Categories
мэдээ улс-төр

З.Энхболд АНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.18/ Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсонд эрхэмсэг ноён Абдуллад баяр хүргэв. Монгол Улсад Элчин сайдын яам нээх Эмират Улсын Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан болохыг дурдаад, энэхүү шийдвэр нь тус улсаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Эрхэмсэг ноён Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, эрхэм дээд шейх Халиф ибн Зайд Аль Нахайяны халуун дотно мэндчилгээ, мөн парламентын дарга доктор Амал Аль Күйбайсын халуун мэндчилгээг уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.Тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эмират Улс чухал ач холбогдол өгч байгааг дурдахад таатай байна гэв.

Улсын Их Хурлын дарга Монгол Улс Эмират Улстай улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж ирснийг дурдаад, шинээр байгуулагдсан Элчин сайдын яам хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Эмиратын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй бусад олон салбарт хөгжих боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.

Талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн харилцааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, уулзалтын төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижид ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *