Өчигдөр оройн 22 цагийн орчимд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан талаарх мэдээлэл өнөөдөр багагүй шуугиан дэгдээсэн билээ. Түүнчлэн өнөө өглөө “УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг байцаахаар яам дээр нь очсон боловч тэрбээр байсангүй” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АТГ-аас өөрийг нь огт дуудаж, байцаагаагүй гэдгийг мэдэгдсэн юм. Тодруулбал тэрбээр “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг саатуулсантай холбогдуулан намайг шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Би өглөөнөөс хойш Төрийн ордонд байсан. Намайг албан ёсоор шалгаж, мэдүүлэг авахаар хэн ч ирээгүй. Надтай холбоотой асуудал байгаа юм бол тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн. З.Баянсэлэнгэ гишүүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг маргаашийн “Өдрийн сонин”-ы хоёрдугаар нүүрнээс уншаарай.