Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүнийг даргаараа сонгоно

Ардчилсан намын VI Их хурлаас гаргасан шийдвэр, Ардчилсан намын шинэ даргыг тодруулах сунгааг хэрхэн зохион байгуулах зэрэг Их хурлаас баталсан шийдвэрийн талаар өнөөдөр АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон ҮЗХ намынхаа дүрмийг шинэчлэн батална гэж төлөвлөж байсан боловч батлаагүй байна. Үндсэн дүрмийн төсөл нь намаа шинэчлэх бодлогын чухал баримт бичиг учраас 1000 гаруйхан хүн хоёр өдрийн дотор батлахад учир дутагдалтай гэдэг дээр санал нэгдсэн. Хурлын төлөөлөгчид дүрмийн төслөө харьяа аймаг, сум, дүүрэгтээ очиж танилцуулан хэлэлцүүлэх нь дээр гэсэн санал гаргасныг олонхи дэмжсэн. Тиймээс долдугаар Их хурлаа ирэх хоёрдугаар сарын 12-нд хуралдуулж дүрмээ батлахаар болсон. Мөн АН-ын VI Их хурлаас эрх баригч МАН-д дараахь шаардлагыг хүргүүлсэн. Ямар шаардлага хүргүүлсэн тухай та бүхэнд товчхон хүргэе. Нэгдүгээрт, тодорхой багц хуулиудыг нэн даруй баталж, 2017 оны нэгдүгээр хагас жилд багтаан хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Хоёрдугаарт, төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг алдагдуулж, улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчийг хоморголон халж байгаа хууль бус бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож, эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдаас уучлал гуйж, хууль ёсоор эргэн татахыг шаардаж байна. Гуравдугаарт, өнгөрсөн сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдсан тухайгаа хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байна. Мөн ахмад настан, хүүхдийн нийгмийн хамгааллын салбарт шаардлагатай байсан Нийгмийн хамгааллын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулсан нь буруу. Дээрх хуулиудыг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна. Тавдугаарт орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам олонхи болсон тойргуудаас ИТХ-ын төлөөлөгчөөр хууль ёсоор томилогдсон зарим дарга нарыг мөн адил яаралтай батлахыг шаардаж байна. Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одооТөв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ажлын хэсэг, ҮЗХ-гоор хэлэлцсэн дүрмийн төсөл Их хуралд орж ирэхдээ өөрчлөгдсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж өөрчлөгдсөн юм бол?

-Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Янз бүрийн л шалтгаан байсан байх. Ер нь ийм их хэмжээний өөрчлөлтийг хоёрхон өдрийн дотор хийх боломжгүй гэдэгт бүгд санал нэгдсэн. Тиймээс дараагийнхаа Их хуралд оролцох төлөөлөгчдийнхөө тоог нэмж сум, хороо тус бүрээс хоёр хүнийг оролцуулахаар шийдсэн.

-Намын даргад хичнээн хүн өрсөлдөх вэ. Тооны хязгаар тавьсан уу?

-Тооны хязгаар тавиагүй. Мөн марафоныг хоёр шаттай зохион байгуулахаар төлөвлөж байсныг больж ганцхан шаттай болгохоор болсон.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Намын Их хурал үүнд ач холбогдол өгсөн үү?

-Энэ бол Ерөнхий сайд байсан үетэй холбогдуулан шалгаж байгаа асуудал. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол асуудлыг хурдан шалгадаг болох байлаа. Энэ хуулиудыг хойшлуулснаас болоод иймэрхүү асуудлууд их гарч байна. Н.Алтанхуягийн хувьд хоёр жил үргэлжилж байгаа гэсэн үг. Ингэж удаж байгаа нь ямарч баримт нотолгоогүй асуудал болохыг нь илтгэж байгаа юм.

-Намын даргын сонгуулиасаа өмнө гишүүдээ шинэчлэн бүртгэхээр сонгуульд оролцож байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар гишүүн элсүүлэх юм биш үү?

-Ийм шүүмжлэл гарсан. Гэхдээ АН-ын шинэчлэлд оролцох хүсэлтэй хүн олон байгаа учраас ингэж шийдсэн юм.

-Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй юу?

-Намын дарга Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн санал гараагүй. Тийм учраас дүрмийн төсөлд ийм заалт тусгагдаагүй байх. Яг яаж тусгагдсаныг хэлж мэдэхгүй байна.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан Намын гишүүн байна.

-Нэр дэвшигчийн босго хэтэрхий нам байгаа юм бишүү?

-Ер нь бол хэдэн зуун хүн дэвшихгүй. Намын даргад нэр дэвшинэ гэсэн 5-6-хан хүн байна байсан. Тэдэн дээр нэмж чөлөөтэй бүртгэж авна. Маш олон хүн дэвшээд нэг хүний авах санад олон хуваагдах вий гэсэн шүүмжлэл хурлаар яригдсан. Би бол тэгж бодохгүй байгаа. АН-ын даргын босгыг санал өгөх гэж байгаа 180 мянга гаруй АН-ын жирийн гишүүд шийднэ. Хэдхэн хүн дээр санал төвлөрөх байх. Хэн дуртай нь нэр дэвшиж болох ч хэн дуртайг нь дарга болгохгүй байх. АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүмүүсийг сонгох байх.

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу?

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь бол цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *