Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, зарим асуудлууд шийдэгдэхгүй хугацаа алдах төлөвтэй байна. Өршөөлийн хууль, Засгийн газрыг бүрдүүлэх тухай асуудлууд үүний жишээ. Та асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн ордон, ордны өрөөнд улс төрийн амьдрал өрнөдөг гэж дүгнэх нь бий. Тийм л зүйл өнөөдөр явж байна. Бид улс төрийн нөхцөл байдлыг гэнэт савалж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ бужигнаан, засаг төрийн тогтворгүй байдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас үүдэлтэй гэж би үздэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг сайн, муу ажилласан гэхээсээ илүү унагах зорилго нь юу байсан юм гэдгийг харах ёстой. Ер нь бол улс төрийн нөлөөллөөс болж унасан нь тодорхой харагдсан байх. Тиймээс Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувьд аль болох эв нэгдлийг илэрхийлж, Үндсэн хуулийн зарчмаар ажиллах хэрэгтэй байгаа. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх болсон шалтгааныг бас хайх хэрэгтэй. Үүний цаана Оюу толгой, Таван толгойн асуудал бий. Оюу толгой, Таван толгойг явуулахын тулд МАН-ын дэмжлэг илүү их хэрэгтэй болж жин дарж байсан учраас өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн процессийн эхлэлийг улстөрчид тавьсан. МАН засагт орж ирсэн даруйд л тогтворгүй байдлыг үүсгэсэн хүмүүсийн санасан ажил эхэлсэн. Дубайн гэрээ зурагдсан нь үүний нотолгоо. Харин, Таван толгойн асуудал урагшилсангүй. Тэдний тааллаар Таван толгойн асуудал явалгүй унасан нь засаг төр дахин бужигнах үндэс болсон гэж харж байгаа. Ард түмэн бодит үнэнийг л мэдэх ёстой.

-Яг өнөөдрийн нөхцөлд Өршөөлийн хуульд хориг тавьчихаад байна. Хоригийг хүлээгээд авчихвал МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа хэвээрээ үлдэх учраас танай намынхан сайд нарынхаа нэрийг өргөн барихгүй байгаа гэсэн ойлголт бий?

-Шударга ёс эвслийн үүсгэсэн шалтгаантайгаар Засгийн газрыг бүрдүүлэх ажил гацаанд ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Гацаанд оруулсан шалтгаан нь дээр хэлсэн Таван толгой. Таван толгой, төмөр замтай холбоотой асуудал Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байгаа учраас томилгоо хийгдэж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Шударга ёс эвсэл олон сайдын суудал нэхээд, Өршөөлийн хуулиар барьцаалаад байгаа юм биш. Асуудал эсрэгээрээ байгаа. Ер нь Өршөөлийн хуулийг би өмгөөлж, хамгаалах бус ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүнийхээ хувиар бодит үнэнийг хэлж байгаа. Засгийн газрын өргөн барьсан Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл оролцсон. Ажлын хэсэг гарч ажиллаад УИХ-ын чуулганы дэгээрээ хөндөгдсөн асуудал, саналыг олонхийн зарчмаар дэмжээд л явсан. Ингээд байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж санал тус бүрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь УИХ-ын чуулган руу оруулж хэлэлцээд батлагдсан.

-Өршөөлийн хуульд туссан авлига, албан тушаалтантай холбоотой заалт хуулийн хэрэгжих эсэхийг шийдэхээр болчихож байна уу?

-Үнэхээр тийм асуудал бий юу гэвэл, тийм. Гэхдээ авлига, албан тушаалтан гэдэг хэргийг яаж тодорхойлоод, хэнийг нэрлээд байгаа вэ гэдэг нь бас л сонин. Яагаад гэвэл манайх “авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт орж байна” гэх хэрнээ авлигын сүлжээ нь эмч, багш нарын местенд илүү байдаг. Авлигад хамгийн их өртдөг нь эмч, багш нар гэсэн үг. Гэтэл хүмүүс улс төрийн тогоонд эргэлдсэн, АТГ-аар шалгуулж байсан хэдэн хүнийг гэж ойлгоод “тэднийг л суллах гэж байна” гэж яриад байгаа юм. Нөгөө талаар авлигач нэр зүүсэн хүмүүс яагаад шалгагдав гэдгийг судлаад үзэхэд зарим нь огт үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэгдсэн байдаг. Жишээ нь, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргыг “Авлигач гэж зарлаад, нэг их том зүйл ангиар шалгаж шалгасны эцэст ХОМ-ээ буруу бичсэн байна. Хариуцлага тооцоорой” гээд явуулсан байх. Хэрэг хийснийг нь шүүх л тогтоодгийг мэдсээр байж, Үндсэн хуулиар хэнийг ч ялгаварлаж болохгүй гэж заасан хэрнээ “Чи төрд албан тушаал хашиж байсан хүн. Чи өмнө Ерөнхийлөгч байсан” гэж ялгаварлаж гадуурхаж хуулийг гаргадаггүй.

-Тодруулбал, Өршөөлийн хуулийн 4.1, долдугаар зүйл дээр хориг тавьсан. Яагаад хэсэгчлэн хориг тавьж байхад Өршөөлийн хууль тэр чигээрээ хэрэгжихгүй гэж яриад байгаа юм?

-Өршөөлийн хуулийн 4.1 дэх заалт бол хорих ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой заалт гэсэн үг. Шууд хэлбэл хоригдож байгаа хүмүүсийн өршөөлд хамрагдахгүй хэсгээс бусад нь энэ заалтаар суллагдах учиртай буюу энэ заалт хэрэгжсэнээр л өршөөлд хамрагдсан бүх хүн суллагдана гэсэн үг. Долдугаар зүйл нь мөрдөн байцаалтын шатанд яваа хүмүүст хамааралтай байсан. Харин хүндрүүлсэн заалттай хэрэгтнүүд л өршөөлд хамрагдахгүй. Энэ заалтуудыг бүгдийг нь хаачихаар Өршөөлийн хууль бүхэлдээ хэрэгжихгүй л гэсэн үг.

-Тавьсан хоригоос гадна бас өөрчлөх санал ирсэн гэсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд одоо хуульд тусах боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн хориг дотор орсон саналаар буюу тухайн долоон зүйл заалтаар санал хураалгах боломжгүй. Учир нь тус хориг доторх зүйлүүдийг харахад Засгийн газраас өргөн барихдаа оруулж ирээгүй зүйлүүдийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байгаа. Дээр нь хоригийг тавихдаа бас л заль хэрэглэсэн байгаа юм. Би ийм зүйлүүдийг оруулах саналтай байна гэсэн хэрнээ хуулийн 4.1, долдугаар зүйлд хориг тавьсан. Хүн харахад хэсэгчлээд хориг тавьсан мэт харагдаж байгаа боловч хорих газар ял эдэлж байгаа хийгээд мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс нэг нь ч өршөөгдөхгүй. Шууд хэлбэл, хорих байгууллагаас нэг ч хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтаас нэг ч хүн өршөөгдөхгүй. Тэгэхээр энэ хуульд хэсэгчилж хориг тавьчихаад байгаа юм биш, Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан гэсэн үг. Уг нь бүх зүйлийг тэглэж, бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй байгаа юм. Намрын чуулганаар хэлэлцэгдэх Эрүүгийн хууль сая батлагдсан бол хэзээ ч ийм зүйл яригдахгүй байсан.

-Яагаад?

-Жишээ нь хүн ялтай байх асуудал гэж бий. Таван жилийн ял эдлээд гараад ирсэн хүнийг дахиад таван жил ялтайд тооцож явдаг. Магадгүй шоронгоос суллагдсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эд хөрөнгийн хохирол учруулсан байх аваас дахиад л хоригдох болдог. Ийм заалт Эрүүгийн шинэ хуулиар байхгүй болж байгаа. Шууд хэлбэл, хүн нэгэнт ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн бол түүгээр далимдуулж хувь хүний нийгмийн харилцааг дордуулдаг заалтыг хэрэглэхгүй байя гэсэн зүйлийг ярьж байгаа. Дээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн ялын төрөл зүйл байхгүй болно. Тухайн хүн ямар гэмт хэрэг өдүүлснээсээ шалтгаалаад хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр 4-7 жил хорих юм уу, зургаан сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсийг тэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд ойлгомжгүй заачихсан.

Энэ нь шүүгч авлига авах боломжийг олгож байгаа хэрэг. Ийм замаар буюу ялгүй байх зарчимтай нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Гэтэл өнөөдөр авлига албан тушаалын хэрэгтэй хэдхэн хүнээс болж амьдралдаа алдаа гаргасан хоёр мянга 500 орчим хүнийг авлигач мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа нь харамсалтай. Яг үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүн 20 хүрэхгүй шүү. Бас залилангийн хэргийг үе үеийн Өршөөлийн хуульд орсонгүй гэж шүүмжилдэг. Залилангийн хэрэг гэдэг нь зүсээ хувилгаж, нэрээ өөрчилж бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг хэлнэ. Харин нэгнээ мэддэг, ойлголцоод мөнгө зээлэлцэж, өгөлцөж, авалцсан ч хугацаандаа төлж чадаагүй хүнийг залилан хийсэн гэж хавтгайруулан ойлгож болохгүй. Өнөөдөр таньдаг хүндээ зээлүүлсэн их хэмжээний мөнгөө буцаан авахын тулд цагдаад гомдол мэдүүлдэг. Мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг болгох уу, иргэний хэрэг болгох уу гэдгээ толгой даан шийддэг. Мөн л бидний яриад байгаа авлига өгөх боломж хуулийн энэ заалт дээрээс урган гарч ирж байгаа биз. Ийм зүйлүүдийг ялгаж салгаж ойлгоё гээд Эрүүгийн шинэ хуулиар ярьж байгаа. Ингэж Эрүүгийн хуулийн шинэ орчин бүрдэх учраас түүндээ нийцүүлж Өршөөлийн хуулийг гаргасан. Түүнээс биш Өршөөлийн хуульд тэр хамрагдах ёстой гэдэг байдлаар ажиллаагүй юм шүү.

-Бас авлига өгснийг өршөөж авсныг шийтгэх тухай яриа байна уу. Ингэж ялгаварлах нь хэр зохимжтой вэ?

-Авлига өгсөн хүнийг гэмгүйд тооцохоор болж авлигад зуучилсан, авсан хүнийг гэмт этгээд гэж нэрлэх шинэ ойлголт гарч ирэх гээд байна. Гэхдээ гүтгэх гэдэг зүйлчлэл байдгийг огт мартаж болохгүй. Эрүүгийн шинэ орчин бүрдэхэд хүнийг гүтгэх хэрэг зөрчил рүү орно. Гүтгэсэн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Яг энэ заалт сонгуулийн үед хамгийн их сөрөг нөлөөтэй. Учир нь нэр дэвшигчийг гүтгэвэл сая төгрөгөөр торгоод гүтгүүлсэн хүн нь сонгуульдаа нэр дэвшиж чадалгүй хуулийнханд ороогдож нэр хоч зүүгээд үлдэнэ.

Үүнээс улбаалж хэнийг УИХ-д нэр дэвшүүлж, хэнийг дэвшүүлэхгүй байх вэ гэдэг тоглоом бий болж гүйцэтгэгч нь АТГ болох гээд байгаа байхгүй юу. Хэрвээ авлигын асуудал яригдах юм бол өгсөн, авсан, зуучилсан бүгдээрээ ижил хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

-Н.Энхбаяр гэдэг хүн 2017 он хүртэл ялтайд тооцогдоно. Танай намын дарга өршөөлд хамрагдаж, ирэх сонгуульд өрсөлдөх боломж бүрдэх байсан уу?

-Өршөөлийн хуульд ч тэр, шинээр батлагдах Эрүүгийн хуулиар ч тэр хүнийг ялтайд тооцдог зохицуулалт байхгүй болж байгаа. Өнөөдөр Өршөөлийн хууль хэрэгжиж байж л ялгүй болно гэсэн ойлголт байхгүй болох нь ийм учиртай. Дараа нь гарах Эрүүгийн хуулиар ч энэ асуудал зохицуулагдана. Гэхдээ бид заавал манай дарга Өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэдэг үүднээс ажиллаагүй. Бид намын даргын өмнө нь ял шийтгүүлсэн байдлыг цагаадах ёстой гэж үздэг болохоос биш өршөөгдөх ёстой гэж үздэггүй.

-УИХ хоригийг хүлээгээд авчихвал ард нь ямар процесс өрнөх бол. Өршөөлийн хууль хүчин төгөлдөр хэрнээ хориг тавигдаж хэн ч суллагдахгүй нь байна шүү дээ?

-Өршөөлийн хууль хэрэгжихгүй л гэсэн үг. Гэхдээ хоригийг хүлээж аваад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өршөөлийн хууль хэрэгжихгүй байвал тун сонирхолтой дүр зураг буух нь ойлгомжтой. Өмнө нь таван удаа Өршөөлийн хууль гарахад нэг ч Ерөнхийлөгч хориг тавьж байгаагүй. Өнөөдрийн хориг наанаа хэсэгчилсэн нэртэй ч цаанаа бүхэлд нь хорьсон. Үүнийг ил цагаан ярих ёстой. Ер нь бол гэмт хэргүүдийн ихэнх нь санамсаргүйгээс үүддэг. Санаатай хүн хохироосон хэрэг тун бага байдаг юм шүү. Санаатай ч, санамсаргүй ч гэмт хэрэг үйлдэх нөхцөл нь мөн л төрийн буруутай холбогддог.

Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд төрийн буруу бодлоготой холбоотой нийгэмд үүссэн эмзэглэл л гэмт хэрэг болж байна. Тэгэхээр төр буруугаа засч залруулаад алдаа гаргасан иргэдээ нэг удаа нигүүлсэхэд гэмгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн оруулсан саналаар УИХ санал хураавал энэ хууль нэмэлт өөрчлөлт рүү орно. Өршөөлийн хуульд хэзээ ч нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. Бид өнөөдөр 2009 оны Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж болох нь ээ. Ийм шинэ ойлголтыг бас бий болгочихлоо.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *