Categories
мэдээ цаг-үе

З.Байгалмаа: Улсдаа алдартай олон хүн “Эрдмийн өргөө” цогцолборын төгсөгч

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал, үндэсний сургагч, зөвлөх багш Зоригтын Байгалмаатай уулзаж ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байна. “Эрдмийн өргөө” цогцолборын захирлаар ажиллаад удаж байна уу?

-Би Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг 1984 онд төгсөж ирснээс хойш боловсролын байгууллагад тасралтгүй 34 жил ажиллаж байна. Багшийнхаа ажлыг хорин жил хийгээд түүнээс хойш сургалтын менежер, захирлаар ажиллаж байна. Яг энэ сургуульдаа 32 дахь жил болж байна. Нийслэлийн 43 дугаар, 56 дугаар гэсэн хоёр сургууль байлаа. 43 дугаар сургууль нь 1970 онд бага сургууль болон, 56 нь 1974 онд тус тус байгуулагдаад X хороолол үүсэхэд хоёр дунд сургууль болсон. Азийн хөгжлийн банкнаас боловсролын бүтцийн өөрчлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр сургууль нэгдэж “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль бий болсон. Цогцолбор сургууль болсны хорин жилийн ой энэ жил тохиож байна.

-“Эрдмийн өргөө” цогцолборынхон ойдоо зориулж юу бүтээж байна?

-Манай сургуульд энэ хичээлийн жилд 95 бүлэгт 4052 хүүхэд сурч байна. Улсын хэмжээнд гурван ээлжээр хорин сургууль хичээллэж байгаагийн нэг нь манайх. Ой угтах ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Гучин жил болсон сургуулийн 00, хашаа гэдэг хүнд асуудал. “Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй” гэсэн стандартыг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ хоёр том ажлыг шийдье гэсэн зорилго тавьсан. Хоёр сургуульд нийт 28 жорлон байдаг юм. Хүүхэд ариун цэврийн аятайхан үйлчилгээ авчихдаг болчихвол тухтай байна. Хашааны хувьд хэн дуртай нь даваад, нохой хүртэл орж ирээд хүүхдэд аюултай байдал үүсгээд байгаа. Үүнийг нэг цэгцэлье. Эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэг ч их нэмэр болж байна. Багш, ажилчид, төгсөгчид маань ойгоо угтаж эрвийх дэрвийхээрээ л зүтгэлээ. Шоу цэнгүүн, найр хурим гэхээсээ илүү бүтээн байгуулсан, орчноо тохижуулж, цаашид ажиллах сургуулийн нөхцөлөө сайжруулахад л анхаарлаа. Сурагчдын хувьд онцолж нэг хүүхэдтэй биш нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахыг их хичээж ажилладаг.

Дөрвөн мянган хүүхдэд яаж хүрч ажиллах вэ гэдгийг л манайхан бодож ажилладаг. “Эрдмийн өргөө” сургуульд маань 2018 онд өргөтгөл баригдаж 2019 оны есдүгээр 1-нд түлхүүр гардуулах болзолтой тендер зарлагдах болсон. Хичээлийн гурван байртай болчихвол багш нарын болоод хүүхдийн хөгжил яригдаж эхэлнэ. Одоо гурван ээлжтэй болохоор яг үнэндээ ачаалал ихтэй, нэг ангид байх хүүхдийн тоо 60 гарч байна. Хууль ёсоор нэг ангид 30-35 хүүхэд сурах ёстой шүү дээ. Ийм нөхцөлд би багшаас сурлагын чанар нэхэж чадахгүй байна.

-Танай сургуулийн найрал дууны хамтлаг улсын хэмжээнд их алдартай шүү?

-Найрал дуунд олон хүүхэд хамрагддаг. Хүүхдийн амьд хоолой гэдэг гайхамшиг байдаг. Соёлын тэргүүний ажилтан, Нийслэлийн шилдэг удирдаач багш Лхагвын Отгонцэцэгийн удирддаг манай сургуулийн найрал дууны хамтлаг сүүлийн найман жил улсад дандаа дээгүүр амжилт гаргалаа. Гуравдугаар ангиас арванхоёрдугаар ангийн 180-аад хүүхэд найрал дууны дугуйланд хичээллэдгээс 120-иод нь уралдаан тэмцээнд оролцдог. Өнгөрсөн жил “Миний Монгол” дуугаар улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн. Найрал дуунд акустик орчин их хэрэгтэй байдаг. Найрал дуу ганц багшийн ажил биш. Манай хамт олны нэг сайхан чанар нь дандаа багаар ажилладаг. Хувцас хунар жигдрэх, хүүхдээ цуглуулах гээд бүхий л ажилд манай багш нар багаараа ажиллаж байж ийм амжилт гаргаж байгаа. Хүүхдүүдээ сургалтынх нь орчны хүрээнд аль болох л секц дугуйланд хамруулдаг ч гурван ээлжтэй болохоор багш, сурагчидгүй хагас, бүтэн сайн өдөр ч сургууль дээрээ өнждөг дөө. Багш нарт дугуйлан хичээллүүллээ гээд нэмэгдэл цалин байдаггүй ч түмний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ л ажиллацгааж байна даа. Багш нарын цалин үнэндээ бага шүү дээ. Шинэ төгсөж ирсэн багш чинь 550 мянган төгрөгөөс татвараа төлөөд гар дээр нь дөрвөн зуугаад мянган төгрөг л очдог. Тэрийгээ хоёр хувааж аваад “ХААН” банкны зээлдээ өгчихөөр гар дээр нь бараг юм үлдэхгүй шүү дээ. Цайны газраасаа ч зээлээр л хооллоно. Багшийн ажлыг мөн чанартаа сэтгэлтэй л хүмүүс хийж байна даа.

-Танай сургуулийн бахархал болсон хэн хэн гэж багш нар ажиллаж байв?

-Эл хоёр сургуулийг удирдаж явсан Нацагдорж, Мягмарсанж, Ламжав, Чулуунбаатар, Баасанжав, Цэрмаа нарын мундаг хүмүүс байлаа. Монгол Улсын гавьяат багш Лхагва, Гоошоохүү нар байна. Манай багш нар их сургууль амьтай, цэвэр цэмцгэр хүмүүс байдаг. Гавьяат багш Цэрэнханд гэж гайхамшигтай хүн бидний дунд ажиллаж байлаа.

-Алдартай төгсөгчид олон байгаа биз?

-Саяхан төгсөгчдөө хүлээж авахад бахархмаар хүн олон байна. Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн хоёр хүүхэд манай төгсөгч. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужин, кекүшюзан Д.Батбаяр, Олон улсын хэмжээний мастер Мияарагчаа, Хэрлэн, “Хасын хүлгүүд”-ийн тоглогч, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Билгүүн, “3х3”-т тоглодог Энхбатын Дөлгөөн, “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийн захирал Тэмүжин нар манай сургуулийг төгсчээ.

-Улсын олимпиад тэмцээнд багш, сурагчид аль хэр амжилт гаргаж байна?

-Улсын олимпиадад биолагийн багш Ариунаа, сурагчтайгаа хоёул дэд байр эзэллээ. Англи хэлний багш нартаа онцгойлон анхаарч АНУ-аас сургагч зөвлөх багш урьж хоёр жил ажиллуулсны үр дүн гарч англи хэлний олимпиадад багш, сурагчид маань амжилт үзүүлж эхэллээ. Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Баярцэцэг маань “Олимпийн танхим” хариуцан ажиллуулж байна. Манай энэ танхим МҮОХ-ны “Бөртэ чоно” шагнал хүртсэн.

-Танай багш ажилтнууд таныг мундаг удирдагч гэж их хүндэтгэх юм аа?

-Аливаа ажил чинь юу хийлгэх гээд байгаа нь тодорхой, юу хийснийг нь яаж үнэлэх нь тодорхой, үнэлсэн хойноо яаж урамшуулах нь тодорхой болохоор хүн сайн ажилладаг. Багш нарыг урамшуулах илүү төсөв байхгүй ч өөрийн сургуулийн нөөц бололцоог дайчилснаар болгож л байна. Манай сургууль сайхан хөлбөмбөгийн талбайтай. Үүнийгээ зуны гурван сар түрээсэлж цугласан мөнгөөрөө тухайн хичээлийн жилд хамт олноо хошуучилж тэргүүлсэн багаа гадаадад аялуулна. Хоёроос дөрөвдүгээр байрт орсныг нь дотооддоо аялуулдаг. Багш нараас нэг төгрөг ч зарцуулахгүй сургуулиас аяллын зардлыг зуун хувь даачихаар багш нар маань их урамтай байдаг. Сургуулийн дэргэд баригдсан орон сууцанд 65 багшаа найман хувийн зээлд хамруулж оруулсандаа баяртай байдаг. Тэд маань ажил дээрээ оройтох үед цонхоороо харчихаад “Багш аа, та хариагүй байгаа юм уу. Оройтчихлоо. Орж ирж хоол ид” гэх ч энүүхэнд шүү. (инээв. сур)

-Багш нар чинь бүгд л ижил хувцастай харагдсан. Ямар учиртай бол?

-Манай сургуулийн багш нар дүрэмт хувцас өмсөж хэвшээд арван жил болж байна. Дүрэмт хувцасны ач тус их бий шүү. Багш маргаашийнхаа өмсөх хувцсанд ач холбогдол өгөөд санаа зовоод байхгүй учир нийгмийн асуудалд нь бага ч гэсэн хувь нэмрээ өгнө. Хамгийн гол нь эмх цэгцтэй харагддаг. Манай багш нар дүрэмт хувцас өмсөж эхэлсэнээс хойш бусад сургуулиуд санаа авч өмсөж эхэлж байна. Дүрэмт хувцсыг багш нарт өмсүүлэхэд бас учир бий. Сургуульд нийт 186 багш, ажилчид ажиллаж байна. Захирал өөрөө дүрэмт хувцсаа өмсөөгүй байж бусдыг өмс гэж шаардах утгагүй шүү дээ. Тиймээс би өөрөө хувцсаа байнга өмсдөг юм. Манай хамт олны бас нэг бахархах зүйл бол цаг сайхан баримтална. Аливаа ажлыг цагаар л дандаа ярина. Өглөө багш нар маань бүгд 07.40 цаг гэхэд ирчихсэн байна. Сурагчид 07.50 гэхэд ирсэн байх ёстой. Саяхан би цагийн менежмент тал дээр судалгаа хийж үзэхэд бусад сургуулийнхаас манай хүүхдүүдийн хоцролт маш бага байна. Сургуульд хонх дуугараад байдаг чинь маш их учиртай юм шүү. Амьдрал дээр цаг хугацаандаа амжиж юмаа хийдэг төлөвшил сууна гэдэг хүмүүжил. Цаг хугацаа барина гэдэг юмыг эмх цэгц, дэг журамд оруулдаг. Одоо манайд чинь цагтаа эхэлдэг хурал цуглаан, тоглолт үзвэр алга. Хаана хаанаа цагаа бариад сурчихвал хөгжил болчих гээд байх шиг санагддаг. “Багш аа, надад авьяас бий” тоглолтын хөтлөгч, улсдаа нэртэй хүн таван минут хожигдоод бүр хүнд цохилтод хүртэл орж байсан шүү.

-Бусад сургуулиас авах туршлага их байна биз?

-Үндэсний сургагч, зөвлөх багшийнхаа шугамаар 21 аймагт очиж сургалт семинар зохион байгуулж иржээ. Хөдөөгийн сумын сургуулиас хүртэл сайхан санаа туршлага олдоно шүү. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Зүүн бүсийн багш нарын сургалт зохиогдсон. Түмэнцогтод Монгол Улсын гавьяат багш Оюун гэж газар зүйн мундаг багш ганцаараа шахуу сургуулиа битүү ногоон төгөл болгосныг хараад сургуульдаа хэрэгжүүлсэн. Манлайлагч байж л хүнээ хөдөлгөнө. Тиймээс өөрөө эхэлж цэцэг тарьж эхэлсэн. Одоо манай багш нар цэцэг их тарина.

-Сурагчдынхаа таашаалд нийцсэн аялал зохион байгуулдаг гэж сонссон юм байна?

– Танхимд олсон мэдлэгээ байгалийн орчинд, амьдрал дээр яаж хэрэгжүүлж байна гэх үүднээс “Байгаль дахь сургалт” хичээл явуулдаг юм. Энэ бол манай сургуулийн бас нэг гол ажил. Давхардсан тоогоор нийт 211 анги, 1284 багш, 7700-гаад хүүхдийг байгальд аялсан байна. Өнөөдөр аль нэг аялалд гарлаа гэхэд хичээл заах багш нар нь цуг явах замдаа хичээлээ заана. 45 хүний нэг автобус, дөрвөн гэртэй. Анх Хэрлэнгийн Хөдөө аралд аялж байсан. Түүхийн багш маань “Монголын нууц товчоо”-ноос л эшлээд яриад байдаг газар орондоо хичээл заах үнэхээр амьд, сэтгэл догдолмоор байлаа” гэж өгүүлж байсан. Газар зүйн багш маань “Өдрийн цагаар ангид алтан гадас од хойд зүгт байдаг” гээд яриад байдаг.

Нөгөө од нь ч хаана байдгийг хүүхдүүддээ зааж чаддаггүй. Харин аяллаар явахдаа одоо хараад хичээл заана гэдэг гайхамшиг байна” гэж ярьсан. Хүүхдүүд гэрээ өөрсдөө барина. Байгальтай танилцана. Хүүхэд хамт олонтойгоо дотно танилцдаг. Нийт 17 чиглэлд аялах маршруттай. Хоёрдугаар ангиас арванхоёрдугаар ангийнхан хамрагддаг. Аялна гэхээр л манай хүүхдүүдийн нойр хүрэхээ больчихно. Санал хүсэлтийн хайрцагт “Захирал аа, энэ жил хаашаа аялах вэ” гэсэн асуулт их ирнэ. Тавдугаар сарын 1-нээс ангиуд хуваарийн дагуу явна. Цаг агаар болон байгалийн хүчин зүйлүүдийг бүгдийг нь харгалзан үзэж явна даа. Аяллаас ирэхэд ангийн уур амьсгал дотносч, багш нар хүүхдээ сайн сайхнаар мэдэрч ирдэг. Хамгийн гол нь бид байгальд ээлтэй аяллыг зохион байгуулдаг. Гэрээ аль болох хог хаягдал ихтэй газар хэргээр барьчихна. Аялал дуусахад тэр орчин маш цэвэрхэн болно доо. Хүүхдүүдээс бээлий, хогийн уут, амны хаалт, цэвэр устай ирэхийг л зөвшөөрнө. Тэрнээс хүүхдүүдийг хоол унд авчрахыг хориглоно. Хоол ундаа бүгд нэгдсэн журмаар бэлтгэнэ. Хүүхэд болгон хоол унд авчрахаар баян, ядуугийн ялгаа гардаг байхгүй юу. Аяллын газартаа очоод гал дээр хийсэн халуун хоолонд хүүхэд хэзээ ч хорддоггүй. Харин гэрээсээ авч гарсан янз бүрийн юм хольж идээд, элдэв жүүс ундаа уучихаар л хүүхэд хордлогонд ороод байдаг. Цэвэр ус дангаар уусан хүн хордохгүй шүү. Налайхын уурхайтай танилцах аялал зохиож байлаа.

-Хүүхдүүд аяллаас их зүйл сурч мэдэж авдаг юм байна даа?

-Хүүхдүүдэд “Монголдоо хайртай” гэдгээ яаж мэдрүүлэх вэ гэсэн миний нэг мөрөөдөл байдаг юм. Эх нутгаа яаж хайрлах ёстой юм гэхээр ядаж тэр уул усыг нь цэвэрхэн байлгаг л дээ. Сүүлийн найман жил аялуулжээ. Өнгөрөгч намар гэхэд Ноён ууланд аялсан. Дараа нь аяллынхаа талаар сэтгэгдэл, эсээ бичдэг. Аялалд хорьдог зүйл бий. Миний хувьд аялах тусмаа гэдэс гүзээгээ сойх ёстой. Идэж уух тусмаа л байгалиа бохирдуулна гэдгийг манай сурагчид сайн мэднэ. Аялалд анги авч яваа бүх багш нарыг үүрэгжүүлж, удирдлагаар хангаснаар ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цонжин болдог, Чойрын богд, Сэлэнгийн Сайханы хөтөл гээд манайхан аялаагүй газар ховорхон.

-Танайд уламжлал болон тогтсон өөр ямар ажлууд зохиогдохов?

-“Эцэг эхийн нэг өдөр” байна. Ээж аав нь нэг өдөр хичээлд сууж сургуулийн орчинтой танилцана. Урилга хүлээж авсан ээж аав нь хүүхдийнхээ цүнхийг үүрч ирээд бүтэн өдөр хичээлд нь сууна даа. Эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг арван нэг дэх жилдээ зохиож байна. 95 бүлгийн эрэгтэй, эмэгтэй баг авьяас чадвараа сорино. “Багш аа, надад авьяас бий” тоглолтыг “UB palace”-д гурван ч удаа зохион байгуулсан. Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээж тайзнаа гаргасан. 2017 онд тайзнаа 3556 сурагч, 172 ажилчид, урлагийн 42 номер үзүүлсэн. “Эрдмийн өргөө” цогцолборынхоо 20 жилийн ойд зориулж энэ сарын 21-ний өдрийн 12 цагт МҮЭСТО-д “Багш надад авьяас бий” тоглолтыг хийх гэж байна даа. Багш, ажилчдын 186 хүний найрал дуу дуулна. 21 ятгачин тоглож, 21 бүжигчин бүжиглэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *