэ бүхний нийлбэр нийт 611 тэрбум төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн. Төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 55 тэрбум төгрөг зарцуулж байхаар төсвийн давсан орлого болох 611 тэрбум төгрөгөөрөө тэдний цалинг 40 хувиар нэмэгдүүлж болж байна. Бид байгалийн баялгийн мөнгөө Монголынхоо банкаар бүрэн оруулдаг болбол нийт эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломжтой.

Монгол Улс зэс хайлуулах үйлдвэр, Сайншандын төмөр замаа яаралтай барих хэрэгтэй. Энэ хоёр том төслийг бүтээн байгуулахгүй бол дахин валютын зээл авсаар байх болно. Учир нь Оюу толгой жил бүр 20 тонн алтыг 50 жилийн турш олборлоно. Нэг үгээр хэлбэл 1000 тонн алт олборлоно гэсэн үг. Энэ алтыг Монголбанк худалдаж авах гэрээтэй тул Монголд үлдэж эдийн засагт нэмэр болно. Ингэхийн тулд зэс хайлуулах үйлдвэр бидэнд зайлшгүй шаардлагатай. Үйлдвэрээ байгуулснаар бид жил бүр 800 сая ам.долларыг Монголдоо үлдээнэ.

Түүнчлэн Сайншандын төмөр замаа барихгүй бол болохгүй. Бидэнд одоогоор коксжих нүүрсээ экспортлоход Хятадаас өөр ямар ч сонголт байхгүй. Ерөнхийлөгч Баттулгын Владивостокт хийсэн ажлын айлчлалаар Оросын талтай транзит гэрээг эцэслэж тарифаа 25 жилээр тохирсон. Энэ 2 дахь гарцаа ашиглахын тулд Сайншандын төмөр зам хэрэгтэй. Манай нүүрс далайн боомт хүрч байж бусад орон руу экспортлох боломжтой болно. Одоо манай улс Хятад руу нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар экспортлодог. Гэтэл олон улсын зах зээл дээрх ханш нь 220 ам.доллар, зөрүү нь 150 ам.доллар байгаа биз. Бид төмөр замаа барьчихвал жилдээ 10 сая тонн нийт 1.5 тэрбум ам.долларыг уг зөрүүнээс олно. Төмөр замаа барьж чадаагүйн улмаас бид жил бүр Чингис бондын хэмжээний 1.5 тэрбум ам.долларыг Хятадад зүгээр бэлэглэж байна. Сайншандын төмөр зам ашиглалтад ороод манай нүүрс Владивосток хүрч байж Хятад биднээс олон улсын зах зээлийн ханшаар нүүрсээ авна шүү дээ. Бид энэ хоёрхон бүтээн байгуулалтыг хийж чадвал ОУВС-гаас зээл аваад байх шаардлагагүй болно.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *