Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Баянсэлэнгэ: Надад улсад учруулсан хохирол байхгүй

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шүүх шийдвэрлэлээ. Тэрбээр тухайн үед Засгийн газрын хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдаалсан юм. Ингэхдээ дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх шалгаж түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож төрийн байгууллагад ажиллах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хаслаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 19,2 сая төгрөгийн торгууль ногдуулав. Харин улсад учруулсан хохирол болох 972 сая төгрөгийг “Бэрэн” группээс гаргуулж улсын орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү шүүх хурлын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгээс дараахь тодруулгыг авлаа.


-Анхан шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарлаа. Та давж заалдах уу?

-Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Давж заалдах шатны шүүхэд хандсан. Олон нийт энэ хэргийг авлигын хэрэг гэж андуураад байгаа юм. Энэ бол авлигын хэрэг биш, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг ч биш. Цэвэр улс төрийн зорилготой хэрэг гэж бий үзэж байна.

-Яагаад?

-Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулж, танилцуулсан юм. Тэр үед гишүүдийн ирц 80 гаруй хувьтай байсан. Хуралдаанаар “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэж байсан. Энэ үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг худалдан авах санал гаргаж, Сангийн яам мөнгийг нь зөвшөөрөөд, Барилгын яам журмыг нь баталж 223 айлыг “Бэрэн” группээс хүлээн авсан буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгөөр Засгийн газар шууд худалдан авалт хийх тогтоол гарсан юм. Яагаад шууд худалдан авалт хийсэн бэ гэхээр Тендерийн тухай хуульд зааснаар тендер зарлах тодорхой арга хэмжээний үед УИХ-аар тендерийн арга хэмжээнүүд ордог. Гэтэл Засгийн газар үйл ажиллагааныхаа явцад тодорхой ажил зохион байгуулахдаа олон ажил хийдгийн нэг нь л шууд худалдан авалт байсан юм. Гэвч тухайн үед Засгийн газар 80 гаруй хувийн ирцтэй байхдаа олонхоороо баталсан төслийг З.Баянсэлэнгэ гэдэг хүнтэй холбогдуулан шүүхээс ял оноосон шийдвэр гаргаж болохгүй.

-Та энэ тухайгаа шүүхэд тайлбарласан уу?

-Би өчнөөн тайлбарлаад ч шүүх миний тайлбарыг авч хэлэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ганцхан сайд хуралдаад Засгийн газрын шийдвэр гардаг юм биш. Олонхоороо сууж олон асуудлыг хэлэлцэж, сайд нарын оруулж ирсэн ажлуудтай танилцаж, дэмжих, буцаах зэрэг шийдвэрийг гаргадаг. Энэ үед хэлэлцэн баталсан олонхын шийдвэрийг төсөл оруулж танилцуулсан сайдтай нь холбогдуулж, ял оногдуулна гэдгийг улстөржсөн гэхээс өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй. Бодит байдал ийм л байна.

-Улсад таны учруулсан хохирол гэж 900 гаруй сая төгрөг байна лээ. Энэ хаанаас гараад ирсэн юм бэ?

-Энэ нь бодит хохирол мөн үү гэвэл үгүй. Засгийн газрын шууд худалдан авалт хийсэн 223 айлын орон сууцыг Авлигатай тэмцэх газар үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхдээ Засгийн газрын худалдан авсан 15 тэрбум төгрөгний орон сууцыг доошлуулж үнэлээд зөрүүг нь З.Баянсэлэнгийн улсад учруулсан хохирол гээд гаргачихсан. Тухайн үнэлгээг гаргасан гурван шинжээчийн хоёр нь үнэлгээний эрхгүй, нягтлан бодох мэргэжилтэй хүмүүс байсан. Тэдний гаргасан үнэлгээг дүгнэн гэмт хэрэг гэж үзээд надад ял оногдуулаад байгааг эсэргүүцэж байна. Хэрвээ гэмт хэрэг байсан бол гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ гэдэг асуудал яригдана. Мөн гэмт хэргийн үргэлжлэх цаг хугацаа гэж байх ёстой. Эрүүгийн хуулинд гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дууссан гэдгээр нь хэрэг төгс үйлдэгдсэн гэж үздэг. Гэтэл би Засгийн газарт тогтоолын төсөл оруулаад танилцуулсан. Үүнийг баталсан, хөрөнгийг нь шийдсэн. Би тэр 15 тэрбум төгрөгийг нь захиран зарцуулах эрхгүй. Үүнийг сангийн яам мэддэг. Уг асуудалд хэрэгжих журмаа батлан бэлтгэл ажлаа хангах явцад 2016 оны УИХ-ын сонгуулийн үед шинэ парламент, Засгийн газар бүрдэж, энэ Засгийн газрын тогтоолын төслийг үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед, Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад буюу 2016 оны аравдугаар сард улсын төсвийн тодотгол хэлэлцэхдээ 15 тэрбум төгрөгийг төсөвт суулган гарсан мөнгө байсан. Тэгэхээр мөнгө нь Б.Чойжилсүрэнгийн үед гарсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол тэр үеэр дуусгавар болсон гэж үзэх ёстой. Гэтэл үүнийг зөвхөн З.Баянсэлэнгэ эхлүүлсэн, хэзээ дууссан нь хамаа байхгүй. Зөвхөн төсөл оруулсан, тогтоол дээр гарын үсэг зурсан гэдэг дээр бүх асуудлыг надтай холбогдуулаад явуулаад байна. Үүнийг хичнээн тайлбарлаад ч захиалгатай шүүгч нар улс төржсөн хэлбэрээр асуудлыг шийдээд явсан. Надад улсад бодитойгоор учруулсан хохирол байхгүй. Тэр 972 сая төгрөг чинь байрны үнэлгээн дундаас гаргаж ирсэн зөрүү мөнгө. Хэрэв энэ дундаас илүү мөнгө шилжүүлсэн гэвэл Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээнэ. Бүр шилжүүлснээрээ яривал Б.Чойжилсүрэн хариуцна. Би тэр хөрөнгийг нь өөрөө аваад дундаас нь завшаад, бага мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй.

-Хөтөлбөр хэрэгжээд хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдаад эхэлчихсэн байх аа…

-Тийм. “Түрээсийн орсон сууц” хөтөлбөрт ашиглагдаж байгаа 223 айлын орон сууц нь төрийнх. Ашиглаж байгаа хүмүүс нь таван жилийн хугацаанд суугаад сар бүр 230-260 мянган төгрөгийн түрээс төлж байгаа. Тэр түрээсийн мөнгө нь Төрийн орон сууцны санд төвлөрөөд, улсын төсөвт орж, эргэлтэд орон аль нэг хэрэгцээтэй газар нь хуваарилагдах ийм л мөнгө. Түрээсэлж байгаа хүмүүс нь таван жил болоод гараад явахад төрийн орон сууц хэвээрээ үлдэж, буцаад л эргэлтэд орно.

-Танд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол байсан уу?

-Ер нь бол намайг төрийн албанд оруулахгүй байх давхар ял нь улстөржсөн шийдвэр гэдэг нь илт харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 онд болох сонгуульд оролцуулахгүй байлгах, төрийн албан тушаал хашуулахгүй гэсэн зорилготой шийдвэр гэж бодож байна.

-Одоогоор та ямар ажил хийж байна вэ?

-Сонигинохайрхан дүүргийн МАХН-ын Түмтийн даргын ажлыг хийж байна. МАХН-ын бага чуулганы ажлаа хийгээд явж байна. МАХН-ын гэх тодотголтой нэр бүхий улстөрчдийн намнах гэсэн ашиг сонирхол үйлчилж байна гэж харагдаж байгаа.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *