Categories
мэдээ нийгэм

З.Бадмаараг: УИХ-ын ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгуулийг товлон зарлах эрх Улсын их хуралд бий DNN.mn


Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаарагтай ярилцлаа.

-Орон нутгийн нөхөн сонгуулийн тов гарчээ. Хэдэн аймаг, суманд зохион байгуулах вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2023 онд явагдах орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн судалгааг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс авсан. Өнөө жил 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхөн сонгууль явагдана. Сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан. Батлагдсан хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулна гэж хуульчилсан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар 18-ны ням гаригт Улаанбаатарын цагаар өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2023 оны зургадугаар сарын 17-нд 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдана.

-Энэ удаагийн нөхөн болон дахин сонгуульд нийт хэдэн мандатад өрсөлдөх вэ. Нэр дэвшигчдийг хэзээнээс бүртгэж эхлэх юм бол?

-46 мандатад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдана. 46 мандатын 43 нь сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, гурав нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн оронд гарсан суудал нөхөх зорилготой. Аймаг, сумдаар дэлгэрүүлбэл, Баянхонгор аймгийн Богд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд аймгийн ИТХ-ын, Архангай аймгийн Ихтамир, Баян-Өлгийн Буянт, Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг, Булган аймгийн Хангал, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ, Дорнод аймгийн Чойбалсан, Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Ноён, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар, Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт, Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Батширээт суманд сумын ИТХ-ын, нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болно. Цаг хугацааны хуваарийн дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллага сонгуульд оролцох тухай хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх ёстой. Нэр дэвшүүлэх ажиллагаа үндсэндээ санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 4-нөөс эхэлж, долоо хоногийн хугацаанд дуусна. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу тавдугаар сарын 13-ны дотор багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх хуультай. Орон нутгийн Хурлын сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байдаг.

-Орон нутгийн нөхөн сонгуульд хэдий хэмжээний зардал гарах вэ. УИХ-ын 2024 оны сонгуулийн жил ойртсон энэ үед орон нутгийн нөхөн сонгууль явуулах нь төсөвт зарлагатай гэж иргэд шүүмжилж байгаа харагдсан?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Энэ сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын төлөөлөгчийг сонгодог. Харин УИХ-ын сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлдэг. Сонгууль бүр өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, шинжүүдтэй тул нэгийг нөгөөгөөр орлуулах боломжгүй. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог. Хүний эрхийн олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн зөрчлийг арилгах үүднээс хууль тогтоогчдын зүгээс анхаарч, орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жилд нэг удаа, нэгдсэн журмаар улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг гаргасан нь санамсаргүй, тохиолдлын, хэн нэгний дур зоргоос шалтгаалах зүйл биш юм. Аливаа сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэдэг.

-Сонгогчдын ирцийг хангаж, сонгуульд оролцох идэвхийг нь нэмэгдүүлэхийн тулд СЕХ-ноос ямар ажлууд хийх вэ?

-Маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй эхлүүлж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг тус бүр хоёр сургагч багш бэлтгэн томилж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутан залуус, 18-25 насныханд зориулсан албан бус сургалтууд явуулж 1500 гаруй оролцогчид сонгуулийн хууль тогтоомж, сонгуульд оролцож, саналаа өгөхийн ач холбогдол, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх дадлага ажлыг хийсэн.

Ирэх долоо хоногт мөн сургагч багшийн сургалтууд эхэлж байна. Сонгуулийн мэдээллийг ил тод нээлттэй, хүртээмжтэй болгох, санал авах ажиллагаанд техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх арга, туршлага судлах, сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, чадавхжуулах чиглэлээр төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байгаа.

-Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Тэгэхээр Архангай аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг товлоно биз дээ?

-Ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгуулийг товлон зарлах эрх Улсын их хуралд бий. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг манайх баталдаг. Өөрөөр хэлбэл, гарсан шийдвэрийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулалтыг хариуцна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *