Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойших хамгийн дампуу төсөв болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан 2019 оны төсөвт анхаарал хандуулах тухай албан бичиг илгээсэн. Уг албан бичигт төсвийн зардлыг 15 хувь хэмнэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна лээ. Их хурал хүлээж авах болов уу, сонгуулийн өмнөх жилийн төсөв шүү дээ?

-Манай төсөв жил ирэх бүр яаж өөрчлөгдөж ирснийг би танд хэлье. 2012 оны төсвийн нийт орлого дөрвөн их наяд 975 тэрбум, 2013 онд таван их наяд 986 тэрбум, 2014 онд зургаан их наяд 316 тэрбум, 2015 онд таван их наяд 983 буюу өмнөх жилээсээ 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Харин 2016 оны төсөв таван их наяд 835 тэрбум гээд мөн л өмнөх оноосоо буурсан байгаа юм. Ингэж буурсан шалтгаан нь экспортын түүхий эдийн үнэ унасантай холбоотой. 2017 оны гүйцэтгэл нь долоон их наяд 958 тэрбум, 2018 оны төлөвлөгөө долоон их наяд 862 тэрбум, 2019 оны төсөв 11 их наяд 67 тэрбум төгрөг болчихоод байгаа л даа. Төсвийн орлого таван их наядаас 11 их наяд болж өссөн байгаа биз. Үүнийг дагаад зарлага нь 2012 онд зургаан их наяд, 2013 онд зургаан их наяд 164 тэрбум, 2014 онд долоон их наяд 144 тэрбум, 2015 онд долоон их наяд 137 тэрум, 2016 онд есөн их наяд 500 тэрбум, 2017 оны гүйцэтгэл есөн их наяд 17 тэрбум, 2018 оны батлагдсан төсөв есөн их наяд 651 тэрбум төгрөг, 2019 оны төсөв 11 их наяд 588 тэрбум. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нэмэгддэг гажиг манай төсөвт байгаа юм. Таван их наядаас 11 их наяд болоход энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин хоёр дахин өссөн үү.

-Өслөө л гэж дуулаагүй…

-Өсөөгүй шүү дээ. Үүн дотор хөрөнгө оруулалт орсон. Өмнө нь 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг байсан бол энэ жилийн хөрөнгө оруулалтын зардал гурван их наяд 161 тэрбум болсон. 2012 онд хөрөнгө оруулалтын зардал 1.5 их наяд байсан. Та сонгуулийн жилийн төсөв гэж нэрлэлээ. Би УИХ-ын дарга байхдаа конторын төсвийг 100 хувь зогсоож байсан. Одоо гэтэл хуудас хуудас дамнасан конторын барилгын төсөв орж ирлээ.

Сумын төвийн нэг барилга нэг тэрбумаас дээш үнээр баригддаг болчихсон байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын нэгдсэн конторын барилга 2019 онд эхлээд тухайн ондоо дуусна гэж байгаа юм. Төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 278 сая төгрөг байх жишээтэй. Улаанбаатарт конторын барилга багадаагүй. Сүүлдээ аймгийн агентлагууд тусдаа бие даасан барилгатай болгоод эхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Татварын хэлтсийн барилга гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Төрийн ордны дахин төлөвлөлтийн зураг 1.1 тэрбум гэх мэтчилэн танах боломжтой зардлуудаа танаагүй. Зөвхөн цэцэрлэгийн барилга барихад хөрөнгө оруулалт нь тэрбумаар хэмжигдэж байна. Манай их хурал байхдаа бүх хүүхдийг цэцэрлэгт явуулна гэвэл нэг их наяд төгрөгөөр цэцэрлэг барих юм байна, тэрний оронд болох шаардлага хангасан иргэд өөрийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хүүхэд харах үйлчилгээ явуулаад хувьсах зардлыг нь төсвөөс өгөх нь зөв гээд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээгээр асуудлыг шийдэж байсан. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгоод цэцэрлэг бариад эхэллээ.

-Ерөнхийлөгч яагаад барилга барихыг эсэргүүцээд байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байна гээд байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэнд нь бий. Барилга барихын оронд түрээслээд үйлчилгээгээ явуулах нь ашигтай гэсэн. Нэг их наядаар цэцэрлэгийн барилга барьж, дараа жилээс нь эхлээд хэдэн мянган цэцэрлэгийн багш ажилд авч урсгал зардлаа өсгөж байхаар, энэ ажлаа хувийн хэвшилдээ өгөөд гэрээгээр хийлгэх нь аль алиндаа ашигтай. Төрийн албан хаагчдын тоо өсөхгүй, хувийн хэвшилд ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь одоо төлөвлөсөн барилга барих зардлаас хамаагүй хямд тусч байгаа. Ийм байдлаар төсөв хэмнэх нэг боломж байна. Танд би өмнөх жилүүдийн төсвийн орлого, зарлагыг хэллээ шүү дээ. Монгол Улс 2018 оных шигээ төсвөөрөө амьдарч болно. Тэгвэл орлого 11 их наяд гээд төсөв илүүдэлтэй гарч байгаа. ЕТГ-ын төсөв 12 хувиар танагдсан. Гэтэл манайхаас бусад бүх төсвийн байгууллагын урсгал зардал 254 тэрбумаар (цалин орохгүйгээр) нэмэгдсэн. Бүгдээрээ гадаад дотоод томилолт хурал цуглаан гэсэн урсгал зардлаа 12 хувиар хасдаггүй юм аа гэхэд нэмэхээ ганцхан жил тэвчихэд болно оо доо. Зураг төсөвгүй баахан барилга барихаа больж, хувийн хэвшлээс барилга байшин түрээсэлчих юм бол 500 орчим сая ам.доллар ирэх жил суларна. Ирэх жил мөн 500 орчим сая ам.доллар суларснаар бид олон жил ярьсан ч хийж чадахгүй яваа зүйлдээ зарцуулъя гэж байгаа.

-Мэдээж Ерөнхийлөгчийн зүгээс 15 хувь хэмнэх бүрэн боломжтой гэдэг тооцоо судалгааг хийсний дүнд ийнхүү албан бичиг илгээсэн байх…

-15 хувь гэдэг нь Ерөнхийлөгчийн бодож гаргасан боломжит хувилбар. УИХ-ын дарга 2018 оны гүйцэтгэл 9.6 их наяд төгрөгөө 10 хувь буюу 960 тэрбум төгрөгөөр хэмнэе гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс цомхотголоо хийнэ үү, үр ашиггүй зардлаа хэмнэнэ үү, томилолтын зардлаа хасна уу, дэд сайд, орлогч дарга нарын цалин, машин, байшин худалдаж авдаг мөнгөнүүдээсээ 15 хувийн хэмнэлт хийж болно. Хамгийн наад зах нь Улаанбаатарын есөн дүүрэг хуулиар есөн орлогчтой байх атал 23 орлогчтой байна, иймэрхүү цомхтголыг хийхээс УИХ-ын Төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг ажлаа эхлэх байх л даа. Хаанаас юугаа хасахаа Их хурал өөрөө мэд гээд энэ жил 500 сая ам.доллар, ирэх жил 500 сая ам.доллар хэмнэх санал гаргаж байгаа юм. 2010 онд тавхан их наяд төгрөгөөр амьдарч болоод байсан улс маань яахаараа ирэх жил 11 их наядаар амьдрах гээд байгаа юм. Энэ чинь дэндүү цамаан байна, 2.3 дахин өссөн мөнгөнөөсөө 15-хан хувь хасчих гээд байгаа юм л даа. Засгийн газар “Бид төсвөө өргөн барьсан. Энэ чигээр нь батлуулна” гээд гүрийгээд байгаа. Хэлэлцүүлгийн шатанд үүнийгээ бууруулах явах боломж хангалттай бий. Тийм учраас Ерөнхийлөгч хамгийн олон 65 гишүүнтэй Ардын намын бүлгийнхнийг үлгэр жишээ үзүүлж гишүүний мөнгө гэдэг юмнаасаа татгалзахгүй бол энэ төсөв явахгүй нь ээ гээд байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж огцруулаад реформ хийж Монгол Улсаа хөгжүүлнэ гэж амлаж байгаад Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн хийх ёстой тулсан хамгийн том чухал реформ нь төсвийн зарлагын реформ юм. Монголчууд бүгдээрээ л анхааралтай харж байгаа. Монгол Улс 76 тойрог биш. 21 аймаг, 330 сумтай. Тойрог бүрт таван тэрбум төгрөгийг тэгшитгэж хуваарилаад, Сангийн сайдын тойрог нь 50 тэрбум байхаар оруулж ирсэн нь төсвийн бодлого биш.

-Төсвөөс хэмнэлт хийгээд гурван Аж үйлдвэрийн комбинат барих тухай Ерөнхийлөгчийн албан бичигт байсан л даа…

-Албан бичиг дээр зүйрлүүлж бичсэн. 1990 оноос өмнө манай малын тоо 25 сая байлаа. Тэр үед бид Хан-Уул дүүргийн Аж үйлдвэрийн комбинатад арьс шир, ноос ноолуураа боловсруулдаг үйлдвэртэй байв. Одоо малын тоо 80 сая хүрснээр тэр хэмжээний гурван аж үйлдвэрийн комбинат барих хэрэгцээ бий болчихлоо. Үүнийг барихад нэг тэрбум ам.долларын зээлийн сан гаргаж, үйлдвэр байгуулж болохуйц хугацаа болон хүүтэй зээл өгөх юм бол энэ бүгдийг хийх боломж бүрдэнэ. Түүнээс жилийн 20 хувийн зээлээр хэн ч үйлдвэр байгуулахгүй. Бараг хүүгүй зээл байж л үйлдвэр баригдах байх.

Ганц Улаанбаатарт ийм үйлдвэр барих нь буруу. Энэ үйлдвэрийг орон нутагтаа барья гэж байгаа юм. Түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг орон нутагт нь хийх нь ашигтай. Хуучин шиг Улаанбаатарт бүхнээ төвлөрүүлж болохгүй. Харин эцсийн боловсруулалт нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан ч юм уу, хаана ч байж болно. Ингэж бүх аймагт үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Хуучин шиг ямар ч хамаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төлөвлөгөөний байдлаар явж болохгүй. Энэ мөнгийг аваад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох хэмжээнд Монголын бизнесмэнүүд хөгжсөн. Хамгийн гол нь зах зээл хэрэгтэй. Төрийн үүрэг Монголд үйлдвэрлэсэн барааг экспортлох, бусад орнуудтай гэрээ хийж татвар бууруулдаг, чөлөөтэй оруулах. Хувийн хэвшил үйлдвэрээ байгуулна. Гэхдээ одоогийн банкны зээлээр явж болохгүй тул нэг сумаар хоёр туулай буудъя. Уул уурхайн экспортын түүхий эдийн үнэ өссөнөөс төсөвт ийм нөөц бололцоо гарлаа. 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдтэй болцгооё, бас төсвөө ч давхар хэмнэе. Ерөнхийлөгчийн албан бичигт “Танай намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “Хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-21:100” буюу 21 аймагт 100 үйлдвэр байгуулах амлалт бий. Үүнийгээ хийцгээ. 100 байтугай үйлдвэр босно” гэж байгаа. Ноос ноолуурын анхан шатны үйлдвэр ядаж нэг аймагт хоёрыг байгууллаа гэхэд 42 үйлдвэртэй болно. Үүнийг нь утас болгодог үйлдвэр утсыг нь аваад цамц хийдэг үйлдвэрүүд гээд бодохоор энэ тоо улам нэмэгдэнэ. Тиймээс орон нутагт ажлын байр олноор бий болгочихвол хот руу хошуураад байх шаардлагагүй болно. Үүний цаана замын түгжрэл, утаанаас эхлээд олон зүйл яригдана. Орон нутагт үйлдвэр байгуулж ажлын байр гаргахын бас нэг зорилго нь энэ.

Ерөнхийлөгчийн зүгээс яагаад заавал хөдөө аж ахуй, мал аж ахуйг анхаараад байна вэ гэхээр байгалийн баялаг нэг удаа ухаад алга болно. Уурхай ашиглах 40-50 жилдээ монголчууд ажилтай байх биш 400-500 жил ажилтай байдаг, жил бүр дундардаг биш ургадаг баялгаа боловсруулж экспортолъё гэж байгаа юм. Хуучин бид социалист орнуудын хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр дэлхий даяар өрсөлдөх чадвартай ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх хэрэгтэй. Хэн ч авахгүй гутал үйлдвэрлэчихээд үндэсний үйлдвэр гээд байвал угаасаа зээл өгөхгүй. Бараа бүтээгдэхүүн нь экспортлогдож байгаа үйлдвэрүүдийг олж энэ зээлээ өгөх хэрэгтэй.

Цаашид бид түүхий эдийн үнэ өсөхөөр төсвөө тэлдэг, уруудахаар танадаг байдлаа больё. Манай Их хурлын үед түүхий эдийн үнэ өсөх биш унаж таарсан. Тиймээс аль болох төсвөө хумьж байсан. Одоо түүхий эдийн үнэ өслөө гээд төсвөө тэлж болохгүй. Тэр мөнгөөрөө ирээдүйд хэрэг болох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол ам.долларын ханш улам л нэмэгдсээр байх болно. Ийм прагматик саналуудыг хүргүүлсэн. УИХ-ын даргад явуулсан албан бичигт “Таны 10 хувийн хэмнэлтийг дэмжиж байгаа тул Их хурлаараа батлуулчих. Миний хувьд 10 биш, 15 хувийн хэмнэлт хийх ёстой гэж үзэж байна”. Харин Ерөнхий сайдыг “Шударга ёсны хувьсгал хийнэ гэсэн тэр хувьсгалаа хий. Үүнийг хийнэ гэж Ерөнхий сайд болсон” гэдгийг нь сануулсан юм. Эхний ээлжинд төсвөөс 15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд байгуул. Үүнийг бодоод төлөвлөөд байх юм байхгүй. Ерөнхийлөгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн маш олон үйлдвэрүүдийн зураг төслөөс эхлээд бүх зүйл бэлэн байна. Цаасан дээр байгаа энэ зүйлийг амьдралд хэрэгжүүлэхэд худалдааны биш, үйлдвэрлэлийн зээл хэрэгтэй.

-Гишүүдийн дэмжлэг л хамгийн их хэрэгтэй юм байна даа…

-Гишүүд дэмжихгүй бол явахгүй. Ерөнхийлөгч төсвийн хэлэлцүүлэг дээр орж үг хэлэхдээ “Гишүүний” гэх мөнгө 5000 дахин өссөн байна” гэдгийг онцолсон. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа гишүүдийнхээ амыг таглахын тулд нэг сая төгрөгний “гишүүний мөнгө” гэх зүйлийг эхлүүлсэн. 2012-2016 онуудад байхгүй байж байгаад дахин буцаад сэргэж байна. УИХ-ын гишүүнийг хэдэн байшин шомбойлгосон бэ гэдгээр нь дахин сонгохгүй. Харин эсрэгээрээ 80 сая малыг маллаж байгаа 160 мянган малчин өрхийн түүхий эдийг нь худалдаж авдаг үйлдвэрүүдийг байгуулбал сонгогчид дахин саналаа өгнө. Түүнээс багийн төв шомбойлгож, суманд спорт заал, цэцэрлэг бариад санал авна гэж буруу бодоод байгааг нь шууд хэлсэн. Хэрэв тэгдэг байсан бол эрх баригч хүчин үргэлж дахин сонгогдоно.

-Гишүүдийн зүгээс бидэнд гишүүний мөнгө таван тэрбум төгрөг байхгүй гээд байгаа шүү дээ?

-Ч.Улаан гишүүний тойрог буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүнсний ногооны зоорь барихад 413 сая төгрөг суулгахаар оруулж ирсэн байх жишээтэй. Говь-Алтай аймгийн Бугат суманд Ш.Раднаасэд гишүүний тойрогт спорт заалыг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар 250 сая төгрөг гээд ороод ирж. Суманд спорт заал барьдаггүй байсан чинь одоо бариад эхэлж байна. Тэнд суудаг хүний цалин, халаалтаас эхлээд дахиад төсөв дээр зардал тавигдах байхгүй юу. Зоорь, спорт заал ашигтай бизнес тул хувийнхан хийг. Улаанбаатарт заал авъя гэхээр олдохгүй байгаа биз дээ. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн үүнийг чөлөөтэй барих ёстой. Хамгийн ноцтой нь 2019 онд барилгын ажил эхэлж, 2019, 2020 онд дуусна гэж байгаа юм. Их хурлын сонгуулиас өмнө энэ мөнгийг үрэн таран хийх гээд байгаа биз.

500 барилгын 375 нь зураг төсөвгүй орж ирсэн. Наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам төсөв оруулахад энэ олон барилгууд байгаагүй. Гишүүний мөнгийг Сангийн яамнаасаа хийдэг болчихоод байна. Наймдугаар сард төсөв боловсруулж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн ноднингийн хэмжээндээ барь. Нэг ч байгууллагын төсөв нэмэгдэхгүй гэхээр нь “За” л гэсэн. Манай төсөв 600 сая төгрөгөөр хасагдсан. “Манай төсөв 600 саяар хасагдчихлаа. Бусад нь нэмэгдэхгүй байх” гэтэл аравдугаар сарын 1-нд өргөн баригдсан төсвийг нь хартал Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв нэмэгдсэн байна лээ. Яахав, шинээр ажил хийх гэж байгаа бол нэмэгдэхийг ойлгож болох ч бүгдийнх нь урсгал зардал нэмэгдсэн. Би барьцаж яриагүй шүү. Сангийн яам наймдугаар сард хийсэн төсвөө оруулах ёстой байтал гишүүдийн мөнгө сүүлд нэмэгдэж зураг төсөвгүй барилгыг оруулсан. Ингэх ямар ч шаардлагагүй байсан. Үүнийг л гишүүний мөнгө гээд байгаа юм. Анх Сангийн яамны боловсруулсан төсөв дээр сүүлд нэмэгдэж орсон 2019 онд ажил нь эхэлж 2019, 2020 онд дуусах энэ олон объектыг гишүүний мөнгө гэж тодорхойлж болно. Энэ барилгыг барьсан компани л хэдэн төгрөгтэй болох байх. Түүнээс хойших 50-60 жилийн ашиглалтын урсгал зардал төсвийн нуруун дээр нэмэгдэнэ. Үүнийгээ л больё гээд байгаа юм.

-Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна вэ. УИХ-ын гишүүн байхдаа төсөв батлахад оролцож байсан, УИХ-ын дарга байхдаа төсөв батлуулж байсан хүний хувьд?

-90 оноос хойших хамгийн дампуу хариуцлагагүй төсөв. Энэ жил түүхий эдийн үнэ өссөн тул их л өөдрөг төсөөлөлтэй төсөв өргөн барьсан байна лээ. 20 орчим сая тонн нүүрс экспортолдог байсан бол ирэх онд 40 гаруй сая тонныг экспортолно гэжээ. Ийм өөдрөг төсөв биелэхгүй байх магадлал өндөр гэдгийг Төрийн аудит хэлээд байгаа. Дэлхийн эдийн засаг сайхан болно гээд байна. Энэ жил эхэлсэн худалдааны дайн өргөжиж ирэх жил дайн болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп батлан хамгаалахаас бусад салбарын сайд нарыг төсвөө таван хувь танах үүрэг өгсөн. АНУ ерөнхийлөгчийн засаглалтай учраас сайд нар нь хасаад л явна. Гэтэл манайд төсвөө 11 их наяд болгосон сайд нар нь “үгүй” гээд сууж байна. Тэгэхээр Ерөнхий сайдын манлайлал зайлшгүй хэрэгтэй. “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр төсвөө хас гээд байна. Бүгдээрээ төсвөө хасъя” гээд уриалах ёстой. Хэрэв төсөв энэ чигээрээ батлагдвал хамгийн дампуу төсөв болно. Түүхий эдийн үнэ өссөн богино үеийг ашиглаж экспортын үйлдвэрүүдтэй болох бодлого хэрэгжүүлэхгүй байна. Хуучин шигээ хэдэн амбаар шомбойлгох гээд байх юм. Өнөө амбааруудынх нь урсгал зардал дараа жилээс төсөвт суугаад эхэлнэ. Тэр амбаарт суух төрийн албан хаагчийг ажилд авч таарна. Одоо байгаа 180 мянган төрийн албан хаагч чинь 200 мянга болж өснө.

-Зарим хүн Сайншандын аж үйлдвэрийн паркаа ашиглалтад оруулаагүй байж юун гурван аж үйлдвэр барих вэ хэмээн шүүмжилж байна л даа?

-Ерөнхийлөгчийг аж үйлдвэрийн паркаа бариагүй гээд өөрөөс чинь эхлээд буруу ярих юм. Ерөнхийлөгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайншандын аж үйлдвэрийн парк гээд төсөл хийсэн. Тэр жилүүдэд төсвөөсөө илүүчлэх байтугай мөнгө олох ямар ч боломжгүй байсан үе. САҮП-ын дэд бүтцийг улс өөрөө хийж байж бусад хувийн компаниуд хөрөнгөө оруулахаар төлөвлөсөн байсан. Хамгийн чухал дэд бүтэц Таван толгойн нүүрсийг Сайншандад хүргэх төмөр зам өнөөдөр ч гэсэн баригдаагүй байгаа. Түүхий эдгүйгээр үйлдвэр ажиллахгүй. Тиймээс энэ төсөл өнөөдөр ч гэсэн хойш тавигдсаар байгаа. Харин үүнийг дараа дараагийн Засгийн газар хийх ёстой. Ганц сайд хийгээд үр дүн гарчихдаг бол буруутгаж болно. Ц.Нямдоржоос эхлээд “Монголд үйлдвэр байгуулж яах юм”, “Сайншандын төмөр зам ашиггүй” гэж ярьдаг гацаадаг Засгийн газруудтай байлаа. Сайншандын төмөр замыг гацааснаас болоод 250 ам.доллараар өгч болох коксжих нүүрсээ өнөөдөр 70-80 ам.доллараар хямдруулж өгсөөр л байна. Манай хилээс урагшаа 170 км-т Таван толгойн нүүрсийг аваад жилдээ 12 сая тонн нүүрс угааж 4.8 сая тонн кокс үйлдвэрлэдэг кокс химийн цогцолбор үйлдвэр байгуулагдаад ажиллаж байна. Сайншандын төмөр замыг одоо хүртэл гацаасаар байгаагаас хэн хожсоныг хар даа. Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар Ч.Хүрэлбаатар шиг Сангийн сайдтай байхад хэзээ ч хүнд байтугай хөнгөн үйлдвэр ч баригдахгүй. Нөгөө ОУВС нь төсвөөсөө хэмнэж үйлдвэр барина гэхээр зөвшөөрөхгүй.

Их хурлын сонгуулиар зээл авахгүй гэж ямар их рекламдав. Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон гээд л. 15 сая төгрөгийн өрийг 26 жилийн хугацаанд тавьсан. Үүнийх нь ихэнхэд нь Ардын нам засаг барьсан. Сүүлд 2012-2016 онд 39 ч гишүүнтэй болж чадаагүй Ардчилсан намын үед авсан өр мэтээр гүтгэсэн. Тэдний үгээр ярих юм бол сүүлийн хоёр жилд иргэн бүрийн өр 10 саяар нэмэгдсэн. Одоо Монгол Улсын иргэн бүр 25 саяын өртэй болсон. Өнөө өр тавихгүй гэсэн нам яасан бэ.

2006 оноос хойш түүхий эдийн үнэ өсөхөд олсон орлогоо буруу зарцуулсан. 90 оноос хойш авсан зээлийн буруутан хайж байгаа бол 1996-2000 болон 2012-2016 онуудаас бусад он жилүүдэд дандаа МАН-ын Ерөнхий сайд нар ажилласан. Ёстой есөн шидийн арга бодож мөнгийг үр ашиггүй цацсан. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгөхөөс эхлээд буруу бодлого явсан. Харин хүүхдийн мөнгөний тухайд хүн амаа өсгөх тусдаа өөр бодлого байлаа. Мөнгө олохын хэрээр үрчихээд мөнгөгүй болохоороо модоо барьдаг байж болохгүй. Мөнгө олдвол хойш нь хийж хэмнэе. Ирээдүйд экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд зээл өг. Үйлдвэрийн зээл чинь буцаад ирнэ. Одоо өмнөх алдаагаа л давтаж байна. Сангийн сайд нь нээх гоё дүрслэл харуулаад түүхий эдийн үнэ мөнх өндөр байх юм шиг бодоод л. Энэ бүх тооцоонууд сүүлд нь худлаа болдог юм. Дараа нь тодотгол хийдэг юм.

-Гэхдээ Сангийн сайд энэ жил төсөвт тодотгол хийхгүй гээд хийгээгүй. Цаашид ч төсөвт тодотгол хийхгүй байх дээр анхаарна гээд байгаа л даа…

-Ярих нэг өөр. Оюу толгойн гэрээг хар толгойгоороо хариуцна гэсэн Санжийн Баяр хаана байна. Америкт 10 хаус худалдаж авснаа тайлбарлаж чадахгүй байгаа биз дээ. Н.Цэрэнбат гээд бас нэг хариуцлагагүй хүн гараад ирлээ. Утааны шүүлтүүр тавиад утаа арилахгүй бол хариуцлагаа хүлээх юм гэнэ. Яг л С.Баярын амлалт шиг болно. Халагдаад явахаас өөр хариуцлага байхгүй. Угаасаа 2020 онд ялагдаад ажлаа өгнө. Би өөрийн твиттер дээрээ “Цэрэнбат аа, чи толгойгоороо хариуцна гэж байгаа бол хувиасаа 54 тэрбум төгрөг эскроу дансанд хийчих” гэж бичсэн.

-Эскроу данс гэдэг нь?

-Банкинд Н.Цэрэнбат сайд хувиасаа мөнгөө хадгалуулна. Энэ мөнгийг Н.Цэрэнбат сайд болон банк авахгүй. Утааны шүүлтүүр тавиад утаа арилахгүй бол 54 тэрбум төгрөгөө зарцуулсан улс тэр данснаас мөнгөө авна. Утаа арилах юм бол Н.Цэрэнбат сайд мөнгөө авч болно. Өөрийнхөө энэ шүүлтүүрт итгэлтэй бол барьцаа тавь, мөнгөө байршуулаад ажлаа хий. Тэгэхгүй бол хэн ч итгэхгүй. Эскроу гэж ийм барьцааны дансыг хэлдэг юм.

-Төрийн тэргүүний зүгээс Валютын зохицуулалтын тухай хуулийг Их хуралд өргөн барьсныг хэлэлцэж эхэлсэн. Мөн М.Оюунчимэг нарын гишүүд мөн ийм хууль өргөн барьсан. Уг хууль батлагдсанаар валютын ямар зохицуулалтууд хийгдэх вэ?

-Хаврын чуулганаар өргөн бариад хэлэлцэхгүй гээд буцаасан. М.Оюунчимэгийн хууль гээд байгаа нь Монголбанкныхан бичээд энэ гишүүнээр өргөн бариулсан хуулийн төсөл. Хоёр хуулийн төсөлд адил заалт бий. Тиймээс энэ хоёр хуулийг нэгтгээд гаргачих юм бол энэ хууль ажиллана. Үндсэн хуулийн 6.1-д “Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Бид жил бүр хоёр тэрбум ам.долларын зэс, 800 сая ам.долларын алт гаргачихаад мөнгийг нь орж ирэхгүй болохоор үнэхээр гаргасан уу, үгүй юу гээд мэдэхгүй байна. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчиж буй заалт Оюу толгойн гэрээнд бий. Оюу толгойнхон “Монголын банк дампуураад бидний мөнгийг алга болгочихвол яах юм бэ”, “Дурын татварын байцаагч ирээд бидний дансыг хаагаад байна” гэдэг. Тэгэхээр Монголбанкинд Засгийн газар, арилжааны банкны данснаас гадна стратегийн орд дээр ажилладаг, ЗГ-тай тогтвортой байдлын гэрээтэй компаниудын дансыг нээхийг зөвшөөрөх юм. Хэрэв тэгвэл гурван тэрбум ам.доллар нь Монголын банкны системээр орж гарна. Монголбанк хэзээ ч дампуурахгүй. Мөн дурын татварын байцаагч гүйж очоод дансыг нь хаах эрхгүй болчихно. Ийм хоёр шалтгаанаар Ерөнхийлөгч хууль санаачилсан. Энэ хууль галзуураад байгаа ам.долларын ханшийг тогтворжуулахад хэрэг болно. Үнэхээр Монголын баялаг гурван тэрбум ам.доллараар зарагдаж байна уу гэдгийг нэгдүгээрт хяначихна. Хоёрдугаарт, хэрэв тийм бол авах ёстой татвараа авна. Гуравдугаарт, банк нь дампуурахгүй учраас манайд хадгалуулахгүй гэдэг шалтгаан нь алга болно.

-Гэхдээ Рио Тинто чинь ОУВС-гаар дамжуулан шахалт үзүүлээд байсан биз дээ?

-Манай үед ОУВС-тай сангүй болоод байсан. Түүхий эдийн үнэ уначихсан, төсвийн орлого тасарчихсан хэцүү байсан шүү дээ. Тэглээ гээд бид ОУВС-д ороогүй. Тэд ипотекийг зогсоо гэдэг. Ипотекийн ачаар инфляци нэг хувьтай болсон. Хүмүүс хариуцлагатай болж, 80 мянган өрх орон сууцанд орсон. Өмнө нь 15-20 хувийн хүүтэй байсан ипотекийн зээл найман хувь руу шилжсэн. 2016 оны хавраас эхлээд орон нутаг болон нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад таван хувийн хүүтэй зээл олгохоор байсан ч Ардын нам гараад зогсоосон. Ипотек муу байсан юм бол өөрсдийн мэддэг непотек юм уу ямар нэг юмаа зохиогооч. Дахин 80 мянган өрхийг орон сууцанд оруулчих. Тэгж байж энэ эдийн засаг урагшаа явна. Д.Сумъяабазар сайд “Ардчилсан нам бензиний үнийг барьдаг байсан нь зөв байсан юм байна” гэж хэлсэн байна лээ. Үүнийг ойлгохын тулд хоёр жилийг зарцуулсан. Хоёр жил иргэд үнэтэй бензин авсан байна. Цаашаа Д.Сумъяабазарын хэлсэн шиг явахгүй.

-Яагаад?

-Бензиний үнийг зохицуулахгүй гэдэг Ч.Хүрэлбаатарын бодлогоор явна. Зохицуулдаг байсан Ардчилсан намыг санаад л байж байхаас. Манай үед дэлхийн нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллар байсан юм. 2016 онд 50 ам.доллар болж буурсан. Бүх зүйлийн үнэд нөлөөлөөд байсан учраас бид инфляцийн өдөөгчийг өдөөхөөс нь өмнө барьж авсан. Тэглээ гээд хэн ч хохироогүй. Технологи нь байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын шүтээд байгаа зах зээл бүхнийг зохицуулдаг гэдэг 100 жилийн өмнөх ортодокс онол өнөөдөр ажиллахгүй болсон. Зааж өгсөн барууны орнууд нь хүртэл тэгж бодохоо больсон. Хэзээ ч, хэнээс ч юм нэг юм сонсчихоод түүнийгээ туйлын үнэн гэж итгээд явах юм. Дунд нь Монголын ард түмэн хохироод дууслаа.

Төсөв 11 их наяд боллоо гээд гоё юм ярьдаг. Ханшаа зориудаар унагаад төсвийнхөө орлогыг нэмээд байна. Баабар “11 их наядын төсвийн орлоготой боллоо гээд Ч.Хүрэлбаатар баярлаад байна. Ханшаа 8000 төгрөг болгочихвол 33 их наядын орлоготой болж болно” гэж шүүмжилсэн байна лээ. Сангийн сайд нь өр дарлаа гээд баахан сайрхлаа. Монгол Улсын өр дарагдаагүй. Засгийн газрын өрийг бууруулаад Монголбанкны өрийг нэмсэн. Үр дүнд нь Ч.Хүрэлбаатар Засгийн газраа бага өртэй байлгах гэж хар амиа бодсон юм.

Саяхан фэйсбүүк дээр 10 гаруй хүн эгнэж зогсоод зам тавилаа гээд тууз хайчилж байгаа зураг харлаа. Би эхэндээ 600 км зам гэж ойлгохгүй юу. “Овоо ш дээ, 600 км зам тавьчихдаг” гээд сайн хартал 600 метр зам тавьсан байсан. Юун ч их ёслол үйлдэж, юун ч олон хүн тууз хайчилдаг юм. Бидний үед 600 км авто зам нээдэг байсан бол эрх баригчид одоо 600 метр зам нээдэг болж. 1000 дахин буурсан байна. Бид Чингис бондыг 4.1 хувийн хүүтэй авч байсан. Өчигдөр (уржигдар) Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 7.1 хувийн хүүтэй 500 сая ам.долларын зээл авлаа гээд бахархаад байна. Одоо Ардын намын суртал ухуулга 7.1 хувийн хүүтэй зээл 4.1 хувиас бага гэдэг пиар хийнэ. Өр дарсан, өр буурсан гээд Сангийн сайдыг ярихаар хүмүүс нээрээ л тийм байх гэж итгэнэ. Гэхдээ нөгөө талд нь Монголбанкны өр нэмэгдэж байгааг ерөөсөө ярьдаггүй. Ийм хуурамч суртал ухуулгаар хол явахгүй. Ч.Хүрэлбаатар өрийн асуудлаар Ардчилсан намын бүлэг дээр орж ирээд баригдчихсан. Өр дарагдаагүй. 26 жилд иргэн бүр 15 сая төгрөгийн өр тавьсан юм бол 28 дахь жилдээ буюу хоёрхон жилд 10 саяар нэмээд 25 сая төгрөгийн өртэй болчихлоо, иргэн бүр.

-Таныг АН-ын томоохон албан тушаал руу очих гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна…

-Ардчилсан намд томоохон албан тушаал гэж байхгүй. Ардчилсан намын албан тушаалтнууд бүгд сонгуульт алба. Ямар нэгэн юманд очъё гэвэл сонгуульд орж өрсөлдөнө. Би төрийн албанд ажиллаж байгаа учраас тэнд очиж өрсөлдөхгүй. “Зууны мэдээ” сонин зохион бичлэг гаргасан. Би залруулга гарга гэсэн. Тэднийхээр бол Ардчилсан нам гэхээр албан тушаал, цалин бэлэн байдаг, тэнд нь би гүйж очоод ажил хийх юм байна л даа. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Миний ажил улс төрийн албан тушаал учраас 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн шаардлага байхгүй. Ардчилсан намд томоохон албан тушаалд очно гэдэг утгагүй зохиомол мэдээ гаргахаа больчихооч. Ямар ч хэвлэл З.Энхболдын тухай бичвэл надаас асуух ёстой. Ийм мэдээ ирлээ үнэн үү гээд. Эх сурвалжаа нягтлах нь сэтгүүлчийн үүрэг. Гэтэл нягтлахгүй байна. Ямар ч зорилгоор ийм юм тараагаад байгаа юм бүү мэд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *