Categories
мэдээ цаг-үе

З.Буянхишиг: Манай сургууль Moodle программыг ашиглан цахим сургалтаа явуулж байна

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн холбооны салбарын эрхлэгч доктор (PhD), дэд профессор З.Буянхишигтэй ярилцлаа.


-Энэ жил “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон. Танай сургуулийн хувьд цахимаар ямар хичээлүүдийг зааж байгаа вэ?

-Мэдээлэл Холбооны Технологийн сургууль нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг. Манай МХТС нь таван үндсэн салбартай. Холбооны, Электроникийн, Компьютерийн ухааны, Мэдээллийн технологийн, Мэдээллийн сүлжээ ба аюулгүй байдлын гээд. Миний бие Холбооны салбарын эрхлэгчээр ажилладаг. Манай салбар 25 багш, дөрвөн сургалтын мастер болон туслах ажилтантай. Энэ улирал буюу хичээлийн жилийн сүүлийн хагас маань цаг үеийн байдалтай уялдан цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ тохиолдолд багш, оюутангүй бэлэн бус байлаа. Гэхдээ сургуулийн удирдлага, профессор багш нар маань цэгцтэй шаргуу арга хэмжээ авч, сургалтын үйл ажиллагааг завсардуулалгүй харьцангуй хэвийн явуулж байна. Яг энэ семистрт манай салбарын хувьд бакалаврын 23, магистрын есөн хичээл цахимаар зааж байна. Миний хувьд бакалавр, магистрын тус бүр нэг хичээл зааж байгаа.

-Танай сургууль ямар программ хангамж ашиглаж цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Манай ШУТИС-ийн профессор багш нар цахим сургалтын материалыг ШУТИС-ийн Багшийн вэб болон www.must.edu.mnсайтын “Цахим сургалт” цэсээр оюутанд хүргэж байна. Манай МХТС-ийн хувьд www.elearn.sict.edu.mnхаягаар Moodle программыг ашиглан цахим сургалтаа явуулж байна. Манай ШУТИС Microsoft Office 365–ийн Faculty A1 болон Stu­dent A1 лицензийг албан ёсоор эзэмшиж байгаа юм.Moodle болон Microsoft Office 365 & Teams программ нь багш нар оюутнуудад лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэх, багш болон оюутнууд онлайн орчинд шууд харилцах, тэдгээрийн идэвхтэй оролцоог дэмжих, багшаас оюутнуудын цахимаар суралцах үйл явцыг удирдан зохион байгуулах, хичээлээ хэр зэрэг хандан үзэж буйд хяналт тавих, зохицуулалт хийх, сургалтыг үр дүнтэйгээр тасралтгүй үргэлжлүүлэн явуулах боломжийг олгодог цогц систем юм.

Мөн Microsoft Teams, Skype, Zoom ашиглан бакалавр, магистрын дипломын үзлэгүүд, бие даалт, төслийн хичээлүүд, багш ажилтны хурал семинар зэргийг явуулж байна, үндсэндээ цахим хэлбэрт шилжээд өдөр тутмын үйл ажиллагаа ч гэсэн нэгэнт хэвшиж суралцаж байна даа.

-Цахимаар хичээллэхийн онцлог нь юу байна вэ?

-Танхимын сургалттай харьцуулахад цахим сургалтын онцлог зүйл их бий. Оюутнууд дурын газраас (хэрвээ өөрт нь сүлжээний болоод компьютер, гар утасны боломж нь байвал) холбогдож хичээлээ үзэж байна, цаг хугацааны хувьд хязгаарлагдахгүй уян хатан байх боломж бүрдэж байна, танхимд ганц удаа л багшийн лекц сонсдог байсан бол цахим сургалтаар бол хэдэн удаа ч сонсох, үзэх сайхан давуу талтай, заавал танхимд номхон суугаад хичээл хийх биш, хоолоо хийнгээ, дүүгээ асрангаа, дасгал хөдөлгөөн хийнгээ хичээлээ сонсох, давтан үзэх, ойлгоогүй зүйлсээ дахин нягтлан үзэх гээд тоочоод байвал давуу зүйлүүд мэдээж бий. Танхимд бол шууд багшаас асууна, цахимаар бол бичлэг үзээд эхлээд өөрөө л ойлгох хэрэг гарна, ойлгохгүй зүйлээ мэдээж багшаас асууна, бусдаас асууна, аль алийг нь хослон оюутан мэдлэг олж авах, нөгөө талаас мэдээж бид сургах ёстой. Гол нь оюутан залуус маань өөрөө өөрийнхөө цаг хугацааг менежмэнт хийж, цаг хугацаагаараа өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх сайхан боломж байна, Мэдээж хувь хүн өөртөө шаардлага өндөртэй, зорилго тодорхой байж цахим сургалт үр дүнтэй болно. Мэргэжлийн хичээлээ цахимаар суралцаад ойлгож буй оюутан цаашдаа бие даан өөрийгөө хөгжүүлэхэд бүр сайн бэлтгэгдэж байна аа гэсэн үг.

-Цахим хичээлийн даалгаврыг гүйцэтгэхдээ оюутнууд ямар нэгэн заль гаргах тохиолдол гарч байна уу?

-Тест сорил өгөхдөө хүний өмнөөс өгөх гэх мэт сөрөг хандлага байх, гэхдээ орчин цагт мэдлэгээс дутуугүй хандлагыг чухалчилдаг болсон өнөө үед зөв хүмүүжилтэй зөв хандлагатай хүн л цааш алхана шүү дээ, тийм болохоор тестийн дийлэнх хувь маань оюутан өөрөө өөрийгөө сорих тест хэлбэртэй байгаа. Зөвхөн үнэлгээг бус үр дүнг чухалчилдаг, хандлагыг ажилд авч ур чадварыг төлөвшүүлдэг эрин үед ирсэн учраас залуу хүн өөр лүүгээ өнгийж, бусдаас суралцаж, бусадтай хамтарч, зорилго карьераа зөв тодорхойлж цаг хугацаатай л өрсөлддөг байх хэрэгтэй.

-Цахимаар хичээллэхэд хүндрэлтэй зүйл тохиолдож байна уу?

-Оюутнуудын хувьд мэдээж ойлгохгүй зүйл гарахаар шантрах, залхах зүйл ажиглагддаг, зүгээр нэг уншаад өнгөрөх зүйл биш нарийн шинжлэх ухааныг зайнаас буюу цахимаар нэг талаас заах, нөгөө талаас ойлгож мэдлэгийг олж авах учраас сургагч, суралцагч аль алинд нь маш их хичээл зүтгэл шаардагдана. Багшийн зааснаар оюутнууд шинжлэх ухааныг танина. Иймд багш хүн маш хариуцлагатай байх хэрэгтэй. Багш нарын хувьд жирийн үеэс илүү их цаг зарцуулж хичээл сургалтын агуулга бэлтгэж байгаа. Танхимд нүүр нүүрээ хараад тайлбарлаж үзүүлж байгаа слайд нэг өөр, цахим сургалтаар багшийн бэлдэж байгаа лекц, семинарын слайд өөр байх учиртай, багш нар маань ppt үзүүлэн слайд, word документ файл, аудио, видео, live, chat, блог, подкаст гээд хүнд мэдээлэл, мэдлэгийг хүргэж болох ямар л хэлбэр байна түүгээр сургалтын материалыг хүргэж, цахим сургалтыг явуулж байна даа. Бид өөрсдөө мэдээлэл холбооны технологийн хүмүүс учраас багш оюутнууд маань энэ цаг үед амархан зохицож үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаар бидний давуу тал юм даа.

-Цахимаар хичээллэхийн ач тус нь юу байна вэ?

-Цахим хичээлийн нэгдсэн сан бий болж байна, шалгалтын тестийн сан бий болж байна. Иймд танхимын сургалтын үед ч гэсэн багш заавал өөрөө шалгалт авахгүй хөндлөнгийн шалгалт авах тестийн нэгдсэн сантай болж байна гэсэн үг, мөн хичээлээ хангалтгүй үзсэн оюутан дараа семестрт дахин үзэхдээ цахим хувилбарыг сонгож болно гэдэг ч юмуу сонголтот хувилбартай болж болно, мөн кредитийн төлбөрийн хувьд ч зохицуулалт хийж болох талтай. Зайнаас ойлгуулж заахын тулд багш цахим контентоо илүү ойлгомжтой, илүү цэгцтэй хийж тайлбарлах шаардлага зүй ёсоор тавигдана, тийм болохоор багш нарын ур чадвар ч сайжрах байхаа. Оюутнуудад л цагийн менежментийн хувьд давуу тал их гарна даа.

-Цахим сургалтын явцад анхаарвал зохих зүйл юу байв?

-Цахим сургалтын явцад ч гэсэн цагийн нарийн хуваарь хэрэгтэй гэж санагдсан. Тухайлбал, оюутнуудтайгаа холбогдоход, лайв, форум хийхэд давхцал үүсгэхгүй байх гэдэг ч юмуу, онлайн хурал семинар хийхэд тогтсон цагт хийх, мөн оюутны үзэх хичээлийн агуулга багтаамж, лаборатори, семинарын цахим хичээлийн цаг зарцуулалт энэ тэр гээд зохицуулалт хийх асуудлууд нэлээн байнаа. Багш хичээлээ заахад шинэ технологийн мэдлэг дутуу байвал оюутнууд хохирно. Багш мэдлэгээ байнга дээшлүүлэхгүй бол өөрийгөө хохироогоод зогсохгүй оюутнуудаа хохироож буй хэрэг, шинэ тутам гарч буй технологи дэвшлийг тайлбарлаж өгөхгүй бол оюутнаа эрсдэлд оруулж байна аа гэсэн үг. Тийм болохоор хичээлийн агуулгыг байнга шинэчлэх хэрэгтэй болно. Зөвхөн заадаг биш, мэдлэг олгодог, чадвар олгодог, хандлага төлөвшүүлдэг боловсролын ухааныг дэлхий нийт чухалчилж байна. Иймд цахим сургалтаар ч гэсэн мэдлэгийг, дадал чадварыг, хандлагыг төлөвшүүлдэг хэмжээнд цахим хичээлийн агуулгыг бэлдэх зайлшгүй шаардлага багш бидний хувьд тулгарч байгаа. Бас нэгэн зүйл, цахим хичээлийн контент агууламжийг баяжуулахын тулд эх хэл дээр, төрөлх хэл дээрх мэргэжлийн сурах бичиг их хэрэгтэй юм байна гэдгийг хаа хаанаа бүр их ойлголоо, гадаад хэл дээр уншина гэвэл хангалттай материал байна, монгол хэл дээрээ уншиж судалъя гэвэл хомс болоод ирж байна. Иймд бодлогоор багш нарын мэргэжлийн сурах бичиг бичихийг дэмжих, шууд эрхийг нь авч орчуулах гэх мэт ажлыг хийх хэрэгтэй байна. Нэг хичээлээр англи хэл дээр маш олон сурах бичиг олдоно, монгол сурах бичиггүй хичээл байхаар яаж бид нар сайн мэргэжилтэн бэлтгэх вэ, бодох л асуудал.

-Та цахимаар дипломоо хамгаалж буй хүүхэд удирдаж байна уу, хэрэв удирдаж байгаа бол хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Манай салбарын хувьд яг энэ семистрт цахилгаан холбоо, утасгүй холбоо хөтөлбөрийн бакалаврын 44 оюутан, 10 магистрант оюутан төгсөлтийн дипломын ажлын судалгааг хийж гүйцэтгэж байна. Миний хувьд хоёр магистр оюутан удирдаж байгаа. Салбарын багш оюутнууд маань дипломын ажлаа төлөвлөгөө гарган хийдэг, явцын үзлэгүүд батлагдсан хуваарийн дагуу хийгдэж байна. Өчигдөр, өнөөдөр бакалавр, магистрын 70-75 хувийн явцын үзлэгүүд цахимаар хийгдлээ. Бид Microsoft Teams программ ашиглан дипломын үзлэгүүдээ хийж байна. Манай сургуулийн магистр оюутны хувьд заавал эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байж төгсөлт хийгдэх шаардлага тавигддаг, иймд эрдэм шиншилгээний хурлаа цахимаар хийж болж байна.Цахимаар дипломын үзлэгүүдээ хийхэд харьцангуй бэрхшээл алга гэж байна, багш нар маань, харин ч маш сайн төвлөрч бие биенийгээ сонсдог юмуу гэж ажиглагдаж байна. Харин биет зүйл хийж угсарч буй, схем техниктэй болон программ хангамжтай дипломын ажлын хувьд жаахан асуудал байна, угсарснаа, бичсэн программаа ажиллуулна, ажиллахгүй асуудал гарна, шалтгааныг нь олох гээд заавал нүүр тулж уулзах хэрэг гараад байгаа багш, оюутанд, гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ бариад ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу зай контактыг барьж уулзаж байгаад л төгсөлтийн ажлаа хийж дуусгана даа. Харин магистрант оюутнууд маань ажлын байран дээрээсээ шууд холбогдоод дипломын явцаа шалгуулаад зөвлөгөө авч байгаа болохоор тэдний хувьд тун давуу талтай, дуртай байгаа, орон нутгаас суралцаж буй магистрант оюутнууд цөөнгүй бий.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *