Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын комиссар Гэндэндаржаагийн охин Г.Нарангэрэл: Түлхүүрийг нь чулуудчихаад гараад явахад Филатова их цочирдох шиг болсон

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын комиссараар 36 жил тасралтгүй ажилласан Гэндэндаржаа агсны охин Г.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Ю.Цэдэнбал агсны гэргий А.И.Филатовагийн туслах, орчуулагчаар нь ажиллаж байсан юм.

Олон жилийн өмнө таны аав Гэндэндаржаа гуайтай ярилцаж байснаа санаж байна. Бас танай нөхөр нэрт орчуулагч Ц.Бараадий агсныг “Миний мэдэх таван Бараадий” цувралдаа нийтэлж байсансан. Өнөөдөр тантай ярилцах хувь тохиол байж. Өсөж төрсөн амьдралаа жаахан дурсах уу?

-Тантай ярилцах, над ч гэсэн сонин санагдаж байна. Би төрсөн газраа “Туулын хөвөөнд” гэх үү дээ. Манайх Туулын хөвөөнд зусч байсан юм билээ. Ээж гадаа явж байгаад дуудахаар нь, аав гараад очсон чинь намайг гаргачихсан, хошлонгоосоо зуурчихсан сууж байсан гэдэг. Аав минь намайг боож авангуутаа өөрөө тэргээ бариад бид хоёрыг төрөхөд хүргэж байсан гэдэг юм.

-Нэг үгээр хэлбэл, та нийслэл хотдоо, “дээдсийн хүрээлэнд” өсч өндийсөн хүн байхнээ дээ. Багаасаа сургууль номын мөр хөөгөөд л явчихаа биз дээ?

-“Дээдсийн хүрээлэн” юу байхав дээ. Жирийн л монгол хүүхдийн амьдралаар өсч өндийсөн. Арван жилийн нэгдүгээр дунд сургууль төгсгөөд тэр үеийн ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн орос хэл уран зохиолын ангид суралцаж төгссөн. Дараа нь Комсомолын дээд сургууль төгсгөж орос хэл уран зохиолын багш, орчуулагчийн мэргэжил эзэмшсэн дээ. Тэгээд л МХЗЭ-ийн Төв хороо, Хүүхдийн төлөө фондын төв комисст нийт арваад жил ажилласан.

-Таныг Филатова авгайн “баруун гарын” хүн байсан гэх юм билээ. Яагаад тийм ойр дотно нөхөрлөх болов?

-Монголын хүүхдийн төлөө фондын төв комисс гэдэг цомхон байгууллага эвлэлийн төв хорооны дэргэд байсан юм. Дарга нь А.И.Филатова. нэгдүгээр орлогч дарга нь Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дашдовдон хавсарч хийдэг байсан. Би эхлээд МХЗЭ-ийн Төв хорооны үзэл суртлын хэлтэст (С.Даш даргатай) зааварлагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр танил хүүхнүүдтэйгээ уулзахаар хүүхдийн төлөө фондын Төв комисс хавиар очсон чинь А.И.Филатова гуайтай таарчихсан. Надаас хэд гурван зүйл асууж танилцсан. Миний Орост сургууль төгссөн, орос хэлний мэдлэгийг авгай анхааралдаа авсан юм билээ. Дараа нь Д.Дашдовдон дарга танилцуулахдаа ар гэрийн амьдрал, Ю.Цэдэнбал даргын комиссарын охин гэхчилэн танилцуулсан нь Филатова авгайд таалагдаж намайг шууд цалин нэмээд үүдэндээ суулгачихсан. Нарийн бичгийн дарга-орчуулагч л гэдэг байсан. Одоогийнхоор бол шадар туслах нь юм даа. Төв комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгор бид хоёр л дэргэд нь байна даа.

-Авгайг хүмүүс олон янзаар хэлдэг. Монголд, хүүхдийн нэртэй асар их зүйлийг бүтээсэн гавьяатай хүн гэж байхад зарим нь Цэдэнбал дарга толгой дээрээ гаргачихсан хэт дураараа хүн байсан гэх тал ч бий. Олон жил дэргэд нь байсан та жинхэнэ зан төрхийг нь сайн мэднэ дээ?

-Мэдэлгүй яахав. Дотор нь орсон юм шиг мэднэ. Товчхон хэлэхэд хүүхдэд, ядарсан хүнд хайртай, Монголын хүүхдийн төлөө бие сэтгэлээ зориулсан хүн байсан. Улаанбаатар хот, аймаг сум болгонд барьсан тэр олон цэцэрлэг сургууль, “Найрамдал” зуслан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хуримын ордон… бүгдийг А.И.Филатова авгай бариулсан. Өвлийн хүйтэнд муу пальтоныхоо захыг босгочихсон, зуны халуунд хөлсөө дуслуулан тэнд л зогсдог байлаа шүү дээ. Одоо хаа байна, тэгж зүтгэж байгаа тэргүүн хатагтай! Зарим болж бүтэхгүй зүйл дээр Ю.Цэдэнбал даргын нэрийг барих, хүчлүүлэх явдал байсан л байх. Хэн чиг тэгнэ шүү дээ.

-Филатова авгайтай өнгөрүүлсэн сонин дурсамжууд их бий дээ. Заримаас нь сонирхуулах уу?

-Би өдөр тутмынх нь ажилд хамт явна. Орчуулга хийнэ. Нэг өдөр Яармагийн 75 ортой ясли-цэцэрлэгийн комбинатыг хүлээж авах боллоо. Урьд өдөр нь Цэрэндолгор бид нар авгайтай очиж үзэж байгаа юм. Бүх зүйлийг хачин сайхан бэлджээ. Авгай, гал тогооноос нь эхлээд нэг бүрчлэн үзэж явснаа, хүүхдийн хөнжлийн даавуун дээр ирээд толгой сэгсрэн хачин боллоо. Бид бол авгайн нүүрний хувирлаар бүх зүйлийг ойлгодог байсан. За, биш боллоо! гэж бодогдлоо. Авгай тэгсэн чинь: Энэ хөнжлийн даавуунууд болоогүй байна. Дээр нь ромбо хэлбэртэй нүх гаргаж, түүгээр ижил хэмжээний торго цухуйлган, маргааш өглөөний 08 цагт бэлэн болго гэж байна шүү. Цэрэндолгор бид хоёр, тэр хавийн гар машинтай 20 гаруй хүүхэн авчирч шөнөжин оёж хугацаанд нь бэлэн болгож байсансан. Маргааш нь ясли цэцэрлэгийн комбинатын нээлт дээр Намын төв хорооны улс төрийн товчоо ирж байгаа юм. Ердөө хэдхэн минутын өмнө, өөрийнхөө хэлэх үгийг намайг орчуул гэдэг байгаа. Би тийм өндөр хэмжээний арга хэмжээнд орчуулга хийж байгаагүй, ёстой л сандарсан даа. Үгүй гэлтэй биш. Нэг өгүүлбэр орчуулаад л авгайн царайг харна. Их л тааламжтай байх шиг байна. Дараа нь над их сайн орчуулсан гэж урам хайрласан л даа. Ер нь авгайн гол зан чанар бол буруу юман дээр хүнийг хамаагүй загнана. Хал! гэнэ. Тэгээд ачир дээрээ бол зөөлөн хүн. Нэг өглөө ирсэн чинь авгай бууж байна аа! Уурлахаар нь ойртох хүн ч олдохгүй. Хамгийн их аяыг нь олж тайвшруулдаг хүн бол Дашдовдон дарга. Дашдовдон даргын үгнээс бол гарахгүй дээ. Би гүйж очоод Дашдовдон даргыг “очооч” гэж гуйсан чинь, ер үг дуугүй намайг түлхчихээд цаашаа яваад өгдөг байгаа. Арга тасраад өөрөө орж авгайг жаахан тайвшруулсан чинь над нэг сонин үзүүлж байна. “Эд нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгүүл дээр Монголын хүүхдийн 21 хувь нь өлсгөлөн байдаг гэж бичсэн байна. Яаж байгаа нь энэ вэ! Монголд хөрөнгөтөн орнуудынх шиг өлсөөд үхэж байгаа хүүхэд хаа байгаа юм” гээд л их ууртай байна аа. Тэгтэл ч гаднаас Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Б.Жав ороод ирлээ. Би ч зөрөөд гарсан. Хэсэг хугацааны дараа Жав сайд нүүр нь час улаан болчихсон гарч ирээд: “Авгайн эрх охид сайхан мэдээрэй. Муу ч гэсэн би Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд хүн шүү” гээд хаалга саван гарч одсонсон. Жав сайд, Филатова авгайтай нэлээн ширүүн маргасан юм шиг билээ. Төдхөн халагдаад тусгай хоёрдугаар эмнэлгийн зөвлөх эмч болсон л доо.

-Авгайг их тансаг амьдралтай хүн байсан гэх юм билээ. Та нар ч түүнд багтаж л байгаа биз дээ?

-Тансаг ч гэмээр юм уу, би хэлж мэдэхгүй байна. Их л зарчимч, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай хүнд ээ. Сайд, дарга нарын ар талд амралтын өрөө байдаг л даа. Одоо бол хэн хүнгүй л тийм өрөөтэй болсон. Авгайд амрах өрөө гаргаж өгөх гэсэн чинь эсэргүүцээд хийлгээгүй. Нойлын өрөөнд бол бараг бие засахгүй. “Шалгав” гэснээс бусад хүнсний зүйлд бол уруулаа ч хүргэхгүй. “Шалгав” гэсэн набор, печень, жимсний зүйл авчирч задалдаг л даа. Маргаашнаас нь хэрэглэхгүй бидний л “олз” болно. Ер нь тийм хатуу дэгтэй хүн. Даргын хоол ундыг өөрөө түрүүлж амсаж үздэг байсан гэсэн.

-Том хүмүүсийн чинь нөмөр нөөлөг гэж байдаг. Танд тэр авгай тус болж байв уу?

-Бололгүй яахав. Хүнд их тусархуу хүн шүү дээ. Над олон удаа тус болсон. Мартахын аргагүй. Миний орон байрны асуудлыг нэг удаа сонирхож байсан. Айл гэр болж, тусдаа гарснаас хойш орон байрны хувьд хүндрэлтэй байгаагаа үнэнээр нь танилцуулсан. Авгай их анхааралтай, бичиж тэмдэглэж авч байсан. Ингээд л мартчихаж. Нэг удаа манайд Дэлхийн хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм. Тэр төлөөлөгчдийг авгай их сайхан хүлээж авсан. Тэгээд Холбооны яамны сайд Гарам-Очир, Боловсролын яамны хэлтсийн дарга Карма, Цэрэндолгор бид хэдийг төлөөлөгчидтэй хамт Зүүнхараад очууллаа. Бид тэнд агаарын том бөмбөлгөөр таван км аялж, зураг авахуулж байгаа юм. Марканд орох л зураг юм гэсэн. Буцаж ирээд, орой нь том хүлээн авалт болох байв. Тус бүрдээ ажил хариуцсан. Их л ажлын үе байсан л даа. Тэгтэл өдөр нь Филатова даргын эзгүйд хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл гуай над руу утасдаж “Танай даргын захиалснаар өөрт чинь хоёр өрөө орон сууц олгож байгаа юм. Ирж түлхүүрээ гардаж ав” гэсэн байхгүй юу. Би баярласан гэдэг жигтэйхэн түлхүүрээ авах гэж яваад жаахан хожимдчихож. Ирсэн чинь авгай ташаа тулчихсан, хөмсөг зангидчихсан, их ууртай байна аа! Би уучлал гуйгаад “Алтангэрэл дарга орон сууцны түлхүүр гардууллаа. Таны л ач буян” гэсэн чинь гэнэт царай нь сайхан болоод, баяр хүргэн, тэвэрч үнсэж байсансан. Тэнд байсан хүмүүст “Миний туслах шинэ байрны түлхүүр аваад ирж!” гэсэн чинь хүлээн авалт дээр бүх хүн баяр хүргэж, цэцэг дурсгаад л ямар сайхан байсан гээ. Тэр хүний ач тусыг бол мартахын аргагүй.

-Хамгийн ойрын шадар хүн-танд ингэж тусалдаг байна. Ер нь хүмүүст хэр зэрэг ханддаг байсан бол?

-Жирийн хүмүүст, тэр дундаа хүүхэд, ядарч зовсон хүмүүст асар их тусалдаг байсан. Олон баримт бий. Би тэр дундаас нэг амьд жишээ хэлбэл ойлгомжтой болов уу. Нэг өглөө ажил дээр ирсэн чинь наймдугаар ангийн жаахан хүү хүлээгээд сууж байлаа. Тэр хүү над, ээж нас барчихаад бид хэд аавтайгаа амьдарч байсан юм. Аав минь төмөр замд ажиллаж байгаад таалал төгслөө. Аавыг нас барснаас хойш хамтран эзэмшиж байсан айл маань бид гурвыг хөөж гаргасан. Одоо нэг зуны амбаарт амьдарч байна. Байрны туслалцаа эрж явна гэлээ. Авгайг ирэнгүүт хүүхдийг танилцуулж учир явдлыг хэллээ. Филатов “Хүүхэд ингэж явж болохгүй. Даруй арга хэмжээ авна” гээд, тавдугаар хороололд хэдэн офицер үе үе цуглаж ажил явуулдаг байсан нэг өрөө сууцыг дор нь суллуулж засуулаад гурван хүүхдийг оруулсан. 5000 төгрөг гаргуулж, доторх бүх тавилгыг нь бэлэн болгож байсансан. Төрбат гэж тэр хүү сүүлд манай нэртэй дасгалжуулагч болсон. Одоо сайн сайхан ажиллаж, амьдарч яваа.

-“Филатовагийн цэцэрлэг ясли”, “Фондын цэцэрлэг ясли” гэдэг нэртэй олон арван барилга байгууламж ашиглалтад орж байсан. Нэр нь авгайнх болохоос хөрөнгө нь улсаас гарч байсан юм биш үү?

-Бүгдийг хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байсан. Фондод том хүний нэрээр гадаад, дотоодын асар их хандив тусламж цугларч байлаа шүү дээ. Оросын байгууллагууд бол их хөрөнгө хүч гаргасан даа. Гол нь Филатова авгай яг өөрөө харж байж хийлгэдэг байсан. Та “Найрамдал” зуслангийн олон хөөрхөн модон байшинг санаж байгаа байх. Авгай зам дээр эрээн мод бариад зогсчихсон, тэр банз мод ачсан машинуудыг шалгаж, цаг хугацааг нь тэмдэглэж авдаг байлаа шүү дээ. Муу саарал цуваа өмсчихсөн, надаар шүхэр бариулчихаад зам дээр зогсож байгаа нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.

-Хуримын ордонг бас л тийм замаар бариулсан уу?

-Энэ түүх сонин шүү дээ. Л.И.Брежнев дарга нэг ирэлтээрээ энэ III, IV хорооллыг бэлгэнд өгсөн юм. Орон сууцны асар олон барилга, бүх төрлийн үйлчилгээтэйгээ шүү дээ. Яг тэр үеэр нь Филатова авгай Брежнев даргатай биечилж уулзсан байгаа юм. “Монголын залуучууд хурим найраа хийх тохитой байргүй хэцүү байна. Та энэ бэлгэндээ Хуримын ордон оруулчихгүй юу” гэж гуйсан гэдэг. Л.И.Брежнев дарга жаахан бодолхийлснээ, “болох л юм” гээд одооны энэ хуримын ордонг барьж байгуулсан, Авгай дэргэдээс нь холдолгүй хорин сарын дотор бариулсан гэдэг юм. Тэр их хөдөлмөрийг нь үгүйсгэж болохгүй л дээ.

-Та эндээс яагаад халагдах боллоо?

-Нэг өдөр Хэнтий аймгийн Засаг дарга манай фондод маш гоё гэр бэлэглэлээ. Цэрэндолгор бид хоёрыг очиж бариулаад хүлээж ав гэснийг ёсоор болголоо. Авгай ч гоё гэртэй боллоо гээд их баярлаж байсан. Тэр орой Хэнтийн Засаг дарга болон төлөөлөгчдийг хүндэтгэж цайлах болсон юм. Бас урамшуулал бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн болсон байсан л даа. Энэ өдөр миний хувьд ар гэрийн гачигдал гараад, тэвдэж сандарч явсаар жаахан хожимдчихож. Өрөөндөө хүрээд ирсэн чинь авгай ташаа тулчихсан, учиргүй ууртай угтлаа. Би өөдөөс нь маргаж, зөрж үзээгүй юм л даа. Өдрийнхөө сэтгэлийн хямралд тэгсэн үү, гэнэт дотор бачууран, түлхүүрийг нь гаргаж ширээн дээр чулуудчихаад, хаалгыг нь саван гарч билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ингээд л эргэж очоогүй дээ.

-Авгай араас чинь хөөцөлдөж, элдвээр гоочилсон уу?

-Үгүй дээ. Тэр чинь их цайлган хүн. Тэр оройноо л мартаа байх.

-Дахин уулзалдсан уу?

-Уулзсаан уулзсан. Москвад байхад нь би нэг удаа очиж уулзсан. Хүүхдээ ирсэн юм шиг хөөрөөд л, том том нулимс унагаагаад л ямар өрөвдөлтэй байсан гээ. ГУМ-д оруулж 2000 рублийн хувцас авч өгч бэлэглээд…

-Монголд ирэхэд нь уулзаа л биз дээ?

-Уулзалгүй яахав. 1988 онд ирэхэд нь дарга цэргийн байдлаар биш, эгч дүүгийн байдлаар уулзан нэг сайхан орой гадаа модон сандал дээр хууч хөөрч, өнгөрсөн амьдралын жаргал зовлонгоо дурсацгааж билээ. А.И.Филатова гэдэг чинь цайлган хайлган, нэг л сайхан орос эх юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *