Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Нам өмчгүй байх нь зүйтэй, хууль гарвал байраа хүлээлгэж өгнө

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өчигдөр төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүл­чидтэй зангиагүй уулалт хийлээ. Уулзалтад “Өдрийн сонин”, “Ардчилал сонин”, “Ньюс.мн”, “Мэдээ.мн”, “Ikon.mn”, “Тв-5”, “Ийгл”, “UBS”, МҮОНРТ-ийн сэт­гүүлчид оролцлоо. УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг хүргэе.

-Хамгийн сүүлийн үеийн үйл явдал АН фракцгүй болох тухай байлаа. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргав?

-Фракц гэдэг бол хэсэг гэсэн үг. Нам намаараа л нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс Германы Социал демократ нам дотор, Христийн ардчилсан нам дотор янз бүрийн фракц байх нь утгагүй.Тиймээс бид дэлхийн улс төрийн жишгийг дагаж явах хэрэгтэй болчихоод байна. Хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга байсан. Тэгээд фракцгүй болсон. Цаашид би асуудалд фракцийн арга барилаар хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ ҮЗХ томилох ёстой. Тэгэхэд намын жирийн гишүүдээсээ хамгийн их санал авсан хүнийг л гаргана. Аль фракцийнх вэ гэдгийг нь огтхон ч сонирхохгүй. Хамгийн их амжилт гаргах хүнээ олж сонгохын тулд фракцгүй болж байгаа.

-АН-ыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэл төрөхгүй байна?

-Фракцуудыг урамшуулсан тог­толцоог Н.Алтанхуяг дар­гын үед явуулсан. Намайг дарга болох хүртэл фракцууд чөлөөтэй байж түүнийг ажлаа явуулах арга гэж үздэг байлаа. Намын дүрэмд фракцтай байна гэсэн зүйл байхгүй. Та бүхэн санаж байгаа бол 2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч АН-ын дарга болж фракцгүй болно гээд сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. Сонгууль дөх­сөн үед фракцаараа ялгарч болохгүй. Сонгууль сахилга батыг шаарддаг. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцийг дуртай нь байгуулаад дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл болохоор үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.

-Та “Толгой компаниу­даас хамааралтай намуу­дын санхүүжилтийн асууд­­лыг цэгцэлнэ” гэж ярьдаг. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд яаж тусгах бол?

-Намын санхүүжилтийг шийдэхээс өөр аргагүй бай­далд хүрсэн. Намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Би урьд нь намын дарга байгаагүй учраас асуудал хол байжээ. УИХ-д суудалтай намуудын даргатай яриад “Нам шилэн данстай байхгүй бол намуудад итгэх итгэл алдагдаад байна. Том компа­ниудын халаасанд орсон байна гэж шүүмжлээд байна. Энэ үнэн” гэдгийг ерөнхийдөө тохирсон. Үүнтэй холбоотой гурван хуулийн төсөл бэлдчихээд жил боллоо. Намын тухай, Намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сонгуулийн тухай гэж. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байлгах. Тэгээд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа. Тэгж байж том компаниудын халаа­санд орохгүй байх бодлого хэрэгжинэ. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Гишүү­дийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ, Герман. 50 хувиа аваагүй бол улсаас өгөх мөнгийг багасгачихдаг.

-Нэр дэвшигчдээс мөнгө авах уу?

-Нэр дэвшигчдээс мөнгө авахыг тэглэх гэж байгаа. Урьд нь авдаг байсан 50 сая төгрөгийг чинь авахаа болино. Чи тойргийнхоо сонгогчдод наад мөнгөө зарцуул гэнэ. Намуудын гол бэрхшээл сон­гуулийн үед гардаг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд бичиж өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх. Тиймд Сонгуулийн хуулиа мөнгө бага зарцуулахаар бодож өөрчлөлтүүдийг хийнэ. Миний ярьж байгаа яриа бүхэн удахгүй УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Намуудын санхүүжилтийн тухай хууль дээр тусгалаа олоод гарна.

-Энэ санаачилгатай зэрэгцээд АН-ынхан өрх тусгаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдгээс дайжсан үйлдэл байж болох уу?

-Л.Гүндалайг хэлж байгаа бол байнга орж гарч байдаг болохоор сонин биш. Миний мэдэхээр хоёр дахиа АН-д орж, хоёр дахиа шинэ нам байгуулж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй хүмүүсээр АН дутахгүй. Л.Гүндалай “Шинэ засагт сайд болгохгүй бол АН-аас гарлаа” гэсэн. Тэгэхэд нь “Чамайг сайд болгохгүй ээ. Намаа байгуулна уу, өөрөө мэд” гэсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй. Өөр хүмүүс нам байгуулна гэж байгаа тухай сонсоогүй.

-ҮЗХ-ны ротаци, Их хурлын тухай яриа их байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улс төрийн намуудын тухай хууль гарахаар бүх намуудыг дүрмээ солихыг шаардана. Одоо намууд олон янзын бүтэцтэй байна. Ганц хүний нам хүртэл бий. Тэгэхээр улс төрийн гэрчилгээтэй л бол нэг дүрмээр, нэг хуулийн дагуу явъя. Бүх зүйлээ хуульдаа нийцүүл гэдэг үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь УИХ-д нэр дэвшигчдээ бүх нам жирийн гишүүдээсээ асууж, дотоод санал явуулах миний санал дэмжигдвэл ҮЗХ нь эцсийн шийдвэрийг гаргаж СЕХ-нд бичиг явуулна. Гэхдээ жирийн гишүүдээс хамгийн их санал авсан хүнийг сонгоно. Сүүлийн зургаан жил юу болсон бэ гэхээр намынхаа эв нэгдлийг хадгална гэдэг нэрээр дотоод бүх сонгуулиа зогсоочихоод байгаа. Сая дөрөвдүгээр сарын 7-ны баярын хурал дээр лоозон барьсан баахан залуус орж ирсэн. Тэд “Зургаан жил хаасан намынхаа хаалга цонхыг онгойлго. Бид ормоор байна” гэсэн. Тэднийг байж л байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад байсан нь буруу байсан юм. Сая намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэлсэн. Энэ л намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө, бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Тэр лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж уулзаад гар бариад тохироод салсан юм. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баянхонгор аймагт Д.Ганбат, Х.Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал. Тэгсэн “за, ойлголоо” гээд гарсан. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа. Намын доторхи сахилга батаа барьж амбийцаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй.

-Намын төсвийг нэмнэ гэдэг татвараас авна гэсэн үг. Үүнийг ард түмнээс асуух уу. Томоохон төслийг урагшлуулах, машины жолоог шийдэх гээд санал асуулга давамгайлдаг болсон байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын асуулга явуулсныг зөв, буруу гээд ярьж байгаа. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асуух нь мөнгөний гарз болоод байгаа юм. Үнэхээр сонгогч бүхэн утасныхаа номерыг хэлж, албан ёсны бүртгэлтэй гэдгээ тодорхойлоод санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тийм байдлаар асууж болно. Харин Намын санхүүжилтийн тухай та бүхэнд ярьж байгаа нь өөрөө “Та бүхнийг цааш нь түгээгээд өгөөч ээ” гэж байгаа хэрэг. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.

-Танаас өмнө намын дарга хүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?

-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэгэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дундД.Батцогт, Д.Арвин Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаар онцлог нь Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонх, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй гэж үзсэн. Мөн улстөржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор Ерөнхий сайдад аль нэг намын дарга бус хүнийг томилсон. Асуудалд улстөрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол С.Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн Шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас байсан. Тэр үед С.Баяр нь Сү.Батболд нь Н.Алтанхуягт үүрэг өгөхөд олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа орцгоо гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д байгаа.

-Сонгуулийн тогтолцоогоо асууна гээд байгаа. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Бас Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд сонгуулийн тухай хууль байна. Тиймээс АН дэмжихгүй.

-АН ямар тогтолцоог дэмжиж байгаа гэсэн үг вэ?

-Жижиг 76-н тойргоор яагаад сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг ярих ёстой. 2000 онд жижиг 76-н тойргоор явуулсан. Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХНнийт ард иргэдийн 51 хувийн санал авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл. 51 хувийн санал авч чадаагүй байж УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАХН-д санал өгөөгүй байхад парламентын суудлын 90 гаруй хувийг авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойрог томсгож явуулсан юм. Жагсаалт бол хүмүүсийн саналыг байгаагаар нь тусгадаг арга. Намын нэрээр санал авбал АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр өгсөн саналаар парламентын суудлын 40, 50 хувь гээд хувааж авна. Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. Жижиг 76 руу оръё гэдэг нь улам муутгах гээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Жишээ нь, АН-ын дүрмээр бол 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулсан. Тэр нь атаархал дагуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат жагсаалтадороод гишүүн болсон. Харин энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлсэн. Нэг хүн дахиад жагсаалтад орохгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт өрсөлдөнө. Жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Чи жагсаалтад ормоор байвал УИХ-ын гишүүн байж үз. УИХ-д нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Ингэж шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын уяачдын холбооны тэргүүн шиг хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байгаа. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй.

-Тэгэхээр АН залуучууддаа улам л хаалттай болоод байгаа юм биш үү. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа?

-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрах гэснийг зөвшөөрөхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон байвал АН-ын үнэ цэн бүхий гишүүн. Түүнээс биш ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад онд төрсөн хүмүүс орно шүү гэж механик аргаар зохицуулж болохгүй.

-Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Ирэх жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?

-Рейтинг гэдэг харьцангуй ойлголт. Өнөөдөр асуухад нэг өөр, маргааш асуухад бас өөр гардаг. Глобалчлал гэдэг зүйл явагдсанаас хойш дэлхий нийтэд төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Рейтинг яригдаад байдаг учраас 1960 оноос 2015 он хүртэлх Америкийн ард түмний төрдөө итгэх итгэлийн судалгааг та нарт үзүүлэхээр авч ирсэн. Кеннедиг Ерөнхийлөгч байхад буюу 1960 онд ард түмний 80 хувь нь төрдөө итгэдэг байсан бол 2015 онд 24 хувь болтлоо буурсан байгаа юм. Гэхдээ л энэ нь төр барьдаг хоёр намыг орхиж шинэ намыг гаргаж ирэх хүчин зүйл бас л болохгүй байдаг. Ингэж 55 жилийн турш төр, төрийг бүрдүүлдэг улс төрийн намын үүрэг роль өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувьтай байсан. Саяын судалгаагаар 50 хувьтай байна. Манайд 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл бүлгийн босго давснаас хойш гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Энэ нь зөвхөн АН-ын асуудал биш бүх намууд ард иргэдийнхээ төрд, улстөрд итгэх итгэлийг сэргээх тал дээр шинийг бодох шаардлага гарч ирснийг харуулж байгаа. Тийм учраас хуулиудад өөрчлөлт оруулж дансаа шилэн, хэнээс хандив авснаа ил болго гэж байна. Намынхаа гишүүдээр шийдвэр гаргуул. Магадгүй зовлонтой байх ч үүнээс өөр сайн арга бодож олоогүй.

-Боловсон хүчний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйгээд яаманд алба, хэлтэс удирддаг жишиг тогтчихлоо?

-Төрийн албаны тухай хуулийг та бүхэн мэднэ. Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн С.Чинзоригийнх биш.

Манай намынхан ч ийм. Хуучин Хөдөлмөрийн сайд ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий. Тэр нь С.Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдгийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.

-Шантааж хийдэгУИХ-ын гишүүд ч байгаа. Асуудлаас гарч чадна гэж та бодож байна уу?

-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж надад УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна.

-Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ?

-Нам өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Хуучин шилэн байшингаа зарчихсан. Тэнд барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй.

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?

-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Таван толгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа худагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан. 2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ Таван толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-д бичиж байсан. Тэр үед манай намын дарга Ц.Элбэгдорж ийм санаачилга гаргаад Сү.Батболдоос лицензийг аваад Ухаа худагийг өгсөн. Нийтдээ 6.5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд нь, 10 орчим хувь нь ард түмний өмч. Тэгээд ажиллуулах гээд Л.Энэбиш, Я.Батсуурь гээд захирал байсан ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. Би тэгж зогсоохоос өөр арга үлдсэнгүй. УИХ-ын вэб сайтад тавигдсан Таван толгойн гэрээг зурах гэж байна гэж албан ёсоор санал авахаар явуулсан байгаа юм. УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Таван толгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай роялти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний Таван толгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” -д очихоор 30 жилдээ нэмээд 20+20 гээд 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3-4 хувь болохоор гэрээнд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй. Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Таван толгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрүүдийг байхгүй юм шиг шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн. Тэгвэл М.Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

-Асуудлыг 14 хоногт шийдэж амжих уу. Ер нь энэ төсөл явах уу?

-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу толгой дээр гаргасан алдааг гаргах гэж байна. Олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. А.Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх энэ болгоноо өөрөө тогтооно гэсэн. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур явъя гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлүүлэх ёстой.

-Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?

-Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад Таван толгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн роялтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар хүлээсэн үүрэггүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр зарахыг зөвшөөрдөг юм. Оюу толгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.

-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?

-УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.

-УИХ-аар оруулахаар улстөрчдийн өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?

-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Таван толгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шинхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбарлах боломжтой л байх ёстой.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *