Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдөр “Хэвлэлийн эрх чөлөөний форум 2023” болсон юм. Форумаар салбарынхан чуулж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн МСНЭ-ийн Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний талаар тодрууллаа.
-Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол хэвлэлийн эрх чөлөө байхгүй гэдэг. Эдийн засгийн хараат бус байдлыг хэвлэлийн салбарынхан яаж бий болгох вэ?
-Сэтгүүл зүй ч бай, ер нь ямарваа үйл ажиллагаа явуулахад зардал гарах нь зайлшгүй. Бид жижигхэн зах зээлтэй. Үүнээсээ хэт давсан хэвлэл мэдээллийн байгууллагатай. Гэхдээ энэ нь олон ургальч үзлийг илрүүлж байдаг сайн талтай. Эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангахгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтмол ажиллах, сэтгүүл зүйн бүтээгдэхүүн бий болгох тухай ярих боломжгүй юм. Хэвлэл мэдээллийн Эдийн засгийн орчин таагүй байна.
Өнөөдөр ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэх хэмжээнд улсын төсөв батлагдаж байна. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо өндөр байна гэсэн үг. Ийм байхад хэвлэл мэдээлэл мөн л төрд, төрийн байгууллагад, улс төрд ханган нийлүүлэлт хийж байна. Энэ нь алсдаа хэвлэл мэдээлэл төрөөс хараат болох эрсдэлтэй гэсэн үг. Мөн төр өөрөө мэдээллийн эх сурвалж болох жишиг хавтгайрлаа. Нэг талаас харвал төр нээлттэй болоод байгаа юм шиг боловч үнэндээ бол төр хүссэн мэдээллээ л өгдөг байдлаар цензур тогтоож байгаа хэлбэр.
-Ковид цар тахалаас үүдэлтэй Хэмнэлтийн хууль нэрээр хэвлэлийн орлогыг хумьсан. Ковидын хуулийн хугацаа дуусгавар болсон ч зарим шийдвэрүүд эргэж сэргэсэнгүй. Үүнийг сэргээхийн тулд ямар ажлууд хийх боломжтой вэ?
-Цар тахлын үеэс төр засгийн байгууллагууд хэмнэлт хийж эхлэхдээ хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл, шуудан холбооны зардлаа танасан. Үеийн үед л ингэдэг. Өнөөдөр төрд нүүрлэсэн хулгайтай тэмцэх кампанит ажлын хүрээнд дахиад хэвлэлийн зардлаа таналаа. Төр мэдээллийн эх сурвалж болоод байгааг би хэдий шүүмжилж байгаа ч төр мэдээллээ ил байлгах үүрэгтэй. Мэдээллээ далд хийчихээд дараа нь өөрөө эх сурвалж болж гарч ирээд хүссэн мэдээллээ дуртай цагтаа, улс төрд нь хэрэгтэй цагтаа өгдөг байж таарахгүй. Харин иргэдийн Үндсэн хуулийн эрх болох мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хэм хэмжээний дотор, гэрээний хүрээнд ажиллах нь бол зүй ёсны зүйл. Гэтэл хэмнэлтийн хууль нэрийн дор тэр үйл ажиллагааг хаах, нууц далд санхүүжилтийн хэлбэрт шилжих нь бүр дордуулж байгаа хэрэг юм. Хэвлэл мэдээлэл өөрөө хүчтэй дуу хоолой. Бид чөлөөт хэвлэлийг боомилох эрсдэлтэй шийдвэр, асуудал бүрд байр сууриа илэрхийлж ирсэн. Тэмцэж ирсэн. Цаашид ч мөн тийм хэлбэрээр л ажиллана.
Мөн энэ үеэр Сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Сүүлийн хоёр жилд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 43 байр ухарсан байна. Үүнийг ямар үзүүлэлтээр гаргадаг вэ?
-“Хил хязгааргүй сэтгүүлзүй” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний судалгааг гаргадаг. Маш олон нарийн үзүүлэлтээр дэлхийн 180 гаруй улсыг багтаагаад, тайлангаа гаргадаг юм. Үүнд маш олон шалгуур үзүүлэлтүүд байдаг. Маш нарийн маргах аргагүй судалгааны дүнг гаргадаг судалгааны байгууллага байгаа юм. Жил бүр манай индекс ухарсаар ирлээ.
-Манайд ухарч байгаагийн шалтгаан юу юм бол?
-Манай улсын ухарч буй шалтгаан нь хэвлэл мэдээллийн салбар улс төрийн нөлөө ихтэй. Өөрөөр хэлбэл, улстөрч, улс төрийн нам, бүлэглэлийн хөрөнгө санхүү хэвлэл мэдээлэлд орж, хараат бус байдалд нөлөөлж байна гэж үздэг. Мөн хууль эрх зүйн хувьд Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтыг дурдсан байна лээ. Энэ нь сэтгүүлчид Зөрчлийн хуулиар юм бол хоёр сая төгрөгийн торгууль ногдуулаад байсан. Үүнийг эдийн засгийн цензур тавьж байна гэж үзсэн.
-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт гарч буй дэвшилтэт зүйлүүд юу байна вэ?
-Тухайн хэвлэл нэг улс төрийн үзэл баримтлалтай байна. Сэтгүүлчид мэдээллийн бодит байдалд үзэл бодлоо тусгах, нөлөөлөх, гаднаас мэдээллийн бодит байдалд нөлөөлөх гэх мэт чинь хүн л байгаа учраас зарим талаар үгүйсгэхгүй. Үүнийг хиймэл оюун ухаан, робот мэдээлэл ашигласан үйл ажиллагаа нь бодит мэдээллийг зөв хүргэх магадлалтай гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйлээс шалтгаалдаг, мэдээллийн бодит байдалд нөлөөлдөг нөлөөллийг робот буюу хиймэл оюун ухаан багасгаж болно гэж үздэг. Энэ нь өдөр тутмын, цаг үеийн, үйл явдлын мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Үүний ач тус нь хоёр зүйлээр илрээд байгаа. Нэгдүгээрт, мэдээллийн бодит байдлыг хангах, хөндлөнгөөс нөлөөлөхийг багасгана. Тэр чинь хүн биш машин учраас ямар нэгэн нөлөөнд автахгүй. Хоёрдугаарт, асар олон сэтгүүлч өдөр тутмын, цаг үеийн, үйл явдлын мэдээллийг хийх гэж ажиллаж байна. Энэ ажлыг хиймэл оюун ухаан хөнгөвчлөх боломжтой. Тэгэхээр эрэн сурвалжилга, далд мэдээллийг ил болгох, эрэн сурвалжилсан мэдээллээ боловсруулах, хөгжүүлэх, анализ аналитик чиглэл рүүгээ ажиллах гэх мэт илүү их боломжийг сэтгүүлчид олгоно. Энэ утгаараа маш олон орон хэвлэл мэдээлэлд мэдээлэл бэлтгэх, нэвтрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанаар хийгээд нэлээд өндөр түвшинд гараад явчихсан.
Ингээд сэтгүүлчид форумаа хийж хуран чуулж, асуудлаа ярилцаж дуусаад Чингис хааны талбайд акц үүсгэсэн юм. Төв талбайн төв хэсэгт Монгол Улсын газрын зураг бүхий дүрс үүсгэн “Чөлөөт нийгэм-Чөлөөт хэвлэл” акцыг өрнүүлсэн юм. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө төр засагт хүргэх дуу хоолой байгаасай хэмээн сэтгүүлчид ярьж байлаа.