Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: АНУ-ын айлчлалын гол зорилго нь Монголын ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй ордог хуулийг дэмжүүлэх байсан

-ИРЭХ САРЫН 3-НД ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЫ АЙЛЧЛАЛААР ОХУ-ТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ ИЖ БҮРЭН БОЛГОЖ ТҮВШИН АХИУЛНА-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улс АНУ-тай стратегийн түншлэлтэй боллоо. Энэхүү үйл явдлыг та бүхэн олзуурхан хүлээж авч байгаа байх?

-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдсэн асуудал юм. Өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдаад холбогдох газруудаараа хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл гаргая гэдэг дээр тохирчихсон байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу явж буй ажил.Монгол Улс ОХУ, БнХАУ, Энэтхэг, Япон гэсэн дөрвөн улстай стратегийн түншлэлтэй байсан бол АнУ тав дахь нь болж байна.

-Монгол Улсад илүүтэй үр өгөөж өгнө гэдэг утгаар манай талаас яаравчилсан зүйл бий юү?

-Ашигтай, ашиггүйг ойрын хугацаанд ярихгүй л дээ.Монгол, АнУ дипломат харилцаа тогтоосноосоо хойш 30 гаруй жил болчихлоо.Хүрэх ёстой түвшиндээ л хүрч байгаа айлчлал.Бид хоёр хөрштэйгөө стратегийн түншлэл байгуулаад удаж байгаа. БнХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлтэй болчихсон. Ирэх сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчилна. Айлчлалынхаа үеэр 1991 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлтэй болно.АНУ деклараци учраас гарын үсэг зураагүй. Хоёр хөршийн тухайд энэ тохиолдолд Ерөнхийлөгч нар нь гарын үсэг зурдаг. Тийм арга хэмжээ ирэх сард болно гэсэн үг. Одоо бэлтгэл ажил тохирох шатанд явж байна.

-Гуравдагч хөршийн тухай хуулийг ирэх намартаа батлагдчих болов уу гэсэн таамаг байна.

-Конгрессийн дээд, доод танхимын гишүүд дэмжиж байгаа. Өргөн барьчихсан, хэлэлцэгдэж эхлээгүй байна. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш урд нь байгуулсан чөлөөт худалдааны гэрээнүүдээ бүгдийг нь шинээр харж, заримыг нь зогсоосон.Канад болон Мексик улстай байгуулсан гэрээгээ нэлээд өөрчилж, өөртөө ашигтайгаар батлах гээд хүлээж байна.Ийм нөхцөлд зөвхөн Монгол Улсад зориулаад тэр дундаа ноолуур болон оёмол сүлжмэлийн салбарт чөлөөт худалдааны гэрээ байгуулна гэдэг хүндрэлтэй.Тэр утгаараа энэ удаагийн айлчлалаар уг хуулийн ач холбогдлыг ерөнхийлөгч Д.Трампад ойлгуулах гол зорилготой байсан. Яагаад Монголын ноолуураар хийсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй орох шаардлагатай вэ гэдгийг тайлбарлахыг зорьсон, тэр амжилттай болсон. Ганцаарчлан уулзалт таван минут биш, 40 минут болж сунжирсан нь ч энэ асуудалтай холбоотой. Хуучин зөвхөн хууль тогтоох засаглал, АНУ Конгресс сенатын гишүүдэд тайлбарладаг байсан бол энэ удаад гүйцэтгэх засаглал нь нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ ондоо багтааж хуулиа батлуулах тал дээр Вашингтон дахь манай Элчин сайдын яам ажиллаж байгаа.

-АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Хоёр талын хуулийн байгууллага хамтран ажиллана гэдэг дээр байр суурь нэгдсэнээс гадна оффшорын асуудлыг анхаарч үзэхээр болов уу?

-АНУ, Монголын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нарт нь ч гэсэн харилцах хүсэл, зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенц гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцод гарын үсэг зурсан орнууд эрх зүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдөрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авлигатай тэмцэх, оффшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм. Энэ сувагаа нээснээр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ын ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. Арав биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээний дараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллараар байшин худалдаж авах болсон. Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалтаар мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ын тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байгаа талаар бидэнд мэдээлэл өгнө.Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан.

-Манайхаас судлуулж, шийдүүлэхээр хүсч байгаа хэргүүд юу байна вэ?

-УЕПГ-аас асуух асуулт байна. Манай Ерөнхий прокурор Вашингтоны Элчин сайдын яаманд байдаг хүнд итгэмжлэл өгөөд, зөвхөн тэр хүн л АНУ-ын Хууль зүйн яам болон Монгол Улсын ерөнхий прокурорын газартай харьцана. Хэн дуртай нь ажиллаад байдаггүй юм билээ.Ямартаа ч тэр хүнээ томилоод ажилд нь оруулсан.

-С.Төмөрбат шүүгчийн талаар яригдсан уу?

-Тэрхүү шүүгчийн асуудал олон хүсэлтүүдийн нэг л байх. Аль ч улсад хэрэгт шалгагдаж байгаа хүн орчихвол тэр хүнийг гаргаж өгнө шүү дээ.

-АНУ-ыг ардчилсан орон гэдэг утгаар нь орогнол хүсэх явдал цөөнгүй байдаг. Энэ утгаараа АНУ хэрхэн хүлээж авах бол?

-Мөрдөн байцаалтаас зугтаасан хүнийг буцааж өгнө л дөө. Ардчилсан орон гээд авлигалчийг өмөөрөөд, орогнуулаад байж болохгүй. Авлигалын хэргийг бусад гэмт хэргээс онцгойлон үзэж, хурдан шуурхай хамтран ажилладаг л улс байгаа юм.

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ шийдвэр бүрэн эрхээ хасуулсан зарим шүүгч, болон хуульчдын эсэргүүцэлтэй тулгарсан.Энэ тухайд?

-Авлига авсан шүүгчдийг мөрдөн шалгахгүй яах юм бэ. Толгойг нь илээд суух хэрэг үү. Бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа нь шалгах процессийг л эхлүүлж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн байгууллагадаа ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болдоггүй албан тушаалтнууд учраас ингэж байгаа юм.

-Дахиад бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шүүгчид бий юү?

-Хуулийн байгууллага нь асуудлаа тавьбал Шүүхийн ерөнхий зөвлөл нь авч үзээд түдгэлзүүлэх асуудлаа оруулж ирнэ.

-Айлчлалаар “Наса”-гийнхантай уулзсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын зарим хэвлэлд АНУ Монголд бага болон дунд тусгалтай пуужин байрлуулах нь гэсэн мэдээлэл гарсан байсан. Үүнд та албан ёсны тайлбар өгөөч?

-Ямар ч утга учиргүй мэдээлэл. Тийм зүйл огт яригдаагүй. Тийм зүйл байж болохгүй. Гадаадын цэргийг оруулах эсэх чинь Үндсэн хуульд байдаг, боломжгүй асуудал, энэ талаар ярих ч боломжгүй. “Наса”-тай уулзсан нь пуужинтай ямар ч холбоогүй. 2030 оноос эхлээд Марс гараг руу аялах аялагчдын тоо хэдэн арван мянга болох гэж байна. Тийшээ явах хүмүүс сургалтад суух ёстой. Марс гарагтай төстэй -50, +50 градус хүртэл халж, хөрдөг, элстэй, ургамалгүй газар манай говьд байна. Манай хүн амьдардаггүй говьд байгаа юм. Марс руу явах хүмүүс манай говьд очоод байшингаа бариад, ногоогоо тариад амьдрах гэж үзэх ёстой. чадаж байвал Марс руу явах билетийг нь зарна. Хэрэв Марс руу явчихвал буцаж ирэхгүй, тэндхийн хүн болоод л үлдэнэ. Тийм хатуу байгальтай газар очиж амьдрах гэж байгаа хүмүүст зориулсан сургуулилтын баазаа манайд байгуулаач гэсэн юм. Бусад газруудад цөл байгаа боловч хүйтэрдэггүй.Манайд халах, хүйтрэх нь хоёулаа байдгаараа онцлог байгаа хэрэг. Энэ талаар Роскосмостой мөн ярьж байгаа. Марс руу явуулах хүмүүсээ манайд бэлдэж болно шүү гэж хэлсэн.

“Наса” пуужин хөөргөдөг байгууллага болохоос байрлуулдаггүй. Харин ч “Наса” сансрыг энхтайвны зорилгоор ашигладаг. Батлан хамгаалах яамтай нь уулзсан бол пуужин байрлуулах нь гэж хардаж болох л юм. Пуужин байрлуулна гэх цуурхлыг asiarussia.ru дээр мөн газрын ховроор АНУ-тай хамтран ажиллах нь гэж globaltimes.cn гэх англи хэлээр гардаг Хятадын вэб сайт дээр тавьсан байна лээ. Эдгээр мэдээнүүд бол худал мэдээлэл, айлчлалын үед аль ч уулзалт дээр яригдаагүй тул албан ёсоор няцаалт хийж байна.

-Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд манайд айлчилсан нь пуужин байрлуулах нь гэх хардлагыг улам төрүүлчихсэн үү?

-Сайдын айлчлал, “Наса” хоёр хоорондоо ямар ч холбоогүй асуудал. Энэ удаад газрын ховроор хамтарч ажиллах тухай Д.Трамп ерөнхийлөгчийн уулзалтад байгаагүй. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын уулзалтад ч байгаагүй. Тэр талаар АНУ-аас ч санал хөндөөгүй учраас бид яриагүй. Хэдий Монгол Улс дэлхий дээр БНХАУ-ын дараа орох газрын ховрын нөөцтэй ч гэсэн ашиглалтынхаа технологийн хүндрэлээс болоод одоо хүртэл түүнийгээ ашиглаагүй. Байгаль орчинд хоргүй технологиор ашиглах ёстой шүү дээ. Тийм учраас энэ талаар globaltimes.cn дээр гарсан мэдээлэлд мөн албан ёсоор няцаалт өгч байна. Тийм зүйл огт байхгүй. Тэр бол ихээхэн анхаарал хандуулж, шүүмжлээд байх асуудал биш. Ердийн л компаниуд хоорондын хамтран ажилладаг асуудал.Цаг нь болохоор нэгдэх ёстой л зүйл.

-Та бүхний Марс руу зорчигчдыг Монголд бэлтгэх саналыг “Наса” хэрхэн хүлээж авав?

-Сонирхолтой санаа байна гэсэн. Энэ саналыг АН-ын Залуучуудын холбооны дарга С.Эрдэнэболд гаргасан юм. Түүнийг нь Ерөнхийлөгч зөв юм байна гэж дэмжээд, тэдний багийн нэг залуугаар “Наса”-ынханд танилцуулга хийлгэсэн юм.Монгол Улс бүрэн хүлээж авах боломжтой, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгнө, дэлхий дээр цорын ганц манай улсад л ийм боломж байгаа шүү гэдгийг хэлсэн. “Наса”-гийн талаас хүн явуулж судлуулъя гэсэн. АНУ, Энэтхэг, ОХУ-ын сансрын байгууллага тэрхүү баазаа манайд байгуулбал манай улс 20, 30 мянган хүнийг Марсын зочид буудалд байлгаж, хэдэн сар амьдруулаад, сертификат бичиж өгөөд явуулаад байх нь. Тэрхүү сертификаттай хүмүүсийг Марс руу нисгэх нь байна. Сонсоход холын юм шиг мэт боловч энэ маш ойрын асуудал болчихсон. 2030 он болоход 11 жил л үлдсэн байна шүү дээ.

-Хөрш хоёр орны зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг хэрхэн дүгнэж байгаа бол. Та хэрхэн ажиглаж байна вэ?

-Манай улс дэлхийн бүх улс оронтой энхтайвнаар харилцахад хөрш хоёр орон огтоос дургүйцэхгүй. Харин ч баяр хүргэх ёстой байлгүй.

-Ерөнхийлөгч Сибирийн түймрийн талаар Д.Трампад хэлсэн гэдэг нь үнэн үү?

-“Та Путин Ерөнхийлөгчтэй яриад тусламж үзүүлээч” гэсэн тэр дор нь ярьсан, ОХУ-аас хариу ирэх хүртэл тэнд байсан. Таван минутын уулзалт нь 40 хүртэл үргэлжилсэн. Ярьсан, яриагүй гэх мэтээр янз бүрийн зүйл яригдаад байгаа учраас үүнийг хэлж байна. Сибирийн түймэр өөрөө зөвхөн ОХУ-ын асуудал биш болчихоод байгаа юм.Улаанбаатар, Хэнтий, Архангай, Хөвсгөл рүү гурав, дөрвөн өдөр утаатай байлаа. Зөвхөн утаа нь Монгол Улсад ингэж нөлөөлж байна. Дэлхий дээрх CO2-ийн хэмжээг шууд ихэсгэж байгаа. Ийм том гамшиг болж байхад гал түймэртэй тэмцэх талаар туршлагатай АНУ тусламж үзүүлээч ээ, энэ бол хүмүүнлэгийн тусламж шүү дээ гэсэн. Тэр хоёр улс хоорондоо туслах тухай яриад байх шиг байна лээ. Энэ үйл явдал цэвэр хөршийн хувьд санаа зовж байгаа хэрэг биш. Сибирийн түймэр зөвхөн ОХУ-ын л ажил биш болчихоод байгаа хэрэг. Учир нь шатаж байгаа талбай зарим үед дөрвөн сая га-д хүрсэн. Одоо хоёр сая га-гаас дотогшоо орж байна. Иймэрхүү зэргийн зүйл хоёр том улсын хооронд яригдах сэдлийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж өгсөн. Бид хүмүүнлэгийн тусламжийг анх удаа үзүүлж байгаа юм биш. Эрхүү мужид болсон үерийн улмаас орон гэргүй болсон 42 хүүхдийг “Найрамдал” зусланд амрааж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлаад, ОХУ-д төгсөгчдийн холбоотой нийлээд тэрхүү ажлыг хийж байна. Ер нь бол хэцүү явж байгаа цагт нь туслах л хэрэгтэй. Түүнийг сурталчлаад байх хэрэггүй. Тиймдээ ч Сибирийн түймрийн талаар манай албан ёсны вэб сайтад байхгүй.

-Таныг Ц.Мөнх-Оргилтой өрсөлдөнө гэдгээ зарлачихсан учраас ажлаа өгч сонгуульдаа бэлдэх нь гэх юм. Та ажлаа өгөх үү?

-Сонгуульдаа бэлдэнэ шүү дээ.

-Хэзээ ажлаа өгөх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдтал ажлаа хийнэ ээ. Ерөнхийлөгч Путины манайд хийх айлчлал, Ерөнхийлөгч Баттулгын Энэтхэгт хийх айлчлал бий. Иймэрхүү чухал ажлуудаа дуусгана л даа.

-ОХУ-ын ерөнхийлөгч Путины айлчлал хэр удаан үргэлжлэх вэ. Халхголын ойн хүрээнд л байх уу?

-Есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халхголын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно.Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *